Нийгэм
О.Цэрэннадмид: Н.Цэрэнбат сайддаа баярлалаа, бүү шантраарай

УИХ-ын чуулганаар Ноён уул орчмыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэж дэмжсэнтэй холбогдуулан 11 жил тэмцэж буй “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмидтай холбогдож сэтгэгдлийг нь сонссон юм.
-Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаанаар түүхэн шийдвэр гаргаж, Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ. Таны сэтгэгдлийг сонсох гэж холбогдлоо?
-Үнэхээр сэтгэл хангалуун байна. “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн маань бөөндөө сууж УИХ-ын чуулганы хуралдааныг үзсэн. Энэ асуудлыг анхнаас нь судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж дэмжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй БОАЖЯ-ныхандаа юуны өмнө баяр хүргэж, талархлаа илэрхийлж байна.
Бидний Ноён уулаа аврах гэсэн 11 жилийн тэмцэл У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үед үр дүнгээ үзүүлж, Ноён уул маань аврагдсанд манай хөдөлгөөнийхөн төдийгүй Монголын ард түмний сэтгэл амарч байгаа гэдэгт итгэлтэй байна. Н.Цэрэнбат сайдыг зарим гишүүн Арбитрын шүүхээр айлгаж байх шиг харагдсан. Бүү шантраарай л гэж захиж байна, баярлалаа.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.