Нийгэм
Гашуун сухайтын зам эвдэрсэн ч экспорт хэвийн үргэлжилж байна

Манай улсын нүүрсний экспортын гол гарц болох Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн замд үерийн улмаас эвдрэл гарч, түр хаасан. Өчигдрийн байдлаар “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс”, орон нутгийн “Таван толгой” зэрэг компаниудын 380 гаруй нүүрс тээврийн автомашин саатаад байсан юм. Энэ талаар “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болдтой ярилцлаа.
-Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн үерт эвдэрсэн зам дээр нөхцөл байдал ямар байна вэ. Хэдэн километр газарт ямар хэмжээтэй эвдрэл гараад байна?
-Энэ жил орон даяар хур тунадас ихтэй байна. Зарим нутагт гэнэтийн үерээс болж багагүй хохирол учирлаа. Таван толгой Гашуун сухайт чиглэлийн зам долдугаар сарын 14-31-ний хооронд таван удаа үерт автсан. Долдугаар сарын 14, 21, 25, 27, 31-нд “Энержи ресурс” компанийн уурхайгаас тооцвол 90, 93, 106, 117, 142, 162 км дэх зам үерийн улмаас эвдэрсэн. Тиймээс бид хохирлыг арилгаж, нүүрс тээврийг хэвийн үргэлжлүүлэхэд анхаарч ажиллаж байна. Ялангуяа, 127 дахь км-т хоёр удаа уулын үер бууснаас замаар автомашин явах ямар ч боломжгүй болсон. Долдугаар сарын 14-нд болсон үерийн улмаас энэ хэсгийн зам эвдэрснийг засаж байтал дахин 29-нөөс 30-нд шилжих шөнө үер бууж, замын далангийн шороог бүгдийг нь урсгасан. Үүний улмаас 300 метр зам хажуу талаасаа цөмөрсөн. Энэ замын 3.5 метр орчим өргөн хэсэг нь л эвдрээгүй үлдсэн. Өөрөөр хэлбэл, хоёр эгнээтэй замын нэг эгнээ нь тэр чигээрээ нурсан байгаа. Үлдсэн эгнээ нь доогуураа усанд идэгдчихсэн. ийм аюултай нөхцөл үүссэн учраас 127 км дэх хэсэгт зам хаасан.
-Энэ замын эвдрэл нүүрсний экспорт буурахад нөлөөлж байна уу?
-Одоогоор нүүрсний уртын тээвэр түр хугацаагаар зогссон байгаа. “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс”, орон нутгийн “Таван толгой” гэсэн гурван компанийн Гашуун сухайт боомт руу нүүрс тээвэрлэж байсан болон нүүрсээ буулгаад буцаж явсан нийт 380 гаруй машиныг замаас гаргаж, зогсоосон. Цаад талаас нүүрсээ буулгаад уурхай руу явж буй 200 орчим автомашин түр зам ашиглалтад орохыг хүлээгээд зогсож байна. Гэхдээ энэ цөмөрч, түр хаагаад буй зам Цагаан хадны боомтоос наана байдаг. Тиймээс Цагаан хадны боомтоос хил хүртэлх нүүрсний тээвэр хэвийн үргэлжилж байгаа. Энэ боомтод нөөцөлсөн нүүрсээ компаниуд Гашуун сухайтын 21 км асфальт, Ханбогдын 23 км шороон замаар тээвэрлэж байна. Эдгээр замаар өдөрт 850-900 автомашин экспортын нүүрс гарч байгаа. Тухайлбал, долдугаар сарын 30-нд хилээр нүүрс ачсан 790 автомашин гарч, ачаагүй 1059 автомашин орж ирсэн байна. Мөн долдугаар сарын 31-нд 872 нүүрс тээвэрлэн автомашин гарч, ачаагүй 811 автомашин орж ирсэн.
-Цагаан хадны боомтод хэчнээн тонн нүүрсний нөөц байгаа вэ? Зам хааснаас хэчнээн тонн нүүрсний тээвэр гацсан юм бэ?
-Энд ойролцоогоор 2.5-3 сая тонн нүүрсний нөөц бий. Өнгөрсөн өвөл хилээр бага хэмжээний нүүрс экспортолсон учраас тухайн үед нөөцөлсөн түүхий эдээ компаниуд хилээр гаргаж байгаа. Цагаан хадны боомтод голдуу орон нутгийн “Таван толгой” компанийн нүүрс бий. Харин “Энержи ресурс”, “Эрдэнэс Таван толгой” компаниудын нөөц бага хэмжээтэй байгаа. Бидний тооцоолж буйгаар 127 км дэх замын ойролцоо 30 гаруй мянган тонн нүүрсний тээвэр саатсан. Үүнийг Цагаан хадныхтай харьцуулбал бага хэмжээ гэж хэлж болно. Бид уурхайнуудад онцгой байдал үүсэж, зам хаасан талаар тухайн үед нь мэдэгдсэн. Тиймээс компаниуд ачилтаа тодорхой хэмжээгээр багасгаад Цагаан хаданд байгаа нөөц нүүрсээ экспортлох зохион байгуулалт хийж байгаа.
-Зам засварын компаниуд түр зам хийж байгаа юм байна. Энэ түр зам хэзээ ашиглалтад орох вэ?
-Тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлэхийн тулд бид 122- 132 км замын ус, шалбаагийг тойруулж 10 км урт түр зам тавьж байна. Замын ажил өнөөдрийн /өчигдрийн/ 14.00 цагийн байдлаар 70 хувьд хүрсэн гэсэн мэдээлэл ирсэн. Наймдугаар сарын 2-ны үүрээр түр замыг нээхээр ажиллаж байна. Зам нээгдмэгц саатаад буй 380 гаруй автомашинуудыг 3-5 цагийн дотор нэвтрүүлнэ.
-Тэгвэл үндсэн замыг хэзээ засаж дуусах вэ?
-Үндсэн зам нээгдэх болоогүй. Бидний тооцоогоор 14-21 хононо. Зүгээр л асфальтыг нь нөхөх, засах, хөнгөн хучих ажил биш. Замын 3-4 хэсэгт бүрэн сэтэлж, ус зайлуулах хоолой хийж байгаа учраас багагүй хугацаа шаардахаар байна. Хоолойн цутгалт дууссаны дараа бэхжилт хийнэ. Гүйцэтгэгч “уулын зам” компани 21 хоногийн дотор замыг хүлээлгэж өгөх ёстой.
-Таван толгой-Гашуун сухайт замд ус зайлуулах хоолой байдаггүй юм уу?
-Говь нутагт хур бороо бага ордог учраас ийм хүчтэй үер буух тохиолдол цөөн байдаг. Энэ жил л таван удаа үер буулаа. 2017 онд нэг л удаа 106, 109, 111 км дэх замд үер буугаад татарсан байдаг. Үүнээс өмнө зам үерт автсан талаарх мэдээлэл алга. Анх зам барихдаа ийм их устай бороо орж, үер болно гэж тооцоогүй учраас цөөн тооны ус зайлуулах хоолой хийсэн байдаг. Уг нь зам дээгүүрх ус давуулах болон малын гарц хийх зэргээр стандартын дагуу ажилласан юм билээ. Гэтэл энэ жил байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдож, уулын сувгийг дагаад зам руу их хэмжээний ус орж ирж байна. Мөн замын хажууханд үер буух тохиолдол ч гарлаа. Тиймээс бид үүнд дүгнэлт хийж, сүүлийн хоёр жилд үер буусан газруудад ус зайлуулах хоолой хийж байгаа юм. Тэгээд ч наймдугаар сард усархаг бороо ихтэй, цочир хүйтрэхээр байгаа учраас бэлтгэл ажил нэн чухал байна.
-Үерийн улмаас гарсан хохиролд хэчнээн төгрөг зарцуулаад байна вэ?
“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ улсын баяр наадмын өмнө хуралдаад зам засварын эрсдэлийн зардлыг баталсан байсан. Долдугаар сарын 14-нд болсон үерийн улмаас гурван хэсэгт учирсан хохирлыг арилгахад 106 сая төгрөг зарцуулсан. Энэ ажлыг “Билигт зам” компани гүйцэтгэж байгаа. Харин 127 дахь цөмөрсөн замыг засах, дөрвөн ус зайлуулах хоолой тавих ажлыг 488 сая төгрөгийн гэрээтэйгээр “Уулын зам” компани хийж байна. Ажлаа шуурхайлах үүднээс компаниудад 70 хувийн урьдчилгаа төлбөр олгосон байгаа.

Нийгэм
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 6 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 870 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 9 мэдэгдлийг хүргүүлэв.
Нийгэм
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал агаарын бохирдлыг бууруулах чиглэлд нийслэлээс олон талт бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаагийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх. НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа нар албаны бусад хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны Дунд наран дахь ….тоотод оршин суух өндөр настан У.Самбуу гуайнд зочилж нарны панель-батарейгаар өрхийн эрчим хүчний хэрэглээгээ хангаж буй сайн жишигтэй танилцлаа.
У.Самбуу гуайнх өнгөрсөн нэгдүгээр сард нарны эрчим хүчийг хэрэглээндээ нэвтрүүлж, яндангаа буулгажээ. Сонгинохайрхан дүүрэгт У.Самбуу гуайнх шиг 80 гаруй айл бий гэнэ. Тэрбээр “Сэргээгдэх эрчим хүчээр халаалтаа шийдсэнээр нийслэлийн тулгамдсан асуудал болоод байгаа агаарын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна. Гэр хэт халж, хэт хөрдөг тохиолдол гарахгүй, үнс тоос, түлээ нүүрстэй зууралдахгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй зэрэг давуу тал бий болсон. Нүүрс түлж байхдаа 3-5 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол одоо цахилгаандаа 300-100 мянган төгрөг л төлж байна” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хотод нүүрс түлж байгаа 200 мянган айл өрх бий. Эдгээр өрхөөс гарч байгаа утаа агаарын бохирдлын 60 хувийг бий болгож байна. Үлдсэн 10 хувийг автомашин, бусад уурын зуухаас гарч байгаа утаа эзэлж байгаа судалгаа гарсан. Утааг бууруулж, агаарын чанарыг сайжруулахын тулд орон сууцны төсөл болон газны хэрэглээг эрчимжүүлье гэдгийг нийслэл хотын удирдлагын багийнхан ярилцаж байна. “Юрико” компанийн инженер залуус өөрсдөө санаачлан, санхүүжилтээ босгоод айл өрхийн нүүрсний хэрэглээг хэрхэн ногоон болгох вэ гэж сүүлийн гурван жил ажиллаж, эхний 80 айлыг нарны эрчим хүчний эх үүсвэрт амжилттай шилжүүлсэнд талархал илэрхийлье. Ирэх өвөл гэхэд тодорхой тооны айлыг нарны эрчим хүч рүү шилжүүлэх боломжийг эрэлхийлж байна” гэв.
Уулзалтын үеэр Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Энх-Амгалан
“Агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх боломж байна. Азийн хөгжлийн сан дотор агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэлэг технологийг нэвтрүүлэхэд тусламж үзүүлэх боломжтой сан бий. Энэ төслийг дахиад 400 айлд нэвтрүүлэх боломжтой эсэх дээр НИТХ-ын дарга А.Баяртай санал солилцож байна. Айлуудын орлого, нарны тусгал, технологийн шийдэл зэргийг олон талаас нь харна. Айл өрхөд санхүүгийн хувьд дарамт болохгүй байх гарцыг судална. Ногоон эрчим хүчийг нэвтрүүлснээр ногоон санхүүжилт авдаг санхүүгийн боломжийг хайна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд аймгийн төвүүдэд ч энэ технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой” гэдгийг онцоллоо.
Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны 80 айлыг нарны эрчим хүчинд шилжүүлж, яндангаас нь салгасан “Coal to Solar” төслийн захирал Г.Төвшин “Бид 80 орчим айлыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлээд байна. Ихэнх нь Улаанбаатарын айл. Цөөн хэд нь Эрдэнэтийн айл байна. Гурав дахь өвөлдөө нүүрс түлэхгүй амьдарч байгаа өрхүүд байгаа юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах агаарын чанарыг сайжруулахын тулд илүү олон айлыг хороо, дүүргээр нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх ёстой” гэлээ.
Нийгэм
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр “Батлан хамгаалах сэргэлт” бодлогын дагуу Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь хугацаат цэргийн алба хаагчдадаа англи хэл, монгол бичгийн сургалтыг амжилттай явуулсан бол энэ удаа Ховд аймгийн “Олны буян” авто сургуультай хамтран жолооны дамжаанд түрүүч, байлдагч нараа хамрууллаа.
Хугацаат цэргийн алба хаагчдаас гадна цэргийн алба хаагчдаа жолооны дамжаанд хамруулсан бөгөөд 06 дугаар сарын 13-ны өдөр жолооны үнэмлэхээ гардан авсан юм. “Олны буян” авто сургуулийн захирал Б.Бямбаа “Цэргийн алба хаагчдын суралцах хүсэл тэмүүлэл дүүрэн байлаа. Хугацаат цэргийн албаа хаангаа жолоонд суралцаж, халагдаж очоод хүссэн авто машинаа унаад явах боломж тохиож байгаад суралцагч дүү нарынхаа өмнөөс баяртай байна” хэмээгээд амжилттай суралцсан түрүүч, байлдагч нарт ангилал ахиулан үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнасан юм.
Жолооны үнэмлэхээ гардан авсан шинэхэн жолооч түрүүч, байлдагч нар баярт энэ өдрөөр цугласан олонд урлагийн тоглолтоор бэлэг барилаа гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Энтертайнмент7 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг10 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм10 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм10 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм8 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм7 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм10 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ