Дэлхий дахинд
Дональд Трамп Сириэс цэргээ бүрэн гаргахыг тушаалаа
Ерөнхийлөгч Трампын шийдвэрээр АНУ Сириэс өөрийн цэргээ гаргаж эхэллээ гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгдлээ. Энэ бол кампанит ажил шинэ үе шатандаа орж байгаа явдал гэж тэр тэмдэглээд Вашингтон, манай холбоотнууд америкийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд ямар ч тохиолдолд хэзээд бэлэн байна гэж онцолжээ.
“Бид тэндэх лалын хэт даврагч алан хядагчдыг устгахын тулд манай хилийг давах гэсэн бүхий л оролдлого, санхүү, дэмжлэгийг зогсоохын тулд цаашид ч хамтран ажиллана” гэж хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгдлээ. Сандерсыг ийм мэдэгдэл хийсний дараахан америкийн төрийн тэргүүн Дональд Трамп өөрийн Twitter-тээ Сирид “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийг ялсан тухайгаа жиргэсэн байна.
Цагаан ордон “лалын улс” бүлэглэлийг ялсан нь АНУ тэргүүтэй эвсэл тэндэх өөрийн үйл ажиллагаагаа зогсоож байгаа хэрэг биш гэсэн байна. АНУ цэргээ 60-100 хоногийн дотор Ситриэс гаргана гэснийг Reuters агентлаг эх сурвалжаас аван мэдээлж байна. Агентлаг мөн 24 цагийн дотор Сириэс АНУ-ын Төрийн департаментын бүхий л ажилтныг гаргана гэснийг дамжуулжээ.
Цэргээ гаргахын Пентагон баталж байна
Сириэс цэргээ гаргаж эхэлснээ АНУ-ын Батлан хамгаалах яам баталлаа. Гэхдээ аюулгүй байдлын үүднээс бүхнийг ил тод мэдээлэхгүй гэсэн байна. “Эвслийнхэн “Лалын улс” бүлэглэлийн эзлээд байсан газар нутгийг чөлөөлсөн ч гэсэн “Лалын улс” бүлэглэлийн эсрэг кампани дуусаагүй. “Бид Сириэс цэргүүдээ эргүүлэн татах ажлаа эхлүүлж, кампанит ажлынхаа дараагийн шатанд л шилжиж байна” гэж Пентагоны албан ёсны төлөөлөгч Дана Уайт РИА Новости агентлагт ярьжээ.
Тэр бас АНУ өөрийн түншүүд, холбоотнуудтайгаа хамтраад “Лалын улс” бүлэглэлтэй, алан хядагчидтай хийх тэмцлээ үргэлжлүүлнэ гэсэн байна.
Нам нэгт хамтрагчид нь зөвшөөрөхгүй байна
Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийг ялсан гэсэн Трампын үгийг Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатч Линдси Грэм хүлээн зөвшөрөхгүй байна. “Америкаас Сирид явуулсан ажиллагаа маш том алдаа, ялангуяа Обамагийн алдаа. Бид “Лалын улс” бүлэглэлийг Сирид ч, Иракт ч ялаагүй” гэж Грэм Twitter-тээ бичжээ. Энэ шийдвэр АНУ болоод манай холбоотон, ялангуяа курдүүдэд эрсдэл учруулна, үүнээс болж Ираны эсрэг явуулж байгаа Сири дэх америкийн хүчин тасалдахад хүргэнэ гэж сенатч үзэж байна. Бүгд найрамдах намын өөр нэг сенатч Марк Рубио Сириэс цэргээ ийм хурдан, бүгдийг нь гаргана гэдэг “лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажилд ихээхэн сөрөг үр дагавар авчирна гэсэн байна.
Лондонгийн шүүмжлэл
Трампын энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаагаа Их Британийн Батлан хамгаалахын дэд сайд Тобиас Эллвуд Twitter-тээ бичсэн байна. Түүнийхээр бол “Лалын улс” бүлэглэл хүчирхийллийн өөр хэлбэрт шилжсэн, аюул бүрэн устаж алга болоогүй гэнэ.
АНУ терроризмыг ялаагүй
ОХУ-ын Холбооны зөвлөлийн Батлан хамгаалах хорооны гишүүн Франц Клинцевич АНУ-ыг Сириэс цэргээ бүрэн гаргана гэдэгт эргэлзэж байна. “Яахав тэд Газар дундын тэнгисээс өөрийн флотоо гаргаж болох юм, гэхдээ Сирид өөрийн тусгай алба, нисэх хүчнээ үлдээх байх. Бас нисэх хүчний тусламжтайгаар тодорхой тооны цэргээ Афганистанд байршуулж эндээс Дундад Азид нөлөө үзүүлэх байдлаар ашиглах байх” гэж сенатч тэмдэглэжээ. Тэр бас америкчууд үнэхээр Сириэс гарах юм бол “терроризмыг бид ойрын хагас жилд гүйцээнэ” гэсэн байна.
“АНУ үнэхээр Сириэс цэргээ бүрэн гаргахаар шийдсэн бол энэ нь тэндэх үүргээ бүрэн гүйцэтгэсэн үг биш. Удахгүй бүх зүйл эсрэгээр эргэнэ. Тэд Башар Асадыг унагааж Сирийн засгийн газрыг сольж чадаагүй. Лалын улсад хамаагүй” америкчууд угаасаа эднийг устгахыг нэг их сонирхоогүй, тоглоом нь одоо л эхэлж, үргэлжилнэ” гэж Клинцевич хэлж байна.