Нийгэм
Он гарсаар хот хоорондын зорчигч тээвэрт 2 сая гаруй зорчигч үйлчлүүлжээ
Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан 3-р улирлын байдлаар хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа төвийн нийт ажилтан, албан хаагчдаа оролцуулан зохион байгууллаа. Мөн ажилтны нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмыг танилцуулж, ажилтны цалин хөлс, тэтгэвэр урамшууллын талаар мэдээ мэдээлэл өгч, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар зөвлөлдлөө.
Тайлант хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан 482628 тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд улсын хэмжээнд баруун талдаа хүрдтэй 10 мянга гаруй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилсөн талаарх мэдээллийг тус үйлдвэрийн газрын захирал Ш.Батсайхан энэ үеэр танилцууллаа.
Мөн хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг 59 аж ахуй нэгж, 74 чиглэлд 966 тээврийн хэрэгсэл, 1250 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлт гүйцэтгэж, тайлант хугацаанд 2060 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 11 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж. Харин улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг 11 чиглэлд 317 аж ахуй нэгж байгууллага 14232 хүнд даацын автомашинаар 26,8 сая тонн ачаа тээвэрлэжээ.
Мөн тус хугацаанд 11763 жолооч мэргэшсэн жолоочийн шалгалтад хамрагдсанаас 6961 жолооч шалгалтад тэнцсэн байна. Хөдөлгөөний удирдлагын чиглэлээр улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн 133233 удаагийн тээвэрлэлтийг хянаж, шуурхай зохицуулалт хийж ажиллажээ. Түүнчлэн 1900-1234 лавлах утсанд 200 мянга орчим дуудлага хүлээн авч, мэдээлэл өгсөн дүн мэдээ байна.
Тайлант хугацаанд шинээр 70140 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 35 хувиар өссөн дүнтэй байгаа бөгөөд 240 мянган тээврийн хэрэгсэл шилжилт хөдөлгөөн хийлгэсэн байна. Авто үйлчилгээний мэдээллийн санг ашиглалтад оруулж, 230 аж ахуй нэгж, иргэний 2500 гаруй засварын түүхийг үүсгэн дүн мэдээг тус тус танилцууллаа.
Цаашид тус үйлдвэрийн газраас тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэн гарах хог хаягдлыг авто засварын үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран ажиллах, үйлчилгээний төлбөр хураамжийг цахимжуулж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор мэдээллийн нэгдсэн сангийн аппликэйшн боловсруулах, дотоодын ачаа тээврийн нэгдсэн системийг боловсронгуй болгож, ачаа барааг цахим хэлбэрээр захиалах, хүлээн авч бүртгэлжүүлэх, нэгдсэн зохион байгуулалтад оруулах зэрэг ажлуудыг шат дараатайгаар хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа аж.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.