Нийгэм
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нээлт боллоо

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард “Тавантолгой Түлш” ХХК-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулсан билээ. “Эрдэнэс Монгол” компани “Тавантолгой Түлш” ХХК-д энэхүү төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт олгож, үйл ажиллагааг нь эхлүүлж, өнгөрсөн хугацаанд мэргэжлийн удирдлагаар хангаж ажилласан. Тэгвэл тус компанийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нээлт өнөөдөр болж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Үйлдвэр энэ онд 200 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх бол 2019 онд хүчин чадлыг нэмэгдүүлж, 600 мянган тн-д хүргэж, 220 мянган өрхийг 100 хувь сайжруулсан түлшээр хангах боломжтой болно гэдгийг тус компанийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар онцоллоо. Нийслэлийн гэр хорооллын өрхүүд жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр жилд 600 мянган тн-ыг түлнэ гэсэн судалгааг хийгээд байна. Тоон харьцуулалтаас харахад агаарын бохирдол 50 орчим хувиар буурах боломжтой байгаа аж. Түлшний нөөцөө бэлтгэхээс гадна сайжруулсан, шахмал түлш нь өнөөдөр худалдаалагдаж буй түүхий нүүрснээс үнэ хямд байх ёстойг Ерөнхий сайд анхаарууллаа.
Боловсруулсан: Б.Даваатогтох

Нийгэм
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Зам, тээврийн яамнаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, Зам, тээврийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 дугаартай тушаалаар баталсан “Улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн дагуу хилийн боомт тус бүрээр улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх аж.
Мөн нийт тээврийн хэрэгсэлд нэгдсэн тооллого зохион байгуулан тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авах юм.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад долоон аймгийн есөн боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдана.
Хяналт шалгалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 25-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг уртасгах юм байна.
Нийгэм
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сард нийт 212.374 зөрчил бүртгэгдсэн нь хоёрдугаар сартай харьцуулахад 26.7 хувиар буурчээ.
Нийт зөрчлийн 73.3 хувь нь Нийслэлд, 26.7 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 97.7 хувийг нь Цагдаагийн байгууллага, 2.3 хувийг нь Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллага шалган шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 205.939 хүн, 783 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Нийт зөрчлийн хэргийн 96.2 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард гарсан зөрчлийг хоёрдугаар сартай харьцуулахад Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 67.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 28.5 хувиар, Хулгайлах зөрчил 26.7 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 21.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 66.7 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 14.4 хувиар өссөн байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ

