Улс төр
Нийслэлийн Засаг даргад Г.Төмөрбаатарыг өрсөлдүүлье хэмээв, ард түмэн

Ч.Чулуун
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар хэн ажиллахыг НИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэх хуулийн хугацаа өнөөдрөөр дуус ч буй. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс хотын даргаар ажиллах хүнээ оруулж ирэх бөгөөд олонхийн санал авсан эрхмийг баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах учиртайг бид өмнө нь өгүүлсэн. Хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайхан, ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий Консул Л.Амарсанаа, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар, НИТХ-ын гишүүн Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан , Г.Төмөрбаатар нарын нэр яригдаж буй. Нийслэлийн Засаг дарга гэдэг улс төрийн хүрээнд сайдын суудлаас ч илүү үнэ цэнтэй албан тушаал болсон нь үүнээс харагдаж байх юм. Үнэндээ Засаг дарга болохоор хор найруулан мөлхөж яваа “мөрөөдөгчдөд” Улаанбаатарыг утаанаас яаж салгах, түгжрэлийг хэрхэн бууруулах, орон сууц, дэд бүтцийг нь ямар аргаар сайжруулах вэ гэдэг мөрийн хөтөлбөр огт байхгүй гэдэгт мөрийцөж болно. Монгол Улсын хүн амын тэн хагас нь оршин сууж буй нийслэл хотын мээр болж хангардитай түлхүүрийг нь атгахсан гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж яваа эрхмүүдийг хоёр хувааж болохоор байна. Эхнийх нь хотын амьдралыг огт мэдэхгүй цагаан гартай улстөрчид. Хотын ажил, амьдрал, бэрхшээл хүндрэлийг мэддэг хүн л тэр бүхнийг ажил хэрэг болгож чадна уу гэхээс гаднаас заларч ирсэн хүн бол ажилтайгаа танилцах гэсээр байтал дараагийн сонгууль болно. Энэ үүднээс хотын даргад нэр дэвшиж буй эрхмүүдийн хэн нь хэн бэ гэдгийг уншигч танд хүргэе.
С.Амарсайхан гэж хэн бэ
Зайсан толгойг залгиж орхисон С.Амарсайхан
НИТХ-ын дарга. Энэ эрхмийн явдал мөр нийслэлтэй холбогдсоноос хойш ил болсон. Магтуулах, муулуулахын тухайд бараг л тэнцэж буй байх. Хэрэвзээ үнэхээр АНУ-д сургууль төгссөн бол боловсрол мэдлэгийн тухайд өнөөгийн нийгэмд гологдохооргүй нэгэн аж. Даанч манайхан дамжаа төгссөнийгөө их сургууль гэж андууран нохойтоод байдаг юм. Намтарт нь тэмдэглэгдсэнээр бол АНУ-д хоёр ч коллеж төгсч. Мөн Соут Вест Их сургуулийг дүүргэжээ. Тэгсэн атлаа эзэмшсэн мэргэжлийн тухайд оноосон зүйл үгүй ч эрхзүйч, магистр гэсэн ганц өгүүлбэр харагдсан. Түүний тухай олныг өгүүлэх хэрэггүй. Шууд л цахилгаан шатанд суугаад л албан тушаалын оргил руу зүтгэж яваа гэчихэд гэмгүй. Нэгэн цагт нэр хүндтэй явсан төрсөн ах С.Отгонбаярынх нь нэр нөлөө байсан байхыг үгүйсгэхгүй. Тиймгүй атлаа л Монгол Улсын ШУМТ-ийн төвийн ажилтнаар хэсэгхэн зуур ажиллаад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе болсон байх уу. Он цагийн тухайд 2000-2004 он. Үүний дараа Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны менежерээр дөрвөн жил ажилласнаа 2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ий Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ийн даргаар тус тус ажиллажээ. Мань эрийг нийслэлийн хэмжээний улстөрч гэж ойлгож болно. Анх 2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байдаг. Өнгөрсөн орон нутгийн сонгуульд ялалтаа бататгаснаар НИТХ-ын даргаар ажиллах болсон. Нийслэлийн Засаг дарга Су. Батболд шахалтад орж өөрийн хүсэлт нэрийн дор ажлаа өгөх хүсэлтээ өргөн барих тэр үеэр НИТХ-ын дарга маань “Су.Батболдын орыг залгаж, Нийслэлийн Засаг даргын сэнтийд сонирхол байхгүй” хэмээн хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэж байсан ч байдал эсрэгээрээ магадлал өндөр нөхдүүдийг тэргүүлж яваа. У.Хүрэлсүх үнэхээр шударга ёс, авлигагүй орчныг бий болгоё гэж байгаа бол С. Амарсайхан шиг Зайсан толгойд эзэн суусан тэрбумтанд нийслэлчүүдийн хувь заяаны цадигийг атгуулахгүй л байлгүй дээ. Тэр зүгээр Налайх дүүргээ хөгжүүлэхээ бодоод, НИТХ-ын төлөөлөгчөөрөө л байхад л хангалттай санагдана.
Дархан хотыг дампууруулж орхисон Л.Амарсанаа
Улс төрд ч амьдрал дээр ч чимээгүйхэн сууж байгаад өөрийгөө нөхөр байдаг даа. ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Л.Амарсанаа бол тийм л хүн. Түүний нэр улс төрийн хүрээнийхэнд тэгтлээ дуулдаад байдаггүй ч МАН засгийн эрх авах бүрийд мань хүн ямар нэг байдлаар албан тушаалд оччихсон байдаг. Тэрбээр У. Хүрэлсүхийн халаасанд багтаж явдаг ах нарынх нь нэг. Тэр утгаараа дуудаж авчирсан гэх мэдээлэл оргүй зүйл биш болов уу. Гэхдээ мань хүний нэр хүнд улс төрд олон жил зүтгэсэн акулуудын дунд тиймхэн юм билээ. Түүнийг мэдэх өвөгчүүд “ Амарсанаа хэрэггүй ээ, Энэ хүн нийслэлийг битгий хэл Дархан хотыг дампууруулж орхиод мөр бууруулсан нөхөр. Барилгын материалын үйлдвэрүүд бүгд хаалгаа барьж балгас болсон. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн ахтай нийлэн Барилга үйлдвэрийн нэгдлээр тоглож орхисныг дарханчууд гэрчилнэ. Одоо мань хүн чинь жар хол давж яваа. Залуудаа ажиллаж чадаагүй хүн хөгшрөөд үр бүтээлтэй ажиллах нь юу бол” хэмээж байгаа нь нэгийг хэлээд байгаа бус уу.
Багаа бүрдүүлж яваа Б. Мөнхбаатар
Хотын даргын суудлыг эртнээс мөрөөдөж яваа нэгэн гэж хэлж болно. МАН-ын генсек Д.Амарсайхан тэргүүтэй намын нөхдүүдийн зүгээс Б.Мөнхбаатарыг хотын даргаар томилуулахаар лоббидож яваа гэх мэдээлэл бий. Хүний арга эвийг олохдоо гаргуун гэж тодорхойлох хүн ч таарсан. МАН хоёр хуваагдан үйл тамаа үзэж байгаа энэ үед бүлэглэлүүдийнхээ учрыг олоод байх хүн хэрэгтэй байгаа ч тэр нь заавал Мөнхбаатар гэх тухайд олны анхаарал, сонирхлыг зэрэг татаад юм. Тэгээд ч мань эр ажилгүй гудамжинд лааз өшиглөөгүй. “Эрдэнэс оюутолгой” ХХК-ий захирал. Сарын цалин нь 24 сая гэнэ лээ. Ийм өндөр цалинтай байж хот руу тэмүлэхийн учир юу байна. Энэ л сонин. Мөн “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүн байсныг нь хэн бүхэн мэднэ. Нөгөөтэйгүүр, бас болохгүй гэх зүйлгүй мэт. Тэгээд ч өмнө нь хотод ажиллаж байсан. Тодруулбал, БЗД-ийн Засаг дарга, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар ажиллаж байсан зэрэг нь санал авах үндэслэл болохыг үгүйсгэх аргагүй. Б.Мөнхбаатар хотын даргыг ажлаа өгсөн өдрөөс л НИТХ-ын төлөөлөгч нартай нэг нэгээр нь уулзаж эхэлсэн гэнэ лээ. Заримд нь албан тушаал амласан гэх яриа ч дуулдсан. Хэрэв эл мэдээлэл үнэн бол түүнтэй ажиллах хэдийнэ бүрдсэн байж мэднэ.
Г.Маналжавын улс төрд оруулж ирсэн хөх дэгд
Нийслэлийн Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланг хотын дарга болсон байхад гайхах зүйлгүй. Хэрэвзээ болсон тохиолдолд М.Энхболдын талынхан хотод ялалт байгууллаа гэж хэлж болно. Энэ хүүгийн төлөө МАН дахь хотын фракцынхан хөлөө эцтэл гүйж, чадах бүхнээ хийж байгаа. М.Энхболдоос хойш хотын фракцынхан л хотод эзэн сууж ирсэн ноёрхлыг алдаж болохгүйгээ тэд сайн мэдэж байгаа. Шулуухан хэлэхэд, ажлаа өгөөд явсан хотын дарга ч Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч нь байсан Ж.Батбаясгаланг гэж залбирч суугаа. Бөгсөө ухуулахгүйн төлөө нэгийг бодож буй нь гарцаагүй. Эдүгээ түүнийг Т.Бадамжунай алсаас удирдаж, Билэгт, Г.Маналжав хоёр гардан дасгалжуулж байгаа болов уу. Ж.Батбаясгалан бол цагаан гартан. Түүнд ажил амьдралын туршлага гээд байх зүйл байхгүй. Хотын захын гэр хорооллын иргэд яаж амьдардгийг ганц нэг удаа харснаас цаашгүй. Ядах нь ээ, захын дүүрэгт мэргэжилтнээр ч ажиллаж үзээгүй нөхөр. Г.Маналжав даргын улс төрд хөтөлж оруулж ирсэн хөх дэгд.
Хамгийн боломжит хувилбарыг ард түмэн нэрлэлээ
Гадны улс орнууд улс төрд ажлын туршлагаас гадна насыг чухалчилж үзэх нь бий. Нас ахих тусмаа аливаа шунах нүдний хор гарсан гэж үздэг учраас тэр. Хэрэвзээ манай улс төрд ийм шаардлага тавьдагсан бол мөн ч олон хүн төрийн босго давахгүй байх байлаа. Нөгөөтэйгүүр, Нийслэлийн Засаг дарга болно гэдэг танилцах дадлагаар ирсэн оюутны хийх ажил биш. Тиймээс хотын одоогийн удирдлагын баг дотроос хэн нэгнийг нь дэвшүүлэх нь зөв. Тамгаа гардаж аваад, хоттой танилцах гээд харайлгах бус ажилдаа ханцуй шамлан орох мэдлэг, туршлагатай, чадвартай тийм хүн л ирэх хоёр жил нийслэлийг удирдах нь иргэд бидэнд ус, агаар мэт хэрэгтэй байна. Улс төрийн томилгоогоор хотын даргын сэнтийд хэн нэгнийг залах нь ямар уршигтайг нийслэлчүүд хангалттай харж, сөрөг үр дагаварт нь сөхөрч ханалаа. Хотын дарга бол улс төрийн ашиг хонжоо, нам улс төрийн хүчний бүлэг, фракцын эрх ашиг, бялуу хуваарилалтаас ангид байх ёстой албан тушаал. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд хүлээн зөвшөөрөгдсөн, тэдэнтэй гар нийлж ажиллах чадвартай хүнээр хотыг удирдуулах нь хамгийн оновчтой алхам болох биз. Тиймээс хотын даргыг холоос хайх шаардлагагүй л болов уу. Тэр утгаараа НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатарын тухайд хамгийн боломжийн хувилбар байж мэднэ. Дүүрэгт олон жил ажилласан, аж ахуйн нэгжийг авч явах өөрийн гэсэн менежменттэй гээд бусад нэр дэвшигчээс ялгарах давуу тал түүнд бий. МАН, УИХ болоод орон нутгийн сонгуульд ялалт байгуулахад анхан шатны нэгжийн үүрэг оролцоо чухал гэж үздэг бол түүний хувь нэмэр багагүй. Хамгийн гол нь мань хүн иргэдтэйгээ ойр байж, тэдний үгийг сонсдог нь тойрог гэлтгүй нийслэлийн иргэдийн талархлыг хүлээдэг гэж хэлж болно. Дээр нь дэгдэгнээд явдаг нас нь ч хэдийнэ шил даван одсон. Нөгөөтэйгүүр, Г.Төмөрбаатар нийслэлд төдийгүй МАН-д хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч. Талцаж, бутран алийгаа мэдэхээ больсон энэ цаг үед тулхтай хүний нөмөр нөөлөг, нэр нүүр хэрэг болдог л юм даа. Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр гэх эртний үг ч бас бий. Магадгүй тэр нийслэлийнхнийг өдөр бүр бухимдуулдаг утаа, замын түгжрэлийг богино хугацаанд хэрхэн шийдэж болох гарцыг хэдийнэ тархиндаа боловсруулчихсан байж ч мэднэ.

Улс төр
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.
Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.
Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.
Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.
Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар
Улс төр
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.
Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.
Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.
Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.
Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.
Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.
Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
-
Нийгэм16 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм17 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм17 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр16 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр17 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм17 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм17 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо