Эдийн засаг
Г.Намуун: Монголбанк 2318 зээлдэгчид 160 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн ахлах эдийн засагч Г.Намуунтай ипотекийн зээлийн хөтөлбөрийн талаар олон нийтээс тавьсан асуултуудтай холбоотойгоор ярилцлага хийлээ.
Ипотекийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө үү.
Монголбанк, Засгийн газраас 2018 оны эхний 10 сарын байдлаар нийт 237 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтэд зориулан банкуудад олгоод байна. Энэ нь Монголбанкны эх үүсвэрээс 2,318 зээлдэгчид нийт 160 тэрбум төгрөгийн санхүүжилт, Засгийн газрын эх үүсвэрээс 1,260 зээлдэгчид нийт 77 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, нийт 3,600 орчим зээлдэгчийн асуудлыг шийдвэрлэсэн.
Засгийн газрын 3 дугаар улиралд олгох 30 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зөвхөн орон нутагт шийдвэрлэсэн зээлд олгохоор банкуудад эх үүсвэрийг хуваарилаад байна.
Иргэд банкуудад зээлийн хүсэлт өгөхөөр санхүүжилт олгогдохгүй байгаа, хүсэлт хүлээж авах боломжгүй гэдэг. Харин танайхаас тогтмол санхүүжилт хийж байгаа талаар мэдээлэл өгч байна. Тиймээс иргэдийн дунд ипотекийн зээлийн олголт журмын дагуу олгогдож байгаа эсэхэд эргэлзээ их байна. Иймд банкуудын ипотекийн зээл олгох явцыг Монголбанк хэрхэн хянадаг тухай мэдээлэл өгнө үү?
Монголбанкны Хяналт шалгалтын газар нь банкуудыг хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй эсэхийг тогтмол хянадаг. “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын дагуу зээл авах иргэн болон худалдан авах орон сууцанд шалгуур үзүүлэлт тогтоосон байдаг. Монголбанкны Хяналт, шалгалтын газраас банкууд хөтөлбөрийн хүрээнд олгосон санхүүжилтийг журмын шаардлага хангасан иргэдэд дамжуулан зээлдүүлж буй эсэх, санхүүжилтийг зориулалтын дагуу ашиглаж буй эсэхийг тогтмол хянаж, шалгадаг. Шалгуур үзүүлэлт тогтоодог нь аль болох зээлдэгчээ санхүүгийн хүндрэлд оруулахгүйгээр зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьдогтой холбоотой.
Нөгөөтээгүүр, банкууд хадгаламж эзэмшигчдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд зээлийн эрсдэлээ бага байлгахыг зорьдог. Иймд банкууд шаардлага хангасан буюу авсан зээлээ эргүүлэн төлөх чадвартай харилцагчдад ипотекийн зээлийг олгох үүрэгтэй юм.
Банкууд иргэдэд ипотекийн зээл өгөхдөө өөрийн зээл олгосон барилгын компаниудаас санал болгож байна гэсэн гомдлыг иргэд байнга тавьж байна. Энэ нь зөрчил мөн үү?
Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд заасан зээлдэгч болон зээлээр худалдан авах орон сууцанд тавьж буй шалгуур дээр үндэслэн иргэн банктай орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулдаг. Улмаар Монголбанк банкуудын дотоод үйл ажиллагаанд оролцож, аль нэг барилгын компани юм уу, иргэнд зээл олгох чиглэл өгөх эрхгүй. Энэ нь тухайн банкны эрсдэл болон хөрөнгийн удирдлагатай нягт холбоотой асуудал тул уг санхүүжилтийг хэрхэн хуваарилах нь банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал юм. Монголбанкны хувьд зээлдэгчид тавих шаардлага болон худалдан авах орон сууцны нийтлэг шаардлагыг журмаар зохицуулж, тус заалтыг хангасан эсэхийг шалгах эрхтэй.
Иргэд орон сууцны ипотекийн зээлийн олголтыг ил тод болгох талаар шаардаад байна, энэ нь боломжтой юу?
Эхлээд хуулийн хүрээнд боломжтой юу гэдэг талаас нь харах хэрэгтэй. Тиймээс ипотекийн зээл авсан иргэний мэдээллийг ил тод болгох асуудал яригдаж байгаа тохиолдолд энэ нь хууль эрх зүйн хувьд боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэг талаас иргэний мэдээллийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр олон нийтэд мэдээлэх нь “Хувь хүний нууц”-ын тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг, нөгөө талаас энэ хуулийн хүрээнд банкууд харилцагчийн мэдээллийг нууцлах зохицуулалттай тул боломжгүй шүү дээ. Харин хөтөлбөрийн хүрээнд Монголбанк болон Засгийн газраас банкуудад олгож буй санхүүжилтийг ил тод нээлттэй болгох асуудлыг ярьж байгаа бол энэ нь угаасаа нээлттэй мэдээлэл. Монголбанк сар бүр өөрийн эх үүсвэрээс олгосон санхүүжилтийн хэмжээ болон Засгийн газраас улирал бүр олгож буй хэмжээг тухай бүр цахим хуудсаараа дамжуулан нээлттэй мэдээлдэг.
Ярилцсанд баярлалаа.

Эдийн засаг
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг өнөөдрөөс олгож эхэллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэнд 121,500 төгрөг тараасан. Үүний дараа цагаан сарын баярын өмнө 100,006 төгрөгийн ногдол ашиг олгосон билээ.
Иргэн та Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаатай бол татварын дараах дүнгээр 93.5 мянга орчим төгрөг авна. Хэрэв та 750 ширхэг хувьцаатай бол 75 мянган төгрөгөөс татвар суутгаад 69 мянган төгрөг авах юм байна.
Эдийн засаг
Экспортын орлого 237 сая доллар болж өмнөх долоо хоногоос 9 хувиар өсөв

Экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийн IV хурал боллоо. Сангийн яамны Санхүү төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо Монгол Улсын экспорт, импорт, гадаад валютын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
Тэрээр, Монгол Улсын экспортын орлого өмнөх 7 хоногтой харьцуулахад 237 сая ам.доллараар буюу 9 хувиар өссөн. Үүнд: зэсийн баяжмалын экспорт 26 хувиар, төмрийн хүдрийн экспорт 4 хувиар өссөн нь нөлөөлсөн бол гадаад валютын нөөц өнөөдрийн байдлаар 5.0 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн 7 хоногийн түвшинд хэвээр хадгалагдаж байна гэв.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Засгийн газраас төрийн өмчийн уул уурхай компаниудад өгсөн чиглэлийн дагуу хэрхэн ажиллаж байгаа талаар танилцуулсан юм.
Тухайлбал, экспортоо 442.5 сая ам.доллароор нэмэгдүүлж, 137.2 ам.долларын өртөг бүхий зарим томоохон хөрөнгө оруулалтаа хойшлуулах байдлаар 580 сая ам.доллар бүрдүүлэхэд анхаарч байна.
Түүнээс гадна төслийн хөрөнгө оруулалт татах чиглэлд 220 сая ам.доллар, “Ногоон зээл” урьдчилгаа төлбөрийн санхүүжилт татах хүрээнд 200 сая ам.доллар зэрэг нийтдээ валютын нөөцийг 1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна хэмээн танилцуулав.
Хуралдаанаар агууламж багатай нүүрс, төмрийн хүдрийг биржээр арилжаалах боломжийг судлах, орон нутгийн чанартай автозамаар тээвэр хийх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Ажлын хэсгийн хурлыг Сангийн сайд Б. Жавхлан даргалж, Сангийн яамын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С. Наранцогт, ГЕГ-ын дарга Р. Отгонжаргал, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х. Мөнхжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Арилжаанд 5 оролцогч оролцож 94.3 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 128 удаагийн арилжаагаар 2.88 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.5 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна.
Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорж байна. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.
-
Дэлхий дахинд18 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг22 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм23 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм24 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр24 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Нийгэм23 цаг өмнө
Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүүлнэ
-
Улс төр22 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм22 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ