Нийгэм
АТҮТ: АЖИЛТНЫ НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас “Ажилтны нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх журмыг баталж, энэ сарын 08-ны өдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Тус журам нь ажилтнуудыг нийгмийн баталгааг хангах хөтөлбөрт үе шаттайгаар хамруулах, чадварлаг ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах, ажлын үр бүтээлийг дээшлүүлэх зорилготой бөгөөд жил бүр зорилтот түвшинд тусгасан зардлыг энэхүү журамд заасны дагуу зарцуулж буй юм.
Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн тооцоот тус үйлдвэрийн газар нь төсвөөс ямар нэгэн санхүүжилт авдаггүй бөгөөд өөрийн орлогоос санхүүждэг тул орлогыг зөв төлөвлөж, зардлыг бууруулах чиглэлээр зөв удирдан зохион байгуулсны үр дүнд зорилтот ажилтнууддаа 5 сая төгрөгийн дэмжлэгийг нэг удаа ийнхүү үзүүлэхээр болсон байна.
Ажилтны нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам зэргийг үндэслэн ажилтан албан хаагчдынхаа амьдрах нөхцлийг сайжруулах, эрүүл мэндээ хамгаалах, сурч боловсрох зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд тус үйлдвэрийн газраас энэ онд 200 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн хэмээн тус үйлдвэрийн газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Я.Оюунсүрэн танилцууллаа.

Нийгэм
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Зам, тээврийн яамнаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, Зам, тээврийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 дугаартай тушаалаар баталсан “Улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн дагуу хилийн боомт тус бүрээр улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх аж.
Мөн нийт тээврийн хэрэгсэлд нэгдсэн тооллого зохион байгуулан тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авах юм.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад долоон аймгийн есөн боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдана.
Хяналт шалгалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 25-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг уртасгах юм байна.
Нийгэм
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сард нийт 212.374 зөрчил бүртгэгдсэн нь хоёрдугаар сартай харьцуулахад 26.7 хувиар буурчээ.
Нийт зөрчлийн 73.3 хувь нь Нийслэлд, 26.7 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 97.7 хувийг нь Цагдаагийн байгууллага, 2.3 хувийг нь Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллага шалган шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 205.939 хүн, 783 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Нийт зөрчлийн хэргийн 96.2 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард гарсан зөрчлийг хоёрдугаар сартай харьцуулахад Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 67.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 28.5 хувиар, Хулгайлах зөрчил 26.7 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 21.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 66.7 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 14.4 хувиар өссөн байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ

