Улс төр
Д.Туяа: Байгаль орчны эсрэг олон хууль бус ажлыг зогсоож чадсан тэр мөч бүр хамгийн гайхалтай

Булган аймгийн ИТХ-ыг 6-р тойрогт Дашинчилэн суманд нэр дэвшигч Д.Туяатай ярилцлаа. Түүнийг байгаль орчны хамгааллын асуудлаар цөөнгүй ажлын ард амжилттай гарч, нутгийн иргэдэд бэлчээр усыг нь эргүүлж өгч байснаар нь хүмүүс мэднэ.
-Таны байгаль хамгааллын ажлын талаар ярилцъя. Таныг таньдаг болоход л хууль бус лиценз, олборлолттой тэмцдэг эмэгтэй байсан, одоо ч тэмцсээр л байна. Хамгийн гайхалтай нь ажил болгоноо нутгийн ард иргэдийн талд шийдвэрлэдэг байсан. Энэ ажлын эхлэл хэзээ хэрхэн тавигдсан бэ?
-Анх 2008 онд нутгийнхаа шүтээн болсон “Буурал хаан” уулаа хамгаалж байсан. Тухайн үед миний хуулийн мэдлэг бага байжээ. Гэхдээ л өөрийнхөө хэмжээнд тэмцэж, төрийн албаны анхан, дунд, дээд шатанд хүртэл явж байгаад нутгаа хамгаалж үлдэж чадсан. МУ-ын Ерөнхийлөгчид хүртэл хандаж байсан. Манай улс “Үндсэн хууль”-иараа төрийн эрх мэдлийг ард түмний мэдэлд өгсөн. Тэгсэн хэдий ч өнөөг хүртэл хуучинсаг, хоцрогдсон, явцуу эрх ашигтай хэсэг бүлэг нөхдүүд эзэрхийлсээр л байна.
-Тэр үеэс одоог хүртэл хэр олон байгаль хамгааллын ажилд оролцсон байна вэ?
-Баянхонгор аймгийн Жаргалант сумын Байдрагийн гол, Заг сумын Загийг гол, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тос Тосон Бумбын нуруу, Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг, Булган аймгийн Бүрэгхангай суманд малчдын хүсэлтээр гол ус, бэлчээрийг нь хамгаалахад Зөвлөхөөр ажилласан. Мөн сумынхаа Хараат багт байсан уурхайн үйл ажиллагааг аймгийн удирдлагуудтай хамтарч зогсоосон, Доргонт багт хууль бусаар олборлолт хийж байсан компанийг Шүүхэд нэхэмжлэл гаргаж, түр зогсоосон ч Дээд шүүхийн шийдвэр нөгөө талд гарсан. Ер нь өнөөгийн бодит байдал дээр бүх шатны төрийн байгууллагууд хөрөнгө мөнгөтэй гадаад дотоодын компаниудад үйлчилж байна. Түүний эсрэг хөдөөгийн малчин иргэд үнэхээр хүчин мөхөстөж байна шүү дээ. Хөрс, усыг энэ хэртэй байгаа дээр нь хамгаалж үлдэхгүй бол манай орон “Орших уу эс оршихуй”-н хэмжээнд очиход хүрнэ. Би үүнд л эмзэглэж байна.
-Байгаль орчныг сүйтгэж байгаа хүмүүс голдуу мөнгөтэй, ар тал сайтай хүмүүс байдаг. Гэтэл та нөгөө талд нь нутгийн хэсэг иргэнээс өөр хамгаалалтгүй, улаан гараараа энэ хүч тэнцвэргүй тулаанд ордог. Багагүй дарамт, цөөнгүй шүүх хурлаар орж байсныг тань мэдэх юм. Хэн ч шантармаар энэ ажилд яагаад ингэж олон жилээ “үрэв”?
-УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа намайг намын аппаратдаа хөдөө орон нутаг хариуцсан сэтгүүлчээр ажиллуулж байсан. Тэр үед газар хэлтсийн дарга нар нэгэн хурал дээр Туяа гэдэг нөхрийн талаар шүүмжилцгээсэн гэдэг. Тэгэхэд “Туяа бол анхан шатнаас зовлонг нь туулж ирсэн партизан. Түүний зүрх Монголоо гэж цохилдог, та нар Туяатай эвээ олоод ажилла” гэсэн гэдэг. Үнэхээр л Алтанхуяг даргын хэлснээр миний сэтгэл зүрх “Эх нутгаа” гэдэг болохоор л байгаль орчныг хамгаалах энэ салбар руу сайн дураараа орсон байх аа. Би бусдын эрүүл, урт амьдралын төлөө өөрийнхөө бүх нөөц бололцоог зориулж явдаг. Ер нь байгаль ус, бэлчээр, гол горхи хамгаалж байгаа хүнийг ад үзэж, буланд шахаж, гутаах явдал бол хэрээс хэтрээд байна. Энэ бол таны хэлсэнчлэн мөнгө хөрөнгөтэй, эрх мэдэлтэнгүүдийн л турхиралт шүү дээ. Тэд намайг гутааж чадах ч, миний чадварыг, миний хийсэн сайн бүхнийг гутааж дийлэхгүй.
-Ийм эрсдэлтэй ажилд та хамгийн гол нь сайн дураараа оролцдог. Бараг өөрөөсөө зардал мөнгөө гаргаад яваад байдаг. Сайн үйлсийн энэ ажлыг мөнгө хөрөнгөөр үнэлж болохгүй байх. Гэхдээ та ингэж ажилласныхаа төлөө авч байсан хамгийн том шагнал юу байв?
-Миний нутаг олон эрдэм номтой хүмүүс төрж өссөн, номын авшигтай сайхан нутаг. Манай нутагт гадаад дотоодын ашиг хайгчид ирэх гэж биднийг сандаргаж байсныг би түрүүнд дурьдсан. “Буурал хаан” ууланд минь эрх мэдэлтнүүд санаархаж, тухайн үеийн Зам тээвэр, аялал жуулчлалын яамны сайд , Засгийн газрын төлөөлөл ирж хурал цуглаан хийж, нутаг усыг минь эзлэх гэж үзсэн. Тэр үед аймаг, сум, хот хүрээгүй л явж байж, “Буурал хаан” уулаа аварч үлдсэн дээ. Нутгийн олон минь шүтээн уулаа хамгаалсан гэж намайг хүндэлж, хайрлаж байгаа нь хамгийн том шагнал юм даа.
-Та байгаль орчны энэ ажилтай холбоотойгоор хэзээ хамгийн их баярлаж, өөрөөрөө бахархаж байсан бэ?
-Байгаль орчныг сүйтгэж байгаа гол буруутан нь уул уурхайн бизнес бүлэглэл, эрх мэдэлтэй албан тушаалтнуудын улс төрийн бүлэглэл байдаг. Манай улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журмыг зөрчсөн байвал би үзэлцдэг. Малчин иргэдийн эрх ашиг хөндөгдөж, хохирсон тохиолдолд эрх ашгийг нь хамгаалах гэж л би ажилладаг. 2018 онд Баянхонгор аймгийн Заг сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, нутгийн иргэд Загийн голоо, малчдын бэлчээр усаа хамгаалах зорилгоор ажлын санал тавьсан. Миний чадах ажил байсан учраас хамтарч ажилласан. Тухайн үед нутгийн иргэд нь Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, Худалдаа хөгжлийн банк,Улаанбаатар банк гээд олон газар хувь зэмшдэг хүний компани учраас зогсоож дийлэхгүй, хоёр жил орчим тэмцэж байгаа гэцгээж байлаа. Миний хувьд бол хуульч биш экологич мэргэжилтэй хүн. Өөрийн эзэмшсэн мэргэжлийн давуу байдлыг харуулсан. Тэр уурхайн үйл ажиллагааг нь хуулийн хүрээнд зогсоох, албадан нүүлгэх ажлыг удирдан зохион байгуулсан. Бид бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй гэдгийг харуулсан, анхан шатны иргэд, малчид Ерөнхий сайдаас илүү эрх мэдэлтэй гэдгийг ойлгуулж өгсөн. Нутгийн малчид, иргэд нь маш их талархаж “МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга манай аймгаас төрсөн хэдий ч анхдагчдийн өлгий Булган нутгийн шавилхан бүсгүй Загийн голыг минь хамгаалж өглөө шүү, илүү өгөгдөлтэй хүмүүс төрдөг нутаг юм байна” гэцгээж байсан. Эрх мэдэлтнүүдийн өөдөөс сөрж, хууль сануулж, тэр бүлэглэлийг ухаанаараа, мэргэжлийн ур чадвараараа ялна гэдэг гайхалтай сайхан.
-Таны туйлын хүсэл зорилго юу вэ?
– Эх нутаг минь бүрэн бүтэн, ирээдүй хүүхэд залуус амар амгалан амьдраасай гэж би чин сэтгэлээсээ хүсдэг. Хүмүүс “Ус”-гүй хэд хоног амьдарч чадах вэ? Өнөөгийн төр засгийнхан газар нутгаа 30 жилийн хугацаатай гаднынханд лиценз нэрээр эзэмшүүлээд байна. Энэ газар нутаг чинь гадныханы мэдэлд очвол яах вэ? Энэ тухай бодох тэнхэлгүй болтлоо мөнгөнд, албан тушаалд шунасан байна. Манай орны байгаль орчны асуудал “Үндэсний аюулгүй байдал”-ын хэмжээнд яригдахаар болж байна. Бүх шатны засаг дарга нар хариуцлагагүй, хяналтгүй, өөрийн толгойгүй нам эвслийн захиалгаар удирдуулж байгаа нь малчдын бэлчээр ус, гол горхи ширгэх нөхцөл болж байна. Бид бүхэн аль нэг бизнес бүлэглэл, нам эвслийн дохио зангаагаар, тэдний хүслийг хангагч байхаа болих цаг нь болсон. Үр хүүхэд, нутаг ус, ирээдүйгээ бодолцож, ухаантай, бодлоготой, нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй.
-Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?
-Мэргэжлийн ажлаа бол чадна гэж хэлнэ. Байгаль орчны асуудал дээр хэн нэгний эрх ашиг хохирсон бол би туслахад үргэлж бэлэн байдаг. Тэр хүмүүст миний тусламж хэрэгтэй бол би цалин мөнгө гэлгүй л ажиллаж өгдөг. Амласан бол түүнийхээ төлөө үзүүрийг нь хүртэл явах дуртай.

Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

-
Энтертайнмент14 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг17 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм17 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм15 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм15 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм15 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм18 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм15 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа