Нийгэм
Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү нэгдлийн удирдлагуудтай уулзаж, охин болон хараат компаниудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудалтай танилцаж, үүрэг чиглэл өгөв. Уулзалтын эхэнд “Гашуун Сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын үйл ажиллагааг танилцуулж, зам засварын ажил хэвийн үргэлжилж байгааг онцоллоо. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай авто зам нь манай улсын нүүрсний экспортын гол гарц бөгөөд өнөөдрийн байдлаар 162 аж ахуйн нэгжийн 11129 тээврийн хэрэгсэл урт болон богины зайд нүүрс тээвэрлэлт хийж байна. 2018 оны долдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 10.6 сая тонн нүүрс тээвэрлүүлж, 39.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа аж. Өнгөрсөн долдугаар сараас эхлэн их хэмжээний аадар бороо үргэлжлэн орж, үерийн аюул нүүрлэснээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замд эвдрэл үүссэн. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл яаралтай хуралдаж, зохих арга хэмжээг шуурхай авсны үр дүнд зам засварын ажил хэвийн үргэлжилж байгааг “Гашуун Сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болд тодотгов.
Засгийн газраас 2017 оны тавдугаар сард металлургийн кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр байгуулах зорилгоор “Эрдэнэс Стийл” ХХК-ийг хувийн хэвшлийн “Бэрэн” групптэй хамтран байгуулсан. Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Батболд “Монгол Улсад металлургийн кокс, ган төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүрэн боломж бий. Учир нь түүхий эдийн арвин нөөцтэй. Монгол Улс 2017 онд 283.4 мянган тонн ган төмөрлөг импортолж, 283 сая ам.долларыг зарцуулсан байдаг. Нийт хэрэгцээний 90 гаруй хувийг гаднаас импортолж байна. Хэрэв металлургийн кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал дотоодын хэрэгцээг бүрэн хангахаас гадна экспортлох боломжтой болно. Үйлдвэр ашиглалтад орвол жилд 500 мянган тонн металлургийн кокс, 300 мянган ган төмөрлөг үйлдвэрлэнэ” гэлээ.
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн хувьд уурхай дээр ажиллаж байгаа нийт машин механизмийн ашиглалтын хугацаа дууссан учир техник технологийн шинэчлэл хийх шаардлагатай. Мөн нүүрсний үнийг бодит өртөгт хүргэх асуудал тулгамдсаныг компанийн гүйцэтгэх захирлууд танилцуулав.
Монгол Улсын хамгийн том ураны ордын лицензийг эзэмшдэг “Мон-Атом” ХХК өнгөрсөн 10 жилийн хугацаанд дөрвөн улстай хамтарч дөрвөн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүний нэг нь Монгол-Францын хамтарсан төсөл бөгөөд орд ашиглах гэрээг 2016 онд байгуулсан аж. Уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сараас ашиглалтад оруулахаар бэлтгэл хангагдаж буйг компанийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргал танилцууллаа.
Уулзалтын төгсгөлд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү нэгдлийн удирдлагуудад хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгөв. Тухайлбал, Багануур болон Шивээ-Овоогийн уурхайнууд 2018-2019 оны өвлийн бэлтгэл ажлаа хангах хүрээнд дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр тасралтгүй хангахыг чиглэл болгосноос гадна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын засварын ажлыг бүрэн дуусгаж, үйл ажиллагааг хэвийн явуулахад тогтмол анхаарахыг үүрэг болголоо. Мөн нэгдлийн хэмжээний шинэ төслүүдийг нэгтгэж, шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг тооцоолох хэрэгтэйг онцлоод Засгийн газраас чиглэл болгосны дагуу компанийн ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг анхааруулав.
Боловсруулсан: Б.Даваатогтох

Нийгэм
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 6 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 870 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 9 мэдэгдлийг хүргүүлэв.
Нийгэм
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал агаарын бохирдлыг бууруулах чиглэлд нийслэлээс олон талт бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаагийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх. НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа нар албаны бусад хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны Дунд наран дахь ….тоотод оршин суух өндөр настан У.Самбуу гуайнд зочилж нарны панель-батарейгаар өрхийн эрчим хүчний хэрэглээгээ хангаж буй сайн жишигтэй танилцлаа.
У.Самбуу гуайнх өнгөрсөн нэгдүгээр сард нарны эрчим хүчийг хэрэглээндээ нэвтрүүлж, яндангаа буулгажээ. Сонгинохайрхан дүүрэгт У.Самбуу гуайнх шиг 80 гаруй айл бий гэнэ. Тэрбээр “Сэргээгдэх эрчим хүчээр халаалтаа шийдсэнээр нийслэлийн тулгамдсан асуудал болоод байгаа агаарын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна. Гэр хэт халж, хэт хөрдөг тохиолдол гарахгүй, үнс тоос, түлээ нүүрстэй зууралдахгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй зэрэг давуу тал бий болсон. Нүүрс түлж байхдаа 3-5 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол одоо цахилгаандаа 300-100 мянган төгрөг л төлж байна” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хотод нүүрс түлж байгаа 200 мянган айл өрх бий. Эдгээр өрхөөс гарч байгаа утаа агаарын бохирдлын 60 хувийг бий болгож байна. Үлдсэн 10 хувийг автомашин, бусад уурын зуухаас гарч байгаа утаа эзэлж байгаа судалгаа гарсан. Утааг бууруулж, агаарын чанарыг сайжруулахын тулд орон сууцны төсөл болон газны хэрэглээг эрчимжүүлье гэдгийг нийслэл хотын удирдлагын багийнхан ярилцаж байна. “Юрико” компанийн инженер залуус өөрсдөө санаачлан, санхүүжилтээ босгоод айл өрхийн нүүрсний хэрэглээг хэрхэн ногоон болгох вэ гэж сүүлийн гурван жил ажиллаж, эхний 80 айлыг нарны эрчим хүчний эх үүсвэрт амжилттай шилжүүлсэнд талархал илэрхийлье. Ирэх өвөл гэхэд тодорхой тооны айлыг нарны эрчим хүч рүү шилжүүлэх боломжийг эрэлхийлж байна” гэв.
Уулзалтын үеэр Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Энх-Амгалан
“Агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх боломж байна. Азийн хөгжлийн сан дотор агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэлэг технологийг нэвтрүүлэхэд тусламж үзүүлэх боломжтой сан бий. Энэ төслийг дахиад 400 айлд нэвтрүүлэх боломжтой эсэх дээр НИТХ-ын дарга А.Баяртай санал солилцож байна. Айлуудын орлого, нарны тусгал, технологийн шийдэл зэргийг олон талаас нь харна. Айл өрхөд санхүүгийн хувьд дарамт болохгүй байх гарцыг судална. Ногоон эрчим хүчийг нэвтрүүлснээр ногоон санхүүжилт авдаг санхүүгийн боломжийг хайна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд аймгийн төвүүдэд ч энэ технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой” гэдгийг онцоллоо.
Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны 80 айлыг нарны эрчим хүчинд шилжүүлж, яндангаас нь салгасан “Coal to Solar” төслийн захирал Г.Төвшин “Бид 80 орчим айлыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлээд байна. Ихэнх нь Улаанбаатарын айл. Цөөн хэд нь Эрдэнэтийн айл байна. Гурав дахь өвөлдөө нүүрс түлэхгүй амьдарч байгаа өрхүүд байгаа юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах агаарын чанарыг сайжруулахын тулд илүү олон айлыг хороо, дүүргээр нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх ёстой” гэлээ.
Нийгэм
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр “Батлан хамгаалах сэргэлт” бодлогын дагуу Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь хугацаат цэргийн алба хаагчдадаа англи хэл, монгол бичгийн сургалтыг амжилттай явуулсан бол энэ удаа Ховд аймгийн “Олны буян” авто сургуультай хамтран жолооны дамжаанд түрүүч, байлдагч нараа хамрууллаа.
Хугацаат цэргийн алба хаагчдаас гадна цэргийн алба хаагчдаа жолооны дамжаанд хамруулсан бөгөөд 06 дугаар сарын 13-ны өдөр жолооны үнэмлэхээ гардан авсан юм. “Олны буян” авто сургуулийн захирал Б.Бямбаа “Цэргийн алба хаагчдын суралцах хүсэл тэмүүлэл дүүрэн байлаа. Хугацаат цэргийн албаа хаангаа жолоонд суралцаж, халагдаж очоод хүссэн авто машинаа унаад явах боломж тохиож байгаад суралцагч дүү нарынхаа өмнөөс баяртай байна” хэмээгээд амжилттай суралцсан түрүүч, байлдагч нарт ангилал ахиулан үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнасан юм.
Жолооны үнэмлэхээ гардан авсан шинэхэн жолооч түрүүч, байлдагч нар баярт энэ өдрөөр цугласан олонд урлагийн тоглолтоор бэлэг барилаа гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Энтертайнмент7 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг10 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм10 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм10 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм8 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм7 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм10 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ