Нийгэм
Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн төслүүдэд “Эрдэнэс Монгол” ХХК голлох үүрэгтэй оролцохоо илэрхийлэв

“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд дэд бүтэц, аж үйлдвэр, хилийн боомт, хөдөө аж ахуй зэрэг чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд гурван талт ажлын хэсгийн шинжээчдийн түвшний дөрөвдүгээр уулзалт ГХЯ-д өчигдөр /2018.12.11/ боллоо.
Уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү оролцож, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хэрэгжүүлж буй дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн талаар ажлын хэсэгт танилцуулав. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын зах зээлд IPO гаргаж, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-иудын нэмэлт хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан борлуулах замаар хөрөнгө босгож, санхүүгийн хүндрэлтэй байдлаас гаргах хувилбарыг боловсруулж буйг илтгэлдээ онцоллоо. Мөн нүүрсний давхаргын метан хий, металлургийн кокс, ган төмөрлөгийн үйлдвэр, нүүрсийг баяжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх үйлдвэрийн төсөл зэргийг хэрэгжүүлэхээр эдийн засгийн тооцоо судалгаа хийж байгааг танилцуулсан. Цаашид төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж буй бөгөөд “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төслүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулж хэрэгжүүлэхэд компанийн зүгээс голлох үүрэгтэй оролцоно гэдгийг онцоллоо.
Уулзалтыг нээж, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африк, Латин Америкийн газрын орлогч захирал А.В.Зелёнев, БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны баруун бүсийг хөгжүүлэх газрын дэд дарга Жан Мин нар үг хэлсэн бөгөөд Монголын талаас ГХЯ, ЗТХЯ, ЭХЯ, УУХҮЯ, Хөгжлийн банкны төлөөллүүд оролцож, илтгэл тавив. Уулзалтаар Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлт, хурдны авто зам барих эдийн засгийн үндэслэл болон гурван улсын хооронд эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг боломжийн талаар хөндөн хэлэлцлээ.
Боловсруулсан: Д.Доржмаа

Нийгэм
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Зам, тээврийн яамнаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, Зам, тээврийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 дугаартай тушаалаар баталсан “Улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн дагуу хилийн боомт тус бүрээр улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх аж.
Мөн нийт тээврийн хэрэгсэлд нэгдсэн тооллого зохион байгуулан тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авах юм.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад долоон аймгийн есөн боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдана.
Хяналт шалгалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 25-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг уртасгах юм байна.
Нийгэм
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сард нийт 212.374 зөрчил бүртгэгдсэн нь хоёрдугаар сартай харьцуулахад 26.7 хувиар буурчээ.
Нийт зөрчлийн 73.3 хувь нь Нийслэлд, 26.7 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 97.7 хувийг нь Цагдаагийн байгууллага, 2.3 хувийг нь Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллага шалган шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 205.939 хүн, 783 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Нийт зөрчлийн хэргийн 96.2 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард гарсан зөрчлийг хоёрдугаар сартай харьцуулахад Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 67.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 28.5 хувиар, Хулгайлах зөрчил 26.7 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 21.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 66.7 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 14.4 хувиар өссөн байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ

