Бусад
Гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас чуулганы хуралдаан дахин хойшлов

Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан 2018 оны 12 дугаар сарын 27, 28-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэхээр тогтсоныг танилцуулаад, УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан ирц бүрдэхгүйн улмаас хуралдаж чадахгүйд хүрвэл 7 дахь удаагаа хойшлоход хүрээд байгааг онцоллоо.
Тэрбээр, өнгөрсөн долоо хоногт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн даргалдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Улсын Их Хуралд албан бичиг ирүүлсэн. Уг албан бичигт, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн Улсын Их Хуралд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдээлэл хийх хуваарьтай байсан билээ. Гэвч Улсын Их Хурлын ирц бүрдээгүй байсан учир Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн мэдээлэл хийж чадаагүй болно. Иймд 2018 оны 12 дугаар сарын 27, 28-ны аль нэг өдөр Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн 2018 оны Үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх товыг тогтоож, мэдэгдэнэ үү гэсэн бичгийг Улсын Их Хуралд ирүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн мэдээлэл хийх хүсэлтээ ирүүлсэн учраас маргаашийн УИХ-ын чуулганы хуралдааны товд оруулсан. Түүнчлэн УИХ дахь МАН, АН-ын бүлийн дарга нарт УИХ-ын чуулганы ирц бүрдүүлэх талаар бичиг хүргүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүнийг мэдээлэл хийх гэж байхад чуулганы ирц бүрдүүлээгүй 30 гишүүн байгаа. Тэдгээр гишүүдийн нэр дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүнийг мэдээлэл хийлгэхэд ирц бүрдүүлэх үүргийг нь сануулсан албан бичгийг хүргүүлээд байгаа гэдгийг дурдав.
Мөн энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Улсын Их Хурлын даргыг огцруулах талаарх шаардлагыг авч хэлэлцсэн. Тус байнгын хорооноос өгсөн хариуг гишүүддээ танилцуулъя гэж бодож байна.
Монгол Улсын Их Хурлын даргаас шилжүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун Эрдэнэ нарын 40 гишүүний гарын үсэг бүхий 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13741 тоот албан бичгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд танилцуулсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Их Хурлын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын даргын бүрэн эрх энэ хуулийн 10.1-д зааснаар хугацаанаасаа өмнө дуусгавар болно. 10.2.1-д нас барсан, 10.2.2-т өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан, 10.2.3-т хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан, 10.2.4-т Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан, 10.2.5-д гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан гэж тус тус заасан байдаг тул УИХ-ын гишүүдээс ирүүлсэн албан бичгийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй тул хэлэлцэх асуудлаас хассан гэсэн албан бичгийг Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангаас УИХ-ын даргын нэр дээр албан бичиг ирүүлсэн гэдгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулав.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан.
Уг хуулийг ирэх оноос өмнө хэлэлцэж баталж чадахгүй бол алтны татвар төлдөг компаниуд 5 хувиар татвар төлөх үү гэдэг нь тодорхой бус болж байгаа юм. Татвар төлөх эрх зүйн үндэслэлгүй болж байгаагаас алтны компаниуд алтаа тушаахгүй байдал үүсвэл Монгол Улсын валютын нөөцөд шууд нөлөөлнө. Хохирол нь хувийн хэвшил, ард түмний нуруун дээр очих асуудлыг хэлэлцэхгүй бол эрсдэл үүсэх бодитой нөхцөл байдал үүсээд байна. Мөн Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох асуудлыг УИХ-д өргөн барьсан ч хэлэлцүүлээгүй байгаа. Хуульд 30 хоногийн дотор Засгийн газрын гишүүнийг томилох заалттай. Энэ хугацаа өнгөрсөн. Энэ тухай Монгол Улсын Засгийн газрын тэргүүнд албан ёсоор мэдэгдсэн байгаа. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын асуудлыг Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцсэн. Зам, тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг огцруулах асуудлыг Засгийн газраас өргөн барьсан. Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэх ёстой байсан ч, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэж чадаагүй, хууль зөрчөөд байна.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалган судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий Түр хороо байгуулах төслийг УИХ-ын гишүүдээс гаргаж, Байнгын хороо дэмжсэн. Үүнийг УИХ-аар танилцуулах ёстой ч хугацаа алдаад байна. Ард түмний дунд бухимдал үүсгээд байгаа асуудлаар Түр хороо байгуулж чадахгүй нөхцөл байдал үүслээ. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжихтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дүрэм батлах тухай, төрийн зарим байгууллагын албаны ангилал, зэрэглэлийг тогтоох тухай зэрэг тогтоолууд батлагдах ёстой. Энэ мэтчилэн цаг хугацаатай, хууль тогтоомжууд хэрэгжиж чадахгүй бодитой нөхцөл байдал үүсч байгааг Засгийн газрын тэргүүнд сануулж байна гэлээ.
Ийнхүү чуулганы хуралдааны ирц бүрдэхийг бүтэн цаг хүлээсний эцэст Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Улсын Их Хурлын ирц бүрдээгүйн улмаас хуралдаж чадахгүйд хүрснийг мэдэгдээд, нийт ард иргэдээсээ хүлцэл өчлөө

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент9 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг12 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм12 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм10 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм10 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм13 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм10 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм13 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно