Дэлхий дахинд
АНУ-ын Засгийн газар ажлаа хэсэгчлэн зогсоолоо
АНУ-ын хууль тогтоогчид Холбооны засгийн газар ирэх оны төсөвтөө Мексикийн хил дээр хана барих асуудлаар тохиролцож чадсангүйгээс орон нутгийн цагаар шөнийн 0,00 цагаас эхлэн АНУ-ын Засгийн газар хязгаарлагдмал дэглэмээр ажиллах боллоо. Энэ хязгаар лавтай 27-ны өдөр үргэлжлэх бололтой.
Энэ нь төсвийн хуулийн төсөл дээр ажиллах яам, байгууллагуудад тодорхой боломж олгодог эцсийн хугацаа бөгөөд, ийм хязгаарлагдмал дэглэмийн үед бусад ажилтнууд нь амардаг юм байна.
Арванхоёрдугаар сарын 20-нд АНУ-ын сенат хил дээр босгох ханын зардлыг оруулалгүйгээр 2019 оны хоёрдугаар сарын 8-ныг хүртэл хэрэгжүүлэх түр хугацааны төсөв баталсан юм.
Мексикийн хил дээр барих, хууль бус цагаачдын урсгалыг хаах хана нь Дональд Трампын сонгуулийн өмнөх амлалтын нэг. Цагаан ордны тэргүүн хөрш Мексикээс орж ирдэг хууль бус цагаагчдын урсгалыг хаахын тулд ирэх оны төсөвт 25 тэрбум ам.доллар тусгаад байгаа юм.
Конгрессын Сенатын гишүүд бямба гарагт ээлжит бусаар хуралдсан ч энэ асуудлыг шийдэж чадалгүй завсарласан болохоор дээд танхимын хуралдаан 27-ны өдрөөс наана хуралдахгүй гэж Сенатын ажлын алба мэдээлжээ.
“Ямартай ч ажил хэрэгч хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ асуудал Сенатад хоёр намаас 60 санал, дээр нь ерөнхийлөгчийн гарын үсэг байж байж батална. Ийм ирц бүрдэж санал хураах хүртэл яриа хэлэлцээ үргэлжилнэ” гэж Сенат дахь Бүгд найрамдах намын бүлгийн тэргүүн Митч Макконнелл бямба гарагийн хуралдааны төгсгөлд мэдэгдсэн байна.
Мексикийн хил дээр хана босгох Ерөнхийлөгч Дональд Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа Бүгд найрамдахчууд Сенатад 51 суудалтай учраас баталж чадахгүйд хүрээд байгаа юм.
Ийн засгийн газрын ажлыг зогсооосноор ирэх пүрэв гараг хүртэл төрийн байгууллагын 420 мянган ажилтан цалингүй ажиллах болж байна. Өөр бас 380 мянган хүн цалингүй амралт “эдэлнэ”.
Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед бас засгийн газрын ажиллагааг 16 хоногоор зогсоож байсан бол Билл Клинтоны хоёр удаад нийтдээ 26 хоногоор гацааж байсан юм байна. Харин Рональд Рейганы үед найман удаа гацаасан нь нийтдээ 14 хоног л болж байжээ.