Улс төр
УИХ-ын найм дахь сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы тов тогтоосны дагуу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн Улсын Их Их Хурлын Анхдугаар чуулган өнөөдөр (2020.06.30) 12 цаг 50 минутад Төрийн ордны “Их Хуралдай” танхимд нээлтээ хийлээ.
Анхдугаар чуулганд Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулиар сонгогчдын итгэл хүлээж Улсын Их Хурлын гишүүнээр шинээр сонгогдсон 75 гишүүн хүрэлцэн ирж, чуулганы нэгдсэн хуралдааны танхимд суудлаа эзэлсэн байв. Энэ удаагийн сонгуулиар МАН 62, АН 11, “Та бидний эвсэл”-ээс 1, “Зөв хүн электорат” эвслээс 1, бие даан нэр дэвшигч 1 гишүүн сонгогчдын олонхын санал авч ялалт байгуулсан тул тэдэнд Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр гишүүний үнэмлэх олгосон юм.
Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нээж үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ, улс орны өмнө эдийн засаг, нийгмийн асар олон бэрхшээл тулгарч, шийдлээ хүлээж байгаа, цаг алдалгүй шуурхай, үр дүнтэй ажиллах, зөвхөн зөв шийдвэр гаргах ёстой хариуцлагатай цаг үед Та бүхэн хууль тогтоогч боллоо. Төрийн дээд эрх мэдэл Та бүхэнд шилжлээ. Та бүхэн нэгэнт ард олны итгэлийг авсан тул хариуцлагатай, ёс зүйтэйгээр олны итгэлийг дааж, иргэдийнхээ боломжийг хулгайлах, урдуур нь орж өөртөө ашиглах бус иргэддээ үйлчлэх, тэдэнд илүү их боломжийг гаргахын төлөө ажиллах ёстойг онцлов.
УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 62 суудал авч олонхыг бүрдүүлж байгаа МАН-аас сонгогдсон гишүүд өнгөрсөн 4 жил, ирэх дөрвөн жил, нийтдээ 8 жил засаглаж, асар их хариуцлага, үүрэг хүлээж байгааг сануулахын зэрэгцээ Та бүхэнд одоо шалтаг тоочих, өмнөх эрх баригчид руугаа бүх бурууг чихэх, хариуцлагаас зайлсхийх эрх байхгүй боллоо. Бүх зүйлд Та бүхэн хариуцлага, үүрэг боллоо. Асуудлаас тойрох, шийдлээс бултах ямар ч арга байхгүй. Олонх болсондоо эрдэлгүй, хүчээр түрэлгүй цөөнхийнхөө саналыг хүндэтгэж, хамгийн гол нь дэлхий дахинд болон улс орны өмнө нүүрлэн ирсэн эдийн засгийн хямрал, хүндрэлийг даван туулах, ард иргэдийн амьжиргааг доройтуулалгүй, ажлын байрыг нь хадгалж үлдэх оновчтой шийдлүүд, шийдвэрийг гаргахыг Та бүхнээс сонгогчид хүсэж, итгэлээ хүлээлгэснийг битгий мартаарай хэмээн захиж байлаа.
УИХ-ын гишүүд хууль санаачлах, гүйцэтгэх засаглалд парламентын хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтээ илүү төвлөрөх нөхцөлийг хангах чиглэлээр холбогдох хуулиудаа өөрчлөх шаардлага мөн тулгарч байна. Өмнөх парламентын гишүүд төсөв мөнгөний асуудалд гүнзгий хутгалдаж, элдэв сангийн мөнгийг өөрсдөдөө хуваарилж байсан гажуудлыг арилгах, гишүүдийг төсөв, мөнгөнөөс хол байлгахад чиглэсэн хуулийн хязгаарлалтуудыг Та бүхэн хийх ёстой гэдгийг анхааруулав.
Мөн тэрбээр, Та бүхний өмнө улс орны эдийг засгийг өөд татах, иргэдийн амьжиргааг дордуулахгүйгээр хямралаас авч гарах түүхэн үүрэг тулгарч байна. Хүнд цаг үе бүхэнд ард түмэн өөрсдийн итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй хүмүүсийг сонгож дэвшүүлж, шийдвэр гаргах эрхийг олгодог. Та бүхэн иргэдийнхээ итгэлийг эвдэлгүй, иргэдийнхээ өмнүүр орж өөрсдөдөө боломж эрэлхийлэлгүй үнэнчээр ажиллана гэдэгт найдаж байна. Асар их ажил, хүнд зорилтууд, зоригтой шийдлүүд Та бүхнийг хүлээж байна гээд Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг нээснийг мэдэгдэхэд хөгжимд Төрийн дуулал эгшиглэж, шинээр сонгогдсон гишүүд босч хүндэтгэлээ.
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу насаар хамгийн ахмад гишүүн Х.Баделхан анхдугаар чуулганыг даргалав.
Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай илтгэл тавилаа.
Тэрбээр илтгэлдээ, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор зохион байгууллаа. Энэ удаагийн сонгуулийг улсын хэмжээнд сонгуулийн төв байгууллага, нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, сум, дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийн технологийн 27 баг зохион байгуулж, тэдгээрт нийт 35772 төрийн албан хаагчид ажилласныг онцлов.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (Ковид-19)-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг мөрдүүлж, хэрэгжилтийг нь хангах талаар Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж, энэхүү журмыг нам, эвсэл, нэр дэвшигчдэд хүргүүлж, зөвлөмж, чиглэл өгч ажилласны зэрэгцээ өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд сонгуульд хэрхэн оролцох, саналаа хэрхэн өгөхийг тайлбарлан таниулах сурталчилгааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол явуулж, сонгуулийн хуулийн талаар цуврал нэвтрүүлэг хийж, сонгогчдод хүргэснийг дурдсан.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль нь хэдийгээр өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд явагдсан ч гадаад орны хэвлэл, мэдээллийн 11 байгууллагын 14 сурвалжлагч, Монгол Улсын хэвлэл, мэдээллийн 72 байгууллагын 380 сурвалжлагч, хэвлэл мэдээллийн ажилтнууд сурвалжилж мэдээллийг цаг тухайд нь шуурхай дамжуулж ажиллалаа. АНУ, Австрали, Япон, Англи, Энэтхэг Улсын ажиглагчид болон сонгуульд оролцож буй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдээс томилогдсон 100 гаруй мянган ажиглагч хэсгийн хороонд бүртгүүлэн, санал авах байруудад ажиглалт хийснийг Ч.Содномцэрэн дарга илтгэлдээ онцоллоо.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн 13 нам, 4 эвслийг бүртгэж батламж олгосон. УИХ-ын сонгуульд нийт 606 хүнийг бүртгэж нэр дэвшигчийн үнэмлэх олгосноос 19.9 хувь нь буюу 121 нь бие даан нэр дэвшигч, 24.9 хувь нь буюу 151 нь эмэгтэй нэр дэвшигч байна. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 2 сая 3 мянга 969 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 780 нь буюу сонгогчдын 73.6 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн нь 2000 оноос хойш явагдсан сонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй сонгууль болсон гэдгийг онцоллоо.
Сонгуулийн дүнгээр МАН 62, АН 11, “Та бидний эвсэл”-ээс (МАХН-ИЗНН-МҮАН) 1, “Зөв хүн электорат” эвслээс 1, бие даан нэр дэвшигч 1 хүн тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо. Улсын Их Хурлын гишүүдийн 38 нь анх удаа сонгогдсон, 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэй, хамгийн ахмад нь 66 настай, хамгийн залуу нь 33 настай байна. Нийт гишүүдийн 14 нь буюу 18.42 хувь нь хуульч, эрх зүйч, 21 нь буюу 27.63 хувь нь эдийн засагч, 12 нь буюу 15.79 хувь нь инженер, агрономич, 14 нь буюу 18.42 хувь нь улс төр, нийгмийн ухаан, урлаг, утга зохиолын, 9 нь буюу 11.84 хувь нь эмч, багш, 6 нь буюу 7.89 хувь нь бусад мэргэжлийн хүн байгааг илтгэлдээ дурдаад Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх авсан 76 гишүүнийг тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо үзэж буйг илэрхийлэв.
Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэлтэй холбогдуулан шинээр сонгогдсон гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авсан юм. Ингээд шинээр сонгогдсон гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа эхэлж, хуралдаан даргалагч Х.Баделхан Улсын Их Хурлын гишүүдийн нэрсийг цагаан толгойн үсгийн дарааллаар нь дуудахад гишүүд тангараг өргөж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэн адис авч, тангарагийн хуудсанд гарын үсэг зурж, энгэрийн тэмдгээ гардаж авлаа.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталснаар Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөж, үдээс хойших чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр тогтлоо.
Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ.
Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэнэ.
Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санхүүгийн механизм юм.
Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр гаргаж буй санхүүжилт жил бүр нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрээд байна.
Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулах, чанартай боловсрол, сайн засаглал бий болгох замаар ногоон, хүртээмжтэй нийгмийн хөгжилд хүрэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилт тавьсан.
Үүнд нийт 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үүний 6.3 тэрбумыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, 5.2 тэрбумыг дасан зохицох арга хэмжээнд зарцуулна.
Энэ хүрээнд улсын төсвөөс гадна олон улс, хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөр, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Дотоодын банк бус санхүүгийн байгууллага болон арилжааны банкууд гэхэд л 2030 он гэхэд нийт зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгодог болохыг зорьж байгаа юм.
Форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ногоон санхүүжилтийн форум”-д оролцож буй байгаль орчин, ногоон хөгжлийн манлайлагч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Энэ удаагийн форумыг “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд хамтран ажиллаж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, түүн дотроо Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагуудын хамт олонд талархал илэрхийлье.
Азербайжан Улсын Баку хотод болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалтад дэлхийн удирдагчид оролцож, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтийн талаарх байр сууриа илэрхийлж, ногоон хөгжлийн бодлого, зорилт, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцууллаа.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөв, хөрөнгө, санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэхэд голлон анхаарсан дээрх уулзалтын дараа болж буй өнөөдрийн форумаар Монгол Улс ногоон хөгжлийн санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр Та бид хуран цуглаад байна.
Дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, 2024 он бол 1850 оноос хойш дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдөр, хамгийн халуун сар, хамгийн халуун жил болон тэмдэглэгдэхээр байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтнийг урьд өмнөхөөс илүү цочроож, айдаст автуулж байгааг онцлон тэмдэглэсэн.
Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.
Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг бид хэзээ ч мартаж болохгүй.
Тиймээс эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.
Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас эдгээр улс орон Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байгааг Та бүхэн мэднэ.
Тийм учраас НҮБ-ын 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид хөгжилтэй орнуудаас бага, дунд орлоготой хөгжиж буй орнууд руу чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийн хэмжээгээ жил бүр 100 тэрбум ам.доллар байсныг 2035 он хүртэл жил бүр 300 тэрбум ам.доллар болгон гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцоод байна.
Монгол Улс дээрх бага хурлын үеэр “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэлхий улс орнуудад гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Энэ санаачилга дэмжигдэн батлагдвал уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг билээ.
Өнгөрсөн өвөл, хаврын зудын нөхцөл байдлаас шалтгаалж мал сүргийн 10 гаруй хувь буюу 8.1 сая мал хорогдож, мал аж ахуйгаар амьдралаа залгуулж ирсэн монголчууд бидэнд хүндээр туслаа.
Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд онцгой анхаарч, шийдэмгий арга хэмжээ авч, нийгмийн бүх бүлэг илүү нягт хамтран ажиллахыг цаг үе биднээс шаардах боллоо.
Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилт, үүрэг, амлалтыг олон улсын өмнө хүлээсэн.
Дээрх үүрэг, амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд манай улсад ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн мэргэжлийн үнэлгээ байдаг.
Иймээс байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэхэд хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ улам эрчимжүүлэх шаардлагатай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, улс орон даяар хэрэгжүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, ногоон хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Энэ хүрээнд ирэх оны зургаадугаар сард “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги-Мүн” сан болон АНУ-ын Стэнфордын их сургуультай хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэрбум, тэрбум мод – Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” уриан дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Мөн Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр байгаль хамгааллын салбарт санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бий болгох зорилгоор “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, “Монголын байгалийн өв сан” итгэлцлийн сан байгуулан, олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 70 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж төвлөрүүлээд байна.
Энэ бол чамлахааргүй төсөв, хөрөнгө бөгөөд үүнийг үр дүнтэй, хүртээмжтэй ашиглах нь чухал байна.
Түүнчлэн Герман Улсын “Өвлөгдөн үлдэх газар нутаг” сангийн дэмжлэгтэй, 15 сая ам.долларын санхүүжилт бүхий “Цэнхэр тэнгэрийн орон – Онон Балжийн байгалийн цогцолбор газар” төсөл хэрэгжиж эхлээд байна.
Эдгээр төсөл, хөтөлбөр нь биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.
Үүний зэрэгцээ Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалт, ногоон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр улам идэвхтэй ажиллах шаардлагатай байна.
Цөөнгүй ололт, амжилт, үр дүн гарч байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээрх бодлого, үйл ажиллагаагаа улам сайжруулах нь зүйтэй юм.
Тиймээс энэ удаагийн форум нь Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх талаар туршлагаа хуваалцах, бодлого, арга хэмжээгээ уялдуулахад чиглэж байна.
Юуны өмнө манай улсын хувьд ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд нийгмийн бүх бүлгүүдийн хоорондын бодлого зорилт, мэдээ мэдээлэл, хамтын ажиллагаа зэрэг олон асуудал дээр нэг зүгт, нэг цонхоор харах үүднээс үндэсний зөвшилцөл бий болгох нь нэн чухал байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг яам, ганц нэг байгууллагын ажил биш юм.
Энэ бүх яам, институт, ард иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага зэрэг нийгмийн бүх бүлгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, үүрэг, хариуцлага гэдгийг төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна.
Сүүлийн жилүүдэд манай хувийн хэвшил түүн дотроо банк, санхүүгийн байгууллагууд ногоон хөгжлийг эрчимжүүлэх, ногоон санхүүжилтийг татах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.
Одоо гагцхүү төрийн зүгээс шаардлагатай дэд бүтэц, эрх зүйн орчин, тодорхой бодлого, зорилтоо олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлан таниулах, хурдан шуурхай дэмжин ажиллах нь чухал байна.
Тухайлбал, хүлэмжийн хийг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбар бүрийн хувьд тодорхой тооцоо үндэслэлтэй, шинжлэх ухаанч тоон болон чанарын зорилтуудыг нарийн боловсруулж ард иргэд, баялаг бүтээгчдэд сайтар ойлгуулан таниулах шаардлагатай байна.
Нэн ялангуяа хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг салбарын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нарийвчилсан бодлого, зорилтоо олон нийтэд танилцуулах нь зүйтэй.
Энэ хүрээнд ард иргэд, төр, хувийн хэвшил хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, шаардлагатай зохицуулалт, эрх зүйн шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй.
Үүний зэрэгцээ ногоон, тогтвортой санхүүжилтийн зарчим, дэд бүтэц, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, мөн нүүрстөрөгчийн татвар, нүүрстөрөгчийн зах зээлийг оновчтой ашиглах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төрийн зүгээс онцгой анхаарч, хурдтай ажиллах шаардлагатай байна.
Дээр дурдсан олон тулгамдсан асуудлуудын талаар өнөөдрийн энэхүү форумаар Та бүхэн илэн далангүй ярилцаж, ажил хэрэгч санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Хүн төрөлхтний сайн сайхан амьдралыг тэтгэх эх ундарга нь цэвэр агаар, цэнгэг ус, ариун дагшин хөрс шороо билээ.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.
Тиймээс эх дэлхийгээ хамгаалахад хүн төрөлхтөн цаг хугацаа алдах эрхгүй.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол сонголт биш, харин хүн төрөлхтний эх дэлхийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм.
Байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилт бол ямар нэгэн тусламж биш, энэ бол үр хойчдоо Та бидний хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.
Тиймээс ногоон хөгжлийн төлөө монголчууд бид нэг зүг харж, нэгдмэл санаа бодолтой хамтран ажиллаж, үр дүнтэй, зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлцгээе.
Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.
Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Улс төр
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
-
Нийгэм12 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр9 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Нийгэм13 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Улс төр7 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Дэлхий дахинд11 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм10 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Нийгэм10 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав