Нийгэм
П.ГАНХҮҮ: СТРАТЕГИЙН ОРДУУДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ ТУСГАЙ ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАЖ АЖИЛЛАНА

“Discover Mongolia” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр сонирхол татсан илтгэлийн нэг бол “Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирал П.Ганхүүгийнх байлаа. Тэрээр нүүрснээс түлш боловсруулах, ган төмөрлөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үнэт металл цэвэршүүлэх зэрэг үйлдвэрийн төслүүдийн явц, хүлээгдэж буй үр дүнг танилцуулж, Эрдэнэт үйлдвэрийн төрийн эзэмшлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх асуудлыг ойрын хугацаанд шийдэх тухай илтгэлдээ дурдсан. Мөн газрын тос, газрын ховор элементийн чиглэлээр компани байгуулж хувьцаа эзэмших, “Эрдэнэс Монгол” ХХК -ийн давуу эрхийн хувьцааг 5 сая болгон компанийн дүрэмд нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг дуулгасан нь хэвлэлийнхний анхаарлыг татсан юм. Чуулганы завсарлагаар түүнтэй ярилцлаа.
Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр та илтгэлдээ онцолсон. Энэ чиглэлээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдээс дурдаач…?
Та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн хугацаанд ажилласан хамгийн бодитой төсөл бол Тавантолгойн төсөл. Одоо IPO хийх бэлтгэл ажил хийгдэж байгаа. Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шилжүүлсэн. Манай улс байгалийн нөөц баялаг, тэр дундаа метаны арвин нөөцтэй. Тавантолгойн ордыг түшиглэн метаны эрэл хайгуул хийх ажлыг эхлүүлэхээр гадны хөрөнгө оруулагчидтай ярьж байгаа. Энэ талаар сая хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Мөн хүрэн нүүрсэнд суурилсан эрчим хүчний эх үүсвэр бий болгох чиглэлд онцгой анхаарч байна. Агаарын бохирдлыг бууруулахад метан хийг ашиглах, алт цэвэршүүлэх, ган төмөрлөг үйлдвэрлэх эдийн засаг, төсвийн орлогод хувь нэмэр оруулах томоохон төслүүд бий.
Хүрэн нүүрсийг ашиглах судалгаа хийгдэж байгаа гэсэн. Энэ чиглэлд яриа хэлэлцээ хийгдээд ажил хэрэг болж байгаа төсөл байна уу?
Манай улс 37 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй гэсэн таамаг бий. 2018 оны тавдугаар сараас хойш агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хүрэн нүүрс түлэхгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Хөрөнгө оруулагчид энэ чиглэлээр хамтран ажиллах талаар сонирхлоо илэрхийлж байгаа. Тухайлбал, БНСУ-ын талаас Багануур компанитай хамтран сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиглэлээр яриа хэлэлцээ хийгдэж байна. “Тавантолгой түлш” ХХК Улаанбаатар хотод түлшний үйлдвэр барих ажлыг эхлүүлээд явж байна. Мөн нүүрсийг шингэрүүлээд дизель түлш болон дагалдах бүтээгдэхүүн гаргаж авах чиглэлээр яриа хэлэлцээ хийгдэж байгаа.
Эрдэс баялгийн биржийн бодит үр дүн ач холбогдлыг та яаж харж байна?
Эрдэс баялгийн бирж байгуулагдсанаар худалдагч, худалдан авагч талууд дундын зуучлагчгүйгээр түүхий эдийг арилжаалах, зах зээлийн бодит ханш тогтох нөхцөл бүрдэх юм. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс Эрдэс баялгийн биржийн үйл ажиллагаанд оролцох оролцоо, үүрэг хариуцлага, бидний өмнө байгаа боломж бололцоог тодорхойлох талаар судалж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулахаар холбогдох байгууллагуудын төлөөллүүд оролцсон ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.
Багануур, Шивээ-Овоогийн нэмэлт хувьцаа гаргах тухай та илтгэсэн. Гэхдээ эдгээр уурхайд техникийн шинэчлэл хийж байж энэ боломж бүрдэнэ гэж ойлголоо…?
Монголын хөрөнгийн биржээр дамжуулан Шивээ-Овоогийн 39%, Багануурын 24 %-ийн нэмэлт хувьцааг гаргах боломжтой болно. Эдгээр уурхайнуудын техникийн 80 гаруй хувь нь ашиглалтын хугацаа дуусаад удсан, зайлшгүй шинэчлэх шаардлагатай байгаа. Уурхайн өргөтгөл техникийн шинэчлэл хийгдсэнээр нүүрс олборлолт өсөх тооцоо бий.
Ярилцсанд баярлалаа
Боловсруулсан: С.Хүрэл

Нийгэм
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Зам, тээврийн яамнаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, Зам, тээврийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 дугаартай тушаалаар баталсан “Улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн дагуу хилийн боомт тус бүрээр улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх аж.
Мөн нийт тээврийн хэрэгсэлд нэгдсэн тооллого зохион байгуулан тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авах юм.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад долоон аймгийн есөн боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдана.
Хяналт шалгалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 25-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг уртасгах юм байна.
Нийгэм
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сард нийт 212.374 зөрчил бүртгэгдсэн нь хоёрдугаар сартай харьцуулахад 26.7 хувиар буурчээ.
Нийт зөрчлийн 73.3 хувь нь Нийслэлд, 26.7 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 97.7 хувийг нь Цагдаагийн байгууллага, 2.3 хувийг нь Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллага шалган шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 205.939 хүн, 783 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Нийт зөрчлийн хэргийн 96.2 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард гарсан зөрчлийг хоёрдугаар сартай харьцуулахад Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 67.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 28.5 хувиар, Хулгайлах зөрчил 26.7 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 21.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 66.7 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 14.4 хувиар өссөн байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ

