Эдийн засаг
Гадаад худалдааны бодлогод анхаарах асуудлууд” хэлэлцүүлгийг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы хэлсэн үг

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан
Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье!
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Монголын гадаад худалдааны гол зохицуулагч, оролцогч байгууллагуудын төлөөлөл, эрхэм зочид, төлөөлөгч Та бүхэндээ талархлаа илэрхийлье!
Монголбанкнаас эдийн засгийн бодлогын асуудлыг хөндсөн хурал, хэлэлцүүлгийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын мэргэжилтэн, эрдэмтэд, судлаачдыг хамруулан өргөн хүрээд тогтмол зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн ээлжит хэлэлцүүлэг нь манай улсын гадаад худалдааны бодлого, түүнд тулгарч буй саад бэрхшээл, анхаарах асуудлын талаар хамтдаа нэгдсэн ойлголтод хүрч, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын чиглэл, үндэс суурийг тодорхойлоход оршиж байна.
Дэлхийн хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнууд гадаад худалдааны орлого, түүний үр өгөөжид тулгуурлан эдийн засгаа хөгжүүлэх, тэлэх шаардлага зайлшгүй тулгарч байна. Учир нь өнөөгийн даяарчлагдсан нийгэмд улс орнуудын эдийн засаг, хөгжилд олон улсын худалдаа, хамтын ажиллагаа их хэмжээгээр нөлөөлж байна. Тухайлбал экспортын орлого нь тухайн улсын эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлт, валютын ханшийн тогтвортой байдал болон гадаад өрийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Түүнчлэн Монгол улс хангалттай хэмжээний гадаад валютын нөөц бүрдүүлэх нь эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолын санхүүгийн баталгаа тул валютынхаа нөөцийг байнга нэмэгдүүлэх бодлого баримтлах учиртай. Хэдийгээр гадаад валютын нөөц нэмэгдэж 3 тэрбум ам.доллар буюу импортын 6 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн хэдий ч, түүний хүрэлцээт түвшинг нэмэгдүүлэх бодлого чухал хэвээр байна. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх нь бодлогын асуудал бөгөөд Монголбанк дангаар хийж хүч хүрэх ажил биш юм. Гадаад валютын нөөцийг дорвитой нэмэгдүүлэхдээ гадаад өрөөр бус, төлбөрийн тэнцлийн урсгал дансны ашгаар нэмэгдүүлэх нь илүү үр дүнтэй. Үүнд гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого чухал үүрэгтэй. Монголчууд бид худалдаа, арилжаагаар амьжиргаагаа зохицуулан амьдарч байгаа атлаа тодорхой үр дүнд хүрсэн гадаад худалдааны цогц бодлогогүй, энэ асуудлыг дангаар хариуцсан яамгүй явж ирлээ. Ялангуяа дэлхийд “худалдааны маргаан”, худалдааны дайн эхэлж буй энэ цаг үед ингэж амирлангуй сууж таарахгүй. Мөн Дэлхийн Худалдааны Байгууллагатай сүүлийн жилүүдэд харилцаа хэрэг дээрээ зогсонги байдалд оров.
Иймээс Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид та бүхнээс Монгол улсын гадаад худалдааны бодлогын асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөний талаар эрдэм, оюунаа чилээн, мэдлэг, туршлагаа хуваалцан, хувь нэмрээ оруулахыг хүсч байна.
Та бүхэнд баярлалаа!

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Нийгэм6 цаг өмнө
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ
-
Нийгэм9 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм7 цаг өмнө
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав
-
Нийгэм7 цаг өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа
-
Нийгэм7 цаг өмнө
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ
-
Улс төр8 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв
-
Улс төр6 цаг өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа