Нийгэм
Ц.Болд: Зам засварын ажилд 24 тэрбум төгрөг зарцуулсан

Манай улсын нүүрсний экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын нөхцөл байдлын талаар “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Болдоос дараах зүйлийг тодрууллаа.
-Сүүлийн өдрүүдэд Гашуунсухайт хилийн боомт дээр нүүрс тээвэрлэсэн автомашины урт дараалал үүссэн. Дараалал үүсэх болсон шалтгаан нь юу вэ?
-Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт хилийн боомтоор өдөрт 550-650 нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл нэвтэрч байна. Угтаа бол арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар өдөрт дунджаар 1200-1300 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан. Нүүрсний экспорт буурах болсон нь худалдан авагч тал буюу БНХАУ-тай холбоотой. Хятад улс гаалийн программдаа өөрчлөлт оруулж, тээврийн хэрэгсэл болон жолооч нар олгодог картаа шинэчилсэн учир нүүрсний экспортын хэмжээ буурсан. Мөн тухайн улсын гаалийн хяналт шалгалт чангарсан. Үүнээс улбаалан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам дээр урт дараалал үүсэж байна. Хуучин 55-60 км урттай дараалал хонодог байсан бол өнөөдрийн байдлаар 110-120 км урттай оочер дараалал үүссэн. Оочер дараалал үүсэх болсон нь Монголын талаас шалтгаалсан зүйл байхгүй. Энэхүү оочер дарааллыг богино хугацаанд бууруулахын тулд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд нүүрс тээвэрлэлтийн уртын урт чиглэлээр тээвэрлэх тээврийн хэрэгслийн тоог бууруулж, урт болон богино чиглэлийн тээвэрлэлтээ нэмэгдүүлнэ. Мөн уурхайнууд дээр графикийн дагуу ачилт хийхээр төлөвлөж байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто зам дээр өнөөдрийн байдлаар зөвшөөрөлтэй 161 аж ахуйн нэгжийн 13079 тээврийн хэрэгсэл 24 цагаар нүүрс тээвэрлэлт хийж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад нүүрсний экспорт болон үнэ өндөр үзүүлэлттэй байгаа. Энэ хэрээр Монгол Улсын эдийн засагт томоохон дэмжлэг үзүүлж байна. Энэ сарын 1-ний байдлаар Гашуунсухайт хилийн боомтоор 15.1 сая тонн нүүрс экспортод гарсан.
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам дээр гарч буй аваар осол олон нийтийн анхаарлыг татаж байна. Осол гарах болсон үндсэн шалтгаан нь юу вэ?
-Он гарснаар нийтдээ 464 удаагийн 1, 2, 3 зэрэглэлийн осол аваар бүртгэгдсэн. Нийт ослын 92.8 хувь жолооч нарын хариуцлагагүй үйлдлээс улбаатай байдаг. Тодруулбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, урсгал сөрсөн, зогссон цувааны араас ирж мөргөсөн, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсны улмаас осол аваар гарч байна. Энэ хэрээр жолооч нар эрүүл мэндээрээ хохирч, гэмтэж бэртэж байна. Тиймээс манай компани Авто тээврийн үндэсний төв болон уурхайнуудтай хамтран тээвэрлэгч компаниуд руу чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна.
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замын засварын ажил дууссан уу?
-Замын завсар арчлалтын ажил бүрэн дууссан. Зам засвар, арчлалт, шалган нэвтрүүлэх цэгийн өргөтгөл зэрэг ажилд нийтдээ 24 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд Улсын комисс хүлээн авсан. Үүнээс гадна хоёр дахь км дээр 1000 машины зогсоол, амралт үйлчилгээний цогцолбор барихаар ажиллаж байна. 228 км буюу Гашуунсухайт боомтын наана 2800 машины зогсоол, амралт үйлчилгээний цогцолбор байгуулна. Амралтын үйлчилгээний цогцолборт 300 хүнийг нэгэн зэрэг хүлээн авч хооллох танхим, 200 хүний багтаамжтай үзвэрийн танхим, эмнэлэг болон нийгмийн даатгалын нэг цэгийн үйлчилгээ багтаж байгаа. Энэ зогсоол ирэх арванхоёрдугаар сарын 25-нд ашиглалтад орно.
-Замын засвар, арчлалтын ажлыг гүйцэтгэх төв байгуулах санаачилга гарсан байсан. Хэзээ бодит ажил хэрэг болох вэ?
-2019 оноос Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай 239 км авто замын засвар, арчлалтыг гүйцэтгэх төв байгуулахаар “Эрдэнэс Монгол” компани ажиллаж байгаа. Ажлын хэсэг байгуулсан бөгөөд судалгааны ажил хийгдэж байна.
Боловсруулсан: Б.Даваатогтох

Нийгэм
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Зам, тээврийн яамнаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, Зам, тээврийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 дугаартай тушаалаар баталсан “Улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн дагуу хилийн боомт тус бүрээр улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх аж.
Мөн нийт тээврийн хэрэгсэлд нэгдсэн тооллого зохион байгуулан тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авах юм.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад долоон аймгийн есөн боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдана.
Хяналт шалгалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 25-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг уртасгах юм байна.
Нийгэм
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сард нийт 212.374 зөрчил бүртгэгдсэн нь хоёрдугаар сартай харьцуулахад 26.7 хувиар буурчээ.
Нийт зөрчлийн 73.3 хувь нь Нийслэлд, 26.7 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 97.7 хувийг нь Цагдаагийн байгууллага, 2.3 хувийг нь Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллага шалган шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 205.939 хүн, 783 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Нийт зөрчлийн хэргийн 96.2 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард гарсан зөрчлийг хоёрдугаар сартай харьцуулахад Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 67.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 28.5 хувиар, Хулгайлах зөрчил 26.7 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 21.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 66.7 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 14.4 хувиар өссөн байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ

