Нийгэм
ХӨСҮТ: 19 настай эмэгтэйд коронавирусийн халдвар илэрлээ
Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өнөөдөр /2020.10.05/ хийлээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий Захирал Д.НЯМХҮҮ:
-Аравдугаар сарын 2-4-ны өдрүүдэд нийт 1823 шинжилгээ хийсэн. Үүнээс нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 4-ны өдөр Нурсултан-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 19 настай эмэгтэйд халдвар илэрсэн. Нийт авсан шинжилгээг задлавал:
- Аравдугаар сарын 4-ны Нурсултан-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 159 хүний шинжилгээ,
- Аравдугаар сарын 1-нд Сиатл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 243 хүний шинжилгээ,
- Есдүгээр сарын 19-нд Истанбул-улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 246 хүний давтан шинжилгээ,
- Есдүгээр сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ,
- Есдүгээр сарын 15-нд Франкфурт- Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 240 хүний давтан шинжилгээ,
- Есдүгээр сарын 12-нд Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 40 хүний давтан шинжилгээ,
- Энхийг сахиулах ажиллагаанд оролцох 213 хүний алба хаагчдын шинжилгээ,
- ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байгаа дөрвөн хүний давтан шинжилгээ,
- Тусгаарлагдах байранд тусгаарлагдсан 63 хүний давтан шинжилгээ,
- Дорноговь аймагт тусгаарлагдсан 72 хүний шинжилгээ,
- Дундговь аймагт тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээ,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ,
- Өмнөговь аймагт тусгаарлагдсан 11 хүний шинжилгээ,
- Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 70 жолоочийн шинжилгээнд тус, тус халдвар илрээгүй.
Сүүлийн гурван өдрийн дотор нэг хүнд халдвар илэрсэн гэсэн үг. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 314 боллоо. Үүнээс 307 нь эдгэрсэн бол ажиглалт тандалтын хугацаа нь дууссан 294 хүн байна. Гэрийн ажиглалтад гурван хүн, эдгэрээд дараагийн сувилалд шилжсэн арван хүн бий. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д долоон хүн хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдлын хувьд таван хүн хөнгөн, хоёр хүн хүндэвтэр байна.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.