Улс төр
Дэд сайд нарын ХОМ: М.Баярмагнай ₮2.5 тэрбумын орон сууцтай бол Г.Ганбаяр ₮450 саяын хадгаламжтай
Ерөнхий сайд У.Хүрэлсүх наадмын өмнө танхимаа бүрдүүлж, сайд нараа томилон Гадаад харилцааны дэд сайдаар Ц.Мөнхжинг томилсон. Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт үлдсэн 13 яамны дэд сайд нарыг томилов.
ЕРӨНХИЙ САЙДЫН 4 ЗӨВЛӨХ ДЭД САЙД БОЛОВ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд нарын томилгоог хийхдээ өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан дөрвөн хүнийг дэд сайдаар томилжээ. Тодруулбал,
- Батлан хамгаалахын дэд сайд болсон Б.Баярмагнай 2020 оноос МАН-ын даргын зөвлөхөөр
- Гадаад харилцааны дэд сайд Ц.Мөнхжин 2017 оны 10 дугаар сараас одоог хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
- Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо 2018 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
- Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ 2018 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгааг танилцуулгад нь дурдсан байна.
Мөн 2016 оны 8 дугаар сараас 2020 оны 7 дугаар сар хүртэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайдаар ажиллаж байсан С.Мөнгөнчимэгийг дахин дэд сайдаар томилов. Ингэхдээ салбарыг нь сольж, Сангийн дэд сайд болгосон. Улиран томилогдсон бас нэг эрхэм бол Г.Ганбаяр. Тэрбээр 2018 оноос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар ажилласан бөгөөд одоо Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар ажиллахаар болж байна. Шинээр томилогдсон дэд сайд нарын товч намтрыг ЭНД дарж үзнэ үү.
ХАМГИЙН ӨНДӨР ХАДГАЛАМЖТАЙ НЬ Г.ГАНБАЯР ₮450 САЯ, ХАМГИЙН ИХ ЗЭЭЛТЭЙ НЬ М.БАТБАЯР ₮1.3 ТЭРБУМ
14 дэд сайдын 8 нь Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогоо мэдүүлдэг. Дэд сайдаар ажиллаж байсан хоёр, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Говьсүмбэр аймгийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч тэргүүтэй найман дэд сайдын 2019 оны ХОМ-ыг хүргэж байна.
Дэд сайд Ц.Мөнхжин 135 сая төгрөгийн орон сууц, гражтай, 56 сая төгрөгийн зээлтэй
2008 онд Гадаад харилцааны яаманд мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлсэн Ц.Мөнхжин төрийн албанд нийт 13 жил ажилласан. Түүний хувьд 135 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууц, 1 гражтай бөгөөд RX 350 автомашиныхаа үнэлгээг ХОМ-тээ бөглөөгүй байна.
- Өөрийн орлого: 26,807,280 төгрөг
- Гэр бүлийн орлого: 6,000,000 төгрөг
- Орон сууц, барилга байгууламж: 135,000,000 төгрөгийн 1 орон сууц, 1 граж
- Тээврийн хэрэгсэл: Lexus, RX 350- 1
- Хадгаламж: 40,430 төгрөг
- Зээл: 56,000,000 төгрөг
- Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Жьюнь Бьюти ХХК 100%
ЦЕГ-ын даргаас дэд сайд болсон С.Баатаржав 470 сая төгрөгийн 2 орон сууцтай
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Бригадын генерал С.Баатаржав 1990 онд Төв аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар ажлын гараагаа эхэлсэн. Улсад 28 жил ажиллаж буй түүний хувьд 470 сая төгрөгийн 2 орон сууц, 80 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, автомашингүй. Түүний ХОМ-т Эрдэнэс таван толгой ХК-ийн 3216ш хувьцаанаас өөр компани, нөхөрлөлд оруулсан хөрөнгө оруулалт байхгүй гэжээ.
- Өөрийн орлого: 44,470,880 төгрөг
- Гэр бүлийн орлого: 15,199,750 төгрөг
- Орон сууц барилга, байгууламж: 470,800,000 төгрөгийн 2 орон сууцтай
- Тээврийн хэрэгсэл: Байхгүй
- Мал аж ахуй: Байхгүй
- Газар: 29,000,000 төгрөг
- Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 80,000,000
- Хадгаламж: 14,971,070 төгрөг
- Зээл: 64,000,000
- Компани, нөхөрлөл, хоршоонд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулалт: Эрдэнэс таван толгой ХК-ийн 3216ш хувьцаа
Дэд сайд С.Мөнгөнчимэг 42 төгрөгийн тээврийн хэрэгсэл, 65 сая төгрөгийн малтай
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайдаас Сангийн дэд сайд болон өөрчлөгдсөн С.Мөнгөнчимэг 2002 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ-д улс төрийн ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн. УИХ-ын гишүүний туслах, зөвлөх, МИАТ ТӨХК-д төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга хийж байсан тэрбээр 200 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, 65 сая төгрөгийн мал аж ахуй, 51 сая төгрөгийн хадгаламжтай.
- Өөрийн орлого: 24,335,820 төгрөг
- Гэр бүлийн орлого: 70761.42
- Орон сууц, барилга байгууламж: 200,000,000 төгрөг
- Тээврийн хэрэгсэл: 42,000,000 төгрөгийн Volkswagen, Touareg- 1
- Мал аж ахуй: 65,000,000 төгрөгийн Адуу-36, Үхэр-13, Хонь-62, Ямаа-50
- Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 15,000,000 төгрөг
- Хадгаламж: 51,504,740 төгрөг
- Зээл: 18,500,000 төгрөг
- Компани, нөхөрлөл, хоршоонд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулалт: Эрдэнэс Таван толгой ХК-ийн 3216ш хувьцаа
Г.Ганбаяр ХОМ бөглөсөн дэд сайд нараас хамгийн өндөр үнэлгээтэй орон сууцтай, хамгийн өндөр хадгаламжтай
Буйран дээрээ үлдсэн БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр орон сууцны үнэлгээгээр ХОМ-ээ өгсөн дэд сайд нараас толгой цохиж байна. Тэрбээр 775 сая төгрөгийн 2 орон сууц, 140 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл, 30 сая төгрөгтэй тэнцэх мал, 450 сая төгрөгийн хадгаламжтай. Харин компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт байхгүй. Ажилласан байдлыг нь авч үзвэл 2001 онд УИХ-ын Тамгын газарт хэвлэл мэдээллийн ажилтан, ТВ5 телевизэд ерөнхий менежер, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хэлтсийн дарга, НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын УЗ-д хэвлэл мэдээлэл, улс төрийн мэргэжилтэн, газрын даргаар ажиллаж байжээ.
- Өөрийн орлого: 93,751,470 төгрөг
- Гэр бүлийн орлого: Байхгүй
- Орон сууц, барилга байгууламж: 775,000,000 төгрөгийн 2 орон сууцтай
- Тээврийн хэрэгсэл: 140,000,000 төгрөгийн Toyota, Land Cruiser 200- 1
- Мал аж ахуй: 30,000,000 төгрөгийн 36 үхэртэй
- Газар: 1,000,000 төгрөг
- Үнэт эдлэл: Байхгүй
- Хадгаламж: 450,000,000 төгрөг
- Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Байхгүй
Соёлын дэд сайд М.Батбаяр 454 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай
Шинээр байгуулсан Соёлын яаманд дэд сайдаар ажиллах болсон М.Батбаяр 2019 оноос одоог хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирлаар ажиллаж буй. Архиктор мэргэжлээрээ улсад, хувийн хэвшилд удирдах түвшний ажил эрхэлж байсан тэрбээр 454 сая төгрөгийн 1 орон сууц, 1 зуслангийн байшин, 1 үйлчилгээний зориулалттай барилгатай. 70 саяар үнэлэгдэх тээврийн хэрэгсэл, 65 сая төгрөгийн малтай.
- Өөрийн орлого: 28,464,820 төгрөг
- Гэр бүлийн орлого: 31,657,300 төгрөг
- Орон сууц, барилга байгууламж: 454,000,000 төгрөгийн 1 орон сууц , 1 зуслангийн байшин, 1 үйлчилгээний зориулалттай барилга
- Тээврийн хэрэгсэл: 70,000,000 төгрөгийн Lexus, RX 350- 1
- Мал аж ахуй: 64,000,000 төгрөгийн Адуу-70, Үхэр-40, Хонь-100, Хурдан удмын адуу-3
- Газар: 11,500,000 төгрөг
- Үнэт эдлэл: 35,000,000 төгрөг
- Хадгаламж: 4,501,200 төгрөг
- Авлага: 50,000,000 төгрөг
- Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Таван толгой ХХК-ийн 4288ш хувьцаа, 10 хувь
Говьсүмбэр аймгийн Засаг даргаас ХХААХҮ-ийн дэд сайд болсон Г.Батсуурь 316 сая төгрөгийн малтай
2016 оноос хойш Говьсүмбэр аймгийн Засаг даргаар ажилласан Г.Батсуурь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд болсон. 1996 онд Говьсүмбэр аймагт Нефть хангамжийн газарт техникийн хэлтсийн засварчингаар ажлын гараагаа эхэлж, аймгийн Засаг дарга хүртлээ дэвшсэн М.Батсуурь 692 сая төгрөгийн 4 орон сууц, 2граж, 2 өвөлжөөтэй. 316 сая төгрөгийн малтай тэрбээр хадгаламжиндаа 171 сая төгрөгтэй.
- Өөрийн орлого: 72,911,080 төгрөг
- Гэр бүлийн орлого: 29,500,000 төгрөг
- Орон сууц, барилга байгууламж: 692,750,000 төгрөгийн 4 орон сууц, 2 граж, 2 өвөлжөө, хаваржаа, хүлэмж гэх мэт…
- Тээврийн хэрэгсэл: 91,000,000 сая төгрөгийн LEXUS RX330- 1, Toyota, Camry- 1
- Мал аж ахуй: 316,130,000 төгрөгийн Тэмээ-17, Адуу-127, Хонь-267, Үхэр-23, Ямаа-96
- Газар: 72,000,000 төгрөг
- Хадгаламж: 171,272,230 төгрөг
- Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072ш хувьцаа, Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072ш хувьцаа, Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072ш хувьцаа, Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072ш хувьцаа
М.Баярмагнай 2.5 тэрбумын орон сууц, 916 саяын авлага, 1.3 тэрбум төгрөгийн зээлтэй
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга М.Баярмагнай Засгийн газрын томилгоогоор Эрчим хүчний дэд сайд болсон. 1999 онд Худалдаа хөгжлийн банкны Маркетингийн газарт эдийн засагч, ахлах эдийн засагчаар ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 2.5 тэрбумын орон сууц, барилга байгууламжтай, 916 сая төгрөгийн авлагатай, 1.3 тэрбум төгрөгийн зээлтэй.
- Өөрийн орлого: 32,954,130 төгрөг
- Гэр бүлийн орлого: 28,860,000 төгрөг
- Орон сууц, барилга байгууламж: 2,584,416,300 төгрөгийн 2 орон сууц, 1 зуслангийн байшин
- Тээврийн хэрэгсэл: 115,000,000 төгрөгийн Prius XW30- 1, Lexus, 570- 1
- Газар: 20,000,000 төгрөг
- Үнэт эдлэл: 10,000,000 төгрөг
- Хадгаламж: 50,148,220 төгрөг
- Авлага: 916,012,070 төгрөг
- Зээл: 1,344,462,200 төгрөг
- Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: ЮП ХХК 25%, Паспорт экспрэс ХХК 100%, Ди Эйч Эл Глобал форфординг ХХК 100%
Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа хурдан удмын 10 адуутай
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Эрүүл мэндийн дэд сайд болов. Эрх зүйч, багш мэргэжилтэй тэрбээр 1996 онд Цагаан лавай дээд сургуульд багшаар ажлын гараагаа эхэлж, улсад 22 жил ажилласан. Түүний хувьд 490 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууц, 1 зуслангийн байшинтай, Овтентик Монголия ХХК-ийг 100 хувь эзэмшдэг, 110 сая төгрөгийн малтай.
- Өөрийн орлого: 67,845,240 төгрөг
- Гэр бүлийн орлого: Байхгүй
- Орон сууц, барилга байгууламж: 490,000,000 төгрөгийн 1 орон сууц, 1 зуслангийн байшинтай
- Тээврийн хэрэгсэл: Байхгүй
- Мал аж ахуй: 110,000,000 төгрөгийн Адуу-60, Хурдан удмын адуу-10
- Газар: 20,000,000 төгрөг
- Үнэт эдлэл: 35,000,000 төгрөг
- Хадгаламж: 1,485,570 төгрөг
- Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Овтентик Монголия ХХК 100%, Эрдэнэс таван толгой ХХК 1%, Ирээдүй хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага Бусад 1%, Эрдэнэс таван толгой ХК 1%, Эрдэнэс таван толгой ХК 1%, Эрдэнэс таван толгой ХК 1%
ДЭД САЙД НАР ЮУ ХИЙДЭГ ВЭ
Дэд сайд нарын ажил үүргийн хуваарь буюу ямар чиг үүрэгтэй ажилладаг тухай Засгийн газрын тухай хуульд ийнхүү заажээ.
1.Дэд сайд сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/сайдад улс төрийн бодлогын асуудлаар зөвлөх, мэдээллээр хангах;
2/сайдын нэрийн өмнөөс холбогдох агентлаг, бусад байгууллагатай өдөр тутам харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг нэгтгэн зохицуулах;
3/хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах;
4/сайдын даалгаснаар Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах;
5/Улсын Их Хурал, түүний Байнгын хороо, Ерөнхийлөгч, Засгийн газар, Ерөнхий сайдаас байгуулах хороо, комисс, зөвлөл, ажлын хэсэгт сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх;
6/хуульд заасан бусад бүрэн эрх.
Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ.
Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэнэ.
Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санхүүгийн механизм юм.
Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр гаргаж буй санхүүжилт жил бүр нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрээд байна.
Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулах, чанартай боловсрол, сайн засаглал бий болгох замаар ногоон, хүртээмжтэй нийгмийн хөгжилд хүрэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилт тавьсан.
Үүнд нийт 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үүний 6.3 тэрбумыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, 5.2 тэрбумыг дасан зохицох арга хэмжээнд зарцуулна.
Энэ хүрээнд улсын төсвөөс гадна олон улс, хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөр, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Дотоодын банк бус санхүүгийн байгууллага болон арилжааны банкууд гэхэд л 2030 он гэхэд нийт зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгодог болохыг зорьж байгаа юм.
Форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ногоон санхүүжилтийн форум”-д оролцож буй байгаль орчин, ногоон хөгжлийн манлайлагч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Энэ удаагийн форумыг “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд хамтран ажиллаж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, түүн дотроо Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагуудын хамт олонд талархал илэрхийлье.
Азербайжан Улсын Баку хотод болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалтад дэлхийн удирдагчид оролцож, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтийн талаарх байр сууриа илэрхийлж, ногоон хөгжлийн бодлого, зорилт, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцууллаа.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөв, хөрөнгө, санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэхэд голлон анхаарсан дээрх уулзалтын дараа болж буй өнөөдрийн форумаар Монгол Улс ногоон хөгжлийн санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр Та бид хуран цуглаад байна.
Дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, 2024 он бол 1850 оноос хойш дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдөр, хамгийн халуун сар, хамгийн халуун жил болон тэмдэглэгдэхээр байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтнийг урьд өмнөхөөс илүү цочроож, айдаст автуулж байгааг онцлон тэмдэглэсэн.
Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.
Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг бид хэзээ ч мартаж болохгүй.
Тиймээс эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.
Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас эдгээр улс орон Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байгааг Та бүхэн мэднэ.
Тийм учраас НҮБ-ын 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид хөгжилтэй орнуудаас бага, дунд орлоготой хөгжиж буй орнууд руу чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийн хэмжээгээ жил бүр 100 тэрбум ам.доллар байсныг 2035 он хүртэл жил бүр 300 тэрбум ам.доллар болгон гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцоод байна.
Монгол Улс дээрх бага хурлын үеэр “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэлхий улс орнуудад гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Энэ санаачилга дэмжигдэн батлагдвал уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг билээ.
Өнгөрсөн өвөл, хаврын зудын нөхцөл байдлаас шалтгаалж мал сүргийн 10 гаруй хувь буюу 8.1 сая мал хорогдож, мал аж ахуйгаар амьдралаа залгуулж ирсэн монголчууд бидэнд хүндээр туслаа.
Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд онцгой анхаарч, шийдэмгий арга хэмжээ авч, нийгмийн бүх бүлэг илүү нягт хамтран ажиллахыг цаг үе биднээс шаардах боллоо.
Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилт, үүрэг, амлалтыг олон улсын өмнө хүлээсэн.
Дээрх үүрэг, амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд манай улсад ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн мэргэжлийн үнэлгээ байдаг.
Иймээс байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэхэд хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ улам эрчимжүүлэх шаардлагатай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, улс орон даяар хэрэгжүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, ногоон хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Энэ хүрээнд ирэх оны зургаадугаар сард “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги-Мүн” сан болон АНУ-ын Стэнфордын их сургуультай хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэрбум, тэрбум мод – Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” уриан дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Мөн Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр байгаль хамгааллын салбарт санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бий болгох зорилгоор “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, “Монголын байгалийн өв сан” итгэлцлийн сан байгуулан, олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 70 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж төвлөрүүлээд байна.
Энэ бол чамлахааргүй төсөв, хөрөнгө бөгөөд үүнийг үр дүнтэй, хүртээмжтэй ашиглах нь чухал байна.
Түүнчлэн Герман Улсын “Өвлөгдөн үлдэх газар нутаг” сангийн дэмжлэгтэй, 15 сая ам.долларын санхүүжилт бүхий “Цэнхэр тэнгэрийн орон – Онон Балжийн байгалийн цогцолбор газар” төсөл хэрэгжиж эхлээд байна.
Эдгээр төсөл, хөтөлбөр нь биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.
Үүний зэрэгцээ Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалт, ногоон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр улам идэвхтэй ажиллах шаардлагатай байна.
Цөөнгүй ололт, амжилт, үр дүн гарч байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээрх бодлого, үйл ажиллагаагаа улам сайжруулах нь зүйтэй юм.
Тиймээс энэ удаагийн форум нь Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх талаар туршлагаа хуваалцах, бодлого, арга хэмжээгээ уялдуулахад чиглэж байна.
Юуны өмнө манай улсын хувьд ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд нийгмийн бүх бүлгүүдийн хоорондын бодлого зорилт, мэдээ мэдээлэл, хамтын ажиллагаа зэрэг олон асуудал дээр нэг зүгт, нэг цонхоор харах үүднээс үндэсний зөвшилцөл бий болгох нь нэн чухал байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг яам, ганц нэг байгууллагын ажил биш юм.
Энэ бүх яам, институт, ард иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага зэрэг нийгмийн бүх бүлгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, үүрэг, хариуцлага гэдгийг төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна.
Сүүлийн жилүүдэд манай хувийн хэвшил түүн дотроо банк, санхүүгийн байгууллагууд ногоон хөгжлийг эрчимжүүлэх, ногоон санхүүжилтийг татах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.
Одоо гагцхүү төрийн зүгээс шаардлагатай дэд бүтэц, эрх зүйн орчин, тодорхой бодлого, зорилтоо олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлан таниулах, хурдан шуурхай дэмжин ажиллах нь чухал байна.
Тухайлбал, хүлэмжийн хийг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбар бүрийн хувьд тодорхой тооцоо үндэслэлтэй, шинжлэх ухаанч тоон болон чанарын зорилтуудыг нарийн боловсруулж ард иргэд, баялаг бүтээгчдэд сайтар ойлгуулан таниулах шаардлагатай байна.
Нэн ялангуяа хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг салбарын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нарийвчилсан бодлого, зорилтоо олон нийтэд танилцуулах нь зүйтэй.
Энэ хүрээнд ард иргэд, төр, хувийн хэвшил хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, шаардлагатай зохицуулалт, эрх зүйн шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй.
Үүний зэрэгцээ ногоон, тогтвортой санхүүжилтийн зарчим, дэд бүтэц, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, мөн нүүрстөрөгчийн татвар, нүүрстөрөгчийн зах зээлийг оновчтой ашиглах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төрийн зүгээс онцгой анхаарч, хурдтай ажиллах шаардлагатай байна.
Дээр дурдсан олон тулгамдсан асуудлуудын талаар өнөөдрийн энэхүү форумаар Та бүхэн илэн далангүй ярилцаж, ажил хэрэгч санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Хүн төрөлхтний сайн сайхан амьдралыг тэтгэх эх ундарга нь цэвэр агаар, цэнгэг ус, ариун дагшин хөрс шороо билээ.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.
Тиймээс эх дэлхийгээ хамгаалахад хүн төрөлхтөн цаг хугацаа алдах эрхгүй.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол сонголт биш, харин хүн төрөлхтний эх дэлхийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм.
Байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилт бол ямар нэгэн тусламж биш, энэ бол үр хойчдоо Та бидний хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.
Тиймээс ногоон хөгжлийн төлөө монголчууд бид нэг зүг харж, нэгдмэл санаа бодолтой хамтран ажиллаж, үр дүнтэй, зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлцгээе.
Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.
Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Улс төр
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
-
Нийгэм13 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр8 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр10 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Нийгэм13 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм11 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Нийгэм10 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав