Эдийн засаг
Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд төрийн бүх шатны байгууллагын оролцоо чухал гэв

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ХЗДХЯ, ЦЕГ, Монголбанк, Монголын банкны холбоо хамтран “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгууллаа. Тус хуралд АНУ-ын холбооны мөрдөх товчоо, Канад улсын Хатан хааны морьт цагдаагийн алба, БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар зэрэг гадаад дотоодын 400 гаруй төлөөлөл оролцов.
Хурлын үеэр мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй нийтлэг болон тусгай асуудлуудыг хөндсөн үндсэн таван илтгэлийг хэлэлцүүлсний нэг нь Монголбанкны дэргэдэх Санхүү мэдээллийн албанаас танилцуулсан “Монгол Улсын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоо, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал” сэдэвт илтгэл байв. Тус илтгэлийг Санхүү мэдээллийн албаны дарга Х.Батчулуун танилцуулсан юм. Түүний тавьсан илтгэлд, Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын бүс нутгийн байгууллага болох Ази, Номхон далайн бүсийн байгууллагаас 2016-2017 онд Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд хийсэн 2 дахь удаагийн үнэлгээний үр дүн, цаашид анхаарах асуудлыг авч үзсэн байна.
Энэ тухай дурьдахдаа, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хэрэг бага, тус гэмт хэргийг дангаар нь буюу суурь гэмт хэргээс тусад нь шийдвэрлэх шаардлагатай, мөн гэмт хэрэгт бага дүнтэй, хохирол багатай гэмт хэргийг хамруулж байгаа нь сайн хэдий ч хохирол ихтэй, олон нийтийн анхааралд өртсөн, зохион байгуулалттай гэмт хэргийг хамруулахгүй байвал Монгол Улсын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоо буруу замаар явж байгааг харуулах тул яаралтай засах зэрэг асуудлыг хөндлөө. Тэрээр илтгэлийнхээ дүгнэлт хэсэгт Монгол Улс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чин эрмэлзэлтэй байгаа гэдгээ илэрхийлж харуулахын тулд төрийн бүх шатны байгууллагууд хамтран ажиллаж, нэгдсэн үзэл баримтлал, бодлоготой болох шаардлагатай байгааг онцлоод Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаарлагдах бодит аюул заналхийллээс сэргийлэх, эдийн засгийн гэмт хэргээс хамгаалах, иргэд, ААН-ийн бизнесийн таатай орчинг бүрдүүлэх болно гэсэн юм.
Манай улсад төдийгүй дэлхийн улс орнуудад мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, тус гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын улс дамнасан хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор энэхүү хурлыг зохион байгуулаад байна.

Эдийн засаг
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.
Үүнд:
• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮
• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
-
Нийгэм9 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм10 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм10 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм10 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Улс төр10 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо