Дэлхий дахинд
Макгрегор Насукаватай тулаан хийх талаар ил ярилцав
2018 оны сүүлчийн өдөр Токиод Мөнгө хочит Флойд Мейветер 20 настай япон кикбоксчин залуу Теншин Насукаваг хоёр минутад нам цохичихоод 9 сая ам.доллар халааслан харьсан билээ.
Тэгвэл Rizin-ий од Теншин Насукавагаас хөнгөхөн их мөнгө салгах хүсэлд ирланд тулаанч Конор Макгрегор мөн автжээ.
“Токиод очиж, ММА-ийн үзүүлэх тулааныг Теншин Насукаватай хиймээр байна. 2019 оны зунаас өмнө шүү. Энэ тулааныг зохиож байгуулаад өгөөч” гэж Конор Макгрегор өгүүлжээ.
Удсан ч үгүй Теншин Насукава хариу илгээсэн байна.
“Ноён Макгрегор, миний нэрийг санаж буйд тань талархлаа. Та надтай тулалдахыг хүсч байна гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг юм. Магадгүй 58 кг-ын жинд хоёулаа кикбоксын дүрмээр тулалдаж болох юм. Энэ онд би RISE Гран-Прид тулалдах болно. Тэгэхээр дэглэмээ сайн бариад намайг хүлээж байна биз” гэж Теншин Насукава өчжээ.
Өөрөөр хэлбэл, Теншин Насукаватай тулалдахын тулд Конор Макгегор дор хаяж 10 кг хасах шаардлагатай юм.
News1.mn Р.Гэгээ