Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж буй Олон Улсын Парламентын Холбооны (ОУПХ)-ны 150 дугаар Ассамблейн үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл тавьж, үг хэллээ. Дэлхийн 140 улсын 1700 гаруй төлөөлөгчид оролцож буй уг Ассамблейн үеэр нийт 90 гаруй хэлэлцүүлэг, салбар хуралдаанууд зохион байгуулагдаж байгаа юм.

“Нийгмийн хөгжил, шударга ёсны төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдэвт үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа үг хэлэхдээ, эрх тэгш байдлыг дээдэлж, олон талт оролцоог хангасан парламент нийгмийн хөгжлийг түргэсгэж, шударга ёсыг тогтооход чухал үүрэгтэйг онцоллоо. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд парламентын төлөөллийн чадамжийг сайжруулах нөхцөл бүрдэж, улмаар 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрдсэн шинэ парламентын 126 гишүүнээс 32 нь эмэгтэй гишүүн сонгогдсоныг цохон тэмдэглэв. Түүнчлэн нийгмийн бүлгүүдийн олон талт оролцоог хангасан шинэ үеийн парламент 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө хүний эрхийг дээдэлсэн хуулийн үзэл санаанд тулгуурлан, үндсэн 5 зорилгыг дэвшүүлсэн хэмээн танилцууллаа.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хэлэхдээ, дээрх стратегийн хүрээнд иргэний эрх ашгийг тэргүүнд тавьж, хууль тогтоомжийн тоо бус чанарыг чухалчилсан, олон ургальч үзэлд тулгуурлаж, шинжлэх ухаанч шийдлийг дэвшүүлдэг парламент болохоор зорьж байгааг дурдлаа. Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан онцлох чиглэлүүдийг танилцуулахын сацуу авилгагүй, цахим засаглалыг бэхжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, процессын дахин инженерчлэлийг бүх шатанд эхлүүлэхээр ажиллаж буйг тодотгов. Үр дүнд нь хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал харилцан уялдаатайгаар цогц ажлуудыг эрчимжүүлснээр нийгэмд үүсээд буй авлига, хүнд суртал, хүний эрхийн зөрчил зэрэг асуудлыг хамтад нь шийдвэрлэх боломжтойг тэмдэглэлээ.
Илтгэлийнхээ төгсгөлд, 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, улмаар нийгмийн хөгжлийг хурдасгаж, шударга ёсыг тогтоохын тулд ОУПХ болон түүний гишүүн орнуудтай харилцан туршлага солилцож, идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.