Нийгэм
“ХӨСҮТ-д ажиллаж буй эмч, сувилагч нарыг бэлтгэх шаардлагатай”

Монгол Улс дотооддоо цар тахал алдаагүй ч эрсдэл маш ойрхон байгааг албаныхан сануулж буй. Учир нь арваннэгдүгээр сарын 6-н хүртэл Монголд дотоодоос Covid-19-ын халдвар илрээгүй байсан ч халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан нэг сувилагчаас уг вирус илэрсэн нь сонор сэрэмжээ алдаж болохгүйг сануулсан хэрэг болсон юм. Одоогоор сувилагчтай хамт байсан бүхий л хүмүүсийг тусгаарлаад буйг албаныхан мэдэгдсэн.
Мөн сүүлийн нэг сарын дотор гадаадаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа иргэдийн шинжилгээнээс вирус тогтмол илэрч байна. Хамгийн сүүлд өчигдөр (2020.11.08) Монгол Улсад зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлын тоо таваар нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 362 болсон.
Харин Covid-19-ын халдвар авсан сувилагчийн талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс тодруулахад “Халдвар авсан сувилагчийн биеийн байдал хэвийн, ямар нэгэн шинж тэмдэг, зовиур илрээгүй. Бид халдварын голомтод 14 хоног ажилласан багаа дахин 14 хоног тусгай өрөөнд ажиглалт, хяналтад байлгаж байгаад 28 хоногийн дараа гэрт нь хариулдаг. Халдвар авсан сувилагчаас голомтод ажилласан эхний 12 дахь хоногт шинжилгээ авахад Covid-19-ийн халдвар илэрсэн. Өдийг хүртэл ХӨСҮТ-д ажиллаж байсан эмч, сувилагч нар халдвар аваагүй байсан. Бид лабораторийн шинжилгээгээр халдварыг илрүүлж, алдаа дутагдал хаана гарав гэдгээ шалгаж байна. Ажлын багийг хяналтад авсан, шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна.
Хүн болгон робот шиг адилхан ажиллахгүй. Бид анхнаасаа эмч, сувилагч нараа сургалтад суулгаж, ногоон бүсэд бэлтгэл хийлгэж байгаад халдварын голомтод ажиллуулдаг. ХӨСҮТ-д ажиллаж буй эмч, сувилагч нарынхаа хүний нөөцийг бүрдүүлж, бэлтгэх шаардлагатай байна. Алсдаа эдгээр хүмүүс хүн л юм чинь ядарна. Тийм учраас дараагийн ээлжийн хүнийг сургах, нэмэлтээр ажиллуулах зохицуулалтыг хийж байгаа. Өөрөөр хэлбэл, шинээр баг бэлдэж байгаа” гэв.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д халдварын голомтод 200 орчим эмч, мэргэжилтнүүд ээлжээр ажиллаж байгаа аж. Халдвар авсан сувилагчийн хувьд анх удаа халдварын голомтод ажиллаж байжээ. “Халдвар хамгааллын дүрэм алдагдсан учраас л тэр хүн халдвар авсан. ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд бие биеэ давхар хянаж ажилладаг. Бас давхар камераар шүүнэ. Иргэд маань энэ хүнийг буруутгаж, давхар сэтгэл санаагаар унагах биш сэтгэлээр дэмжих хэрэгтэй” хэмээн Д.Нямхүү захирал хүссэн юм.
Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал “Тухайн сувилагч ХӨСҮТ-ийн дотор халдвар авсан гэхээс илүүтэй наймдугаар сард Солонгос улсад ажиллаж байгаад ирсэн, тусгаарлалтад ороод гарсан. Ажилдаа ороод нэг сар болж байгаа гэх мэдээлэл байна. Тиймээс бид түүнийг үнэхээр эмнэлгийн дотоод замаар халдвар авсан уу үгүй юу, эсвэл урьд нь тусгаарлалтаас гараад үргэлжилсэн халдвар явж байгаа эсэхэд шинжилгээ судалгаа хийж байна. Бид ХӨСҮТ-д ирсэн өдрүүдийнх нь бүх камерыг бичлэгт шалгалт хийх ажиллагаа явагдаж байна. Ирэх долоо хоногт та бүхэнд тодорхой мэдээллийг өгнө” гэсэн тайлбарыг өгсөн.
Иргэд дахин бие биедээ маскаа зүү, гараа угаа, зай барь гэж шаардлага тавих цаг болжээ. Өнгөрөгч нэгдүгээр сард монголчууд Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг дагаж, хүнд үед өндөр зохион байгуулалттай байж чадсан. Тэр үе шиг дахин эмч мэргэжилтнүүдийн зөвлөмжийг дагаж, нэг хүн шиг дагаж мөрдөх хэрэгтэй байна. Учир нь халдвар авсан иргэдийн шинжилгээ 18-20 дахь хоног дээрээ илэрч, эрсдлийг улам нэмж байна.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн долоо хоногт манай улсад өдөр болгон шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Сүүлийн тохиолдлууд ихэвчлэн 18-20 дахь хоног дээрээ илэрсэн. ОХУ-д өвчлөл нэмэгдсэнтэй холбоотойгоор тээврийн жолооч нараас халдвар илэрч байгаа учраас амны хаалт зүүж, олон хүн цугласан газар явахгүй байхыг анхааруулъя. Covid-19 халдварын хоёр дахь давалгааны хамгийн хүнд үеийг дэлхий нийт даван туулахаар хичээж байна” гэдгийг онцгойлон анхааруулсан.
Дэлхий нийтэд цар тахлаас урьдчилан сэргийлэх вакциныг үйлдвэрлэж эхлээгүй энэ цаг үед амны хаалт зүүж, хэвших нь хамгийн найдвартай арга. Цаашид ч гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол нэмэгдэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс иргэд ухамсартай байж, өөрийгөө болон өрөөлийг аюулт цар тахлаас сэргийлэхийг хүсье.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.