Нийгэм
Эрдэнэс Монгол” ХХК дэд бүтэц, ложистик, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ

“Discover Mongolia” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт эхэллээ. Энэ удаагийн чуулга уулзалт манай улсын уул уурхайн экспортын бүтээгдэхүүний зах зээл эерэг болж, томоохон төслүүдийг урагшлуулах алхам хийгдэж байгаа цаг үед зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна.
Чуулга уулзалтад Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ болон уул уурхай, бизнесийн салбарын ТББ, хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулагчид, гадаадын хөрөнгө оруулалтын сангийнхан, олон улсын банк санхүүгийн байгууллагууд, судлаач, шинжээчид зэрэг 25 орны 600 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.
Чуулга уулзалтыг нээж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар илтгэл тавьсан бөгөөд тэрээр уул уурхайн хайгуул, олборлолт, нэмүү өртөг шингэсэн боловсруулах салбар, шаардлагатай дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэл 20 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг дуулгаад энэхүү өндөр хөрөнгө оруулалтын хэрэгцээг хангахад бүтээлч хамтын ажиллагаа шаардлагатайг онцоллоо. Салбарын сайд геологи хайгуул, уул уурхайн салбарын өнөөгийн байдал болон Таван толгой, Оюу толгой ордуудын талаар мэдээлэл өгч, нэмүү өртөг шингэсэн, боловсруулах үйлдвэрлэл, бүс нутгийн интеграци ба дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар танилцуулсан нь төлөөлөгчдийн анхаарлыг татсан юм.
Энэ удаагийн чуулганаар анх удаа бүс нутгийн худалдааг уул уурхайтай холбосон салбар хуралдаан болж хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү онцлох илтгэлийг тавив. “МУ-ын хөгжилд Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт түүний илтгэлд “Эрдэнэс Монгол” компани дунд хугацаанд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, эрчим хүч дэд бүтэц, ложистик, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байгааг дуулгалаа. Нүүрснээс түлш боловсруулах, ган төмөрлөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үнэт металл цэвэршүүлэх зэрэг үйлдвэрийн төслүүдийн явц, хүлээгдэж буй үр дүнг танилцуулж, Багануур, Шивээ Овоогийн уурхайд өргөтгөл, техникийн шинэчлэл хийх шаардлага бийг хөрөнгө оруулагчдын сонорт хүргэв.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн хувьцааны асуудлаар хийсэн мэдээлэл төлөөлөгчдийн сонирхлыг татсан. Засгийн газрын тогтоолын дагуу “Эрдэнэс Монгол” ХХК гурван сая ширхэг хувьцааг санхүүгийн тайландаа бүртгэсэн ч хүн амын өсөлтийг харгалзан давуу эрхийн хувьцааг таван сая болгон компанийн дүрэмд нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд давуу эрхийн хувьцаа эзэмшигч стратегийн ач холбогдол бүхий 16 ордын үр ашгийг хүртэнэ” гэдгийг П.Ганхүү захирал илтгэлдээ онцолсон юм.
“Дисковери Монголиа”чуулга уулзалт хоёр өдөр үргэлжилнэ. Монгол Улсын эрдэс баялаг, уул уурхайн салбарын давуу тал, боломжуудыг таниулах, тулгарч буй сорилтуудыг хэрхэн даван гарах зэрэг сэдвүүдийг онцгойлон хэлэлцэх юм.
Боловсруулсан: С.Хүрэл

Нийгэм
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Зам, тээврийн яамнаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, Зам, тээврийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 дугаартай тушаалаар баталсан “Улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн дагуу хилийн боомт тус бүрээр улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх аж.
Мөн нийт тээврийн хэрэгсэлд нэгдсэн тооллого зохион байгуулан тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авах юм.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад долоон аймгийн есөн боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдана.
Хяналт шалгалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 25-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг уртасгах юм байна.
Нийгэм
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сард нийт 212.374 зөрчил бүртгэгдсэн нь хоёрдугаар сартай харьцуулахад 26.7 хувиар буурчээ.
Нийт зөрчлийн 73.3 хувь нь Нийслэлд, 26.7 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 97.7 хувийг нь Цагдаагийн байгууллага, 2.3 хувийг нь Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллага шалган шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 205.939 хүн, 783 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Нийт зөрчлийн хэргийн 96.2 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард гарсан зөрчлийг хоёрдугаар сартай харьцуулахад Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 67.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 28.5 хувиар, Хулгайлах зөрчил 26.7 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 21.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 66.7 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 14.4 хувиар өссөн байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ

