Бусад
Х.ЭРДЭНЭЧИМЭГ: ХУРАНДАА ЦОЛ ХҮРТСЭНЭЭ ААВДАА ИЛТГЭХ МӨЧ ХАМГИЙН ГОЁ

Ц.Энэрэл
Монголын Зэвсэгт хүчнээс төрөн гарсан арван эмэгтэй хурандаагийн нэг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Цэргийн ар талын тэнхимийн эрхлэгч Х.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. Цэргийн алба хаагч хосын гэр бүлд төрсөн тэрбээр ҮБХИС-ийн бэлтгэж, төгсгөсөн анхны эмэгтэй офицеруудын нэг бөгөөд хоёр дахь үеэрээ Зэвсэгт хүчинд зүтгэж буй алба хаагч юм.
-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Гуравдугаар сард мөрдэстэй бүсгүйчүүдийн хувьд хоёр ч баяр тохиодог. Та эдгээр баярын өдрүүдийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Баярлалаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр байгууллага болгон эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлдэг. Миний хувьд ч мөр зэрэгцэн зүтгэж буй эмэгтэй алба хаагчидтайгаа баярладаг. Мөн гэр бүлийнхээ хүрээнд “Мартын 8”-ныг тэмдэглэж өнгөрүүллээ. Харин гуравдугаар сарын 18-нд Монгол цэргийн өдөр, цэргийн баярыг эмэгтэйчүүдийн баяраас ч илүү өргөн хүрээнд тэмдэглэж ирсэн. Учир нь манай аав, ээж, хань бүгд цэргийнх болохоор өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг.
-Таны аав хурандаа Л.Халтарыг Зэвсэгт хүчнийхэн андахгүй юм билээ. Уулзаагүй, хараагүй ч алдар нэрийг нь сонсоогүй хүн танай салбарт цөөхөн байх. Мөн таны ээж сургуулиа төгссөн цагаасаа Зэвсэгт хүчинд зүтгэсэн бэлтгэл хошууч. Таныг цэрэг армийн мэргэжил эзэмшиж Зэвсэгт хүчинд зүтгэхэд хамгийн их нөлөөлсөн хүн таны аав, ээж үү?
-Тийм ээ миний аав Зэвсэгт хүчинд 33 жил алба хаасан, артиллерийн офицер, хурандаа цолтой нэгэн. Ээж минь Анагаах ухааны дээд сургуулиа төгсөөд аавыг дагаж, Зэвсэгт хүчинд цэргийн эмчээр олон жил ажилласан бэлтгэл хошууч цолтой хүн бий. Би дээрээ ах, эгчтэй. Эгч минь Англи улсад ажиллаж, амьдардаг. Ах маань Цэргийн их сургуулийг төгсөөд, Зэвсэгт хүчинд ажиллаж байсан бэлтгэл офицер.
Миний бага нас Төв аймгийн Сэргэлэн сумын дивизийн цэргийн хотхонд, дараа нь Өвөрхангай аймгийн Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн цэргийн хотхонд өнгөрсөн. Тухайн үед 256 дугаар анги хотхоны зохион байгуулалттай байсан болохоор бүх юм нь нэг дор төвлөрсөн, хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг, дэлгүүр үйлчилгээний газрууд гээд бүх юм хотхон дотроо, гэрээс хэдхэн алхмын л зайд байдаг байв. Сургуулийн багш нар хүүхдүүдийг олон талаар хөгжүүлэх зорилготой урлаг, спортын дугуйлан хичээллүүлдэг, олон нийтийн, хүмүүжлийн ажил их явагддаг. Би өөрөө тэр бүхэнд оролцдог нийгмийн идэвхтэй хүүхэд байлаа. Тийм л орчинд төрж, өссөн болохоор цэргийн амьдрал сэтгэлд ойр, цэргийн хүмүүс сайхан санагддаг.
Би арван жилээ төгсөөд гадаад хэлний чиглэлээр нэг жил их сургуульд сурсан юм. Тэгтэл 1995 онд одоогийн Үндэсний батлан хамгаалахын их сургууль ар талын ангид эдийн засагч мэргэжлээр эмэгтэй сонсогч элсүүлнэ гэсэн зар сонсоод сурч байсан сургуулиа орхиод шууд тэр сургуульд элсэж орсон доо.
-Нөхөртэйгөө сонсогч байхдаа танилцсан уу.
-Миний ханийг Пүрэвдоржийн Мөнхболд гэдэг. Бэлтгэл дэд хурандаа цолтой. Бид хоёр Үндэсний батлан хамгаалахын их сургуульд хамт сурч байсан нэг оны төгсөгчид. Миний нөхөр цэргийн хөгжмийн удирдаач мэргэжлээр төгсөөд Дорнод аймгийн цэргийн ангид томилогдож ажилласан юм. Бид сонсогч байхдаа бие биенээ таньдаг байснаас биш болзож, үерхэж байгаагүй. Харин сургуулиа төгссөн хойноо найзынхаа ажлын газар тааралдаад бие биеийнхээ утасны дугаарыг тэмдэглэж аваад, утсаар ярьдаг болоод л ойр дотно болсон. Урьд нь бие биеэ таньдаг байсан болохоор богино хугацаанд дотноссон.
-Танай гэр бүл хоёр үеэрээ Зэвсэгт хүчинд зүтгэжээ. Харин нөхрийн тань талд цэргийн хүмүүс байв уу. Мөн хүүхдүүдээ цэргийн мэргэжил, боловсролтой болгох юмсан гэсэн хүсэл бий юу?
-Миний хадам аав Батлан хамгаалах яамны Улс төрийн хэлтсийн орлогч асан хурандаа Пүрэвдорж. Нөхөр минь ч гэсэн гэр бүлээсээ төрөн гарсан Зэвсэгт хүчинд зүтгэж буй хоёр дахь үеийн алба хаагч. Манайх хүү, охин хоёртой. Хүүхдүүд маань ерөнхий боловсролын сургуулийн сурагч болохоор хараахан мэргэжлээ сонгоогүй байгаа. Бид хоёр битүүхэндээ манай гэр бүлээс гурав дахь үедээ Зэвсэгт хүчинд зүтгэх алба хаагч төрөн гараасай гэж боддог л юм. Гэхдээ хүүхдүүдийнхээ өөрсдийн нь хүсэл мөрөөдлийг сонсож, сонирхсон мэргэжлээр нь сургасан нь зөв байх гэж боддог. Хэрвээ цэрэг армийн мэргэжлээр сурах сонирхолтой гэвэл бид хоёр дуртайяа дэмжинэ.
-Та Зэвсэгт хүчний анхны эмэгтэй офицеруудын нэг. МУИС-иа орхиод энэ сургуульд орсны утга учир нь энэ юм биш үү?
-1995 онд Үндэсний батлан хамгаалахын их сургууль хамгийн анхны эмэгтэй сонсогчдоо 1994 оноос холбооны мэргэжлээр элсүүлж эхэлсэн юм. Манай элсэлт дөрвөн жил сурч, харин 1994 онд элссэн холбооны ангийн сонсогчид таван жил сурч 1999 онд хамт төгссөн. Яг тухайн оны төгсөлт ҮБХИС-ийн анхны эмэгтэй офицеруудын төгсөлт болсон. Мөн энэ төгсөлтөөс Н.Нямжаргал хурандаа бид хоёр нэг өдөр 2018 оны гуравдугаар сарын 15-нд хурандаа цолоо авсан.
-Цэргийн өндөр цолонд хүрсэн тав дахь эмэгтэй алба хаагч болж, хурандаагийн мөрдэс зүүхэд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар цэргийн дээд цол хүртсэн өдөр бол мэдээж миний амьдралын хамгийн баярт өдрүүдийн нэг. Хурандаа цол хүртсэнээ илтгэхэд аав маань маш их баярласан. Тэр их баярлаж хөөрсөн сэтгэлийг харцнаас нь харахад л илэрхий байсан. “Миний охин хичээгээрэй” гэж хэлснийг нь мартдаггүй. Энэ цолыг авахад ажил, албаа хоёргүй сэтгэлээр хаахад минь ханийн минь өмөг түшиг их. Цэргийнхэн бид цэргийн хүний гэр бүлийг өөрсдөөс нь нэг шат илүү цолтой хүмүүс гэж ярьдаг. Учир нь цэргийн хүний ар гэр найдвартай байж санаа зоволгүй ажлаа хийх боломжийг бүрдүүлдэг. Тэгэхээр манай нөхөр чинь наддаа “бригадын генерал” гэсэн үг. Харин найз нөхдүүд нь манай нөхөрт аль хэдийн “Ард түмний хурандаа” цол олгосон байна лээ.
-Цол дагаж бяр гэдэг. Бяр дагаад үүрэг хариуцлага бас нэмэгдэнэ биз?
-Хурандаа цолыг дагаж маш их үүрэг хариуцлага хамт ирдэг. Хариуцсан алба үүргээ маш хариуцлагатай, үлгэр жишээ биелүүлэхээс гадна мөрдөж буй тушаал заавар амьдралд нийцэж байгаа эсэх, биелүүлэхэд юу саад олж байна, яаж засч сайжруулбал дээр вэ гээд бодож тунгаах түвшинд ажиллах ёстой гэж боддог. Мөн цэргийн анги байгууллагад ажиллаж ирсний хувьд Зэвсэгт хүчинд ажиллаж буй эмэгтэй алба хаагчдынхаа дуу хоолой болох, эрх ашгийг нь хамгаалах, нийгмийн асуудлыг шийдэх тал дээр хувь нэмрээ оруулах юм сан гэсэн зорилго бий.
-Зэвсэгт хүчний түүхэнд ангийн бүр бригадын орлогч даргаар ажилласан цорын ганц эмэгтэй офицер нь бас та юм билээ?
-Зэвсэгт хүчний 345 дугаар бригад 2016 онд байгуулагдсан, бүтэц орон тооны хувьд нэлээн томд орно. Би Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын захирагчийн орлогч, ар талын даргын албан тушаалд 2019 оны гуравдугаар сараас 2020 оны аравдугаар хүртэлх хугацаанд томилогдон ажилласан. Хэдийгээр бригад маань бүрэн бүтэц орон тоогоор ажиллаагүй байгаа ч инженерийн ротоо дэлгэн, өнгөрсөн оны гуравдугаар сараас төмөр замын бүтээн байгуулалтад оролцон, ажиллаж байлаа.
-Та Монголоос Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон зургаа дахь эмэгтэй офицер. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэй алба хаагчдад ямар хүндрэл, бэрхшээл тулгардаг вэ. Бас эмэгтэй албан хаагчдын давуу тал нь юу вэ?
-Би 2011-2012 онд Баруун Сахарт НҮБ-ын Энхийг сахиулах “MINURSO” ажиллагаанд цэргийн ажиглагчийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед надад хүндрэл бэрхшээл гараагүй. Учир нь Энхийг сахиулах ажиллагаанд тусгай сургалтад хамрагдаж бэлтгэгдсэн, хууль дүрэм журамтайгаа бүрэн танилцаж зөвшөөрсөн алба хаагчдыг илгээдэг. Тиймээс тухайн газар орондоо очоод түүртэх ч юм уу өөр бусад хүндрэлтэй асуудал гэх мэт зүйл байгаагүй. 2008 оноос хойш манай эмэгтэй алба хаагчид багийн бүрэлдэхүүнд орж, эх орноо төлөөлөн Энхийг сахиулахаар явж байгаа. Тухайлбал, 850 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй батальон Өмнөд Судан улсыг зориход 7-8 хувь нь эмэгтэй алба хаагч байсан. Хамгийн сүүлд Афганистанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн баазын удирдлагаас гаргасан хүсэлтийн дагуу манай зургаан эмэгтэй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд монгол эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоо ер нь нэмэгдэж байгаа. Эмэгтэй алба хаагчид тэвчээртэй, нөхцөл байдалд хурдан дасан зохицдог, тусламж дэмжлэг авч буй орны хүүхэд эмэгтэйчүүдэд эерэг нөлөө үзүүлдэг нь Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд нь давуу тал болдог.
Эмэгтэй цэргийн алба хаагчдыг үүрэг гүйцэтгэж буй Энхийг сахиулагчдын 15 хувьд хүргэх НҮБ-ын зорилт байдаг юм билээ. Манай улс бодлогоор дэмжээд өгвөл нийт үүрэг гүйцэтгэхээр эх орноосоо мордож буй энхийг сахиулагчдад эмэгтэй алба хаагчдын эзлэх хувь илүү нэмэгдэх бүрэн боломжтой. Мөн манай эмэгтэй цэргийн алба хаагчдад энхийг сахиулах ажиллагаанд оролцох, үүрэг гүйцэтгэх хүсэл, чадвар аль аль нь бий.
Нэг тоо баримт хэлэхэд манай Зэвсэгт хүчинд эмэгтэй алба хаагчдыг бэлтгэх болсноос хойш эмэгтэй алба хаагчид жин дарж эхэлсэн. Монголын Зэвсэгт хүчинд хүчин зүтгэж буй нийт алба хаагчийн 18 орчим хувь нь эмэгтэйчүүд байгаа.
-Монголд эмэгтэй генерал цолтон байдаггүй. Танд Зэвсэгт хүчнээс эмэгтэй генерал төрөн гараасай гэсэн хүсэл, хүлээлт мэдээж байдаг байх?
-Генерал цолонд хүрэх хэмжээнд бүх мэдлэг чадвараараа тодроод гараад ирсэн эмэгтэй албан хаагчийг хэн ч жендерээр нь үгүйсгэхгүй байх гэж бодож байна.
Зэвсэгт хүчний эмэгтэй албан хаагчдаас хурандаа гэдэг эрхэм хүндтэй том цолыг хамгийн анх авч, эмэгтэй цэргийн алба хаагчдадаа зам мөрийг нээсэн М.Батдолгор хурандаа гэх эрхэм хүнийг дурдалгүй өнгөрч болохгүй байх. Зэвсэгт хүчний эмэгтэй алба хаагчдаас цэргийн хэргийн болон стратеги-тактикийн өндөр мэдлэгтэй, мундаг бүсгүйчүүд, эмэгтэй цэргийн алба хаагч Зэвсэгт хүчний эгнээнд олон бий. Тиймээс цаашид эмэгтэй генерал төрөн гараасай, гарах гарахдаа төрийн цэргийн байгууллагууд дундаас Зэвсэгт хүчнээс эмэгтэй генерал төрөн гарах ёстой гэж бодож байна.
-Таны одоогийн хашиж буй алба их сонирхолтой санагдлаа. Та ҮБХИС-ийн анхны эмэгтэй сонсогчдын нэг. Тэгвэл өдгөө энэ сургуульдаа өөрийн төгссөн тэнхмийнхээ даргаар ажиллаж байгаа юм байна?
-Тийм ээ. Төрөлх сургуулийнхаа, төгссөн тэнхмийнхээ даргаар томилогдоход надад ҮБХИС-ийн Цэргийн ар талын тэнхмийн төгсөгчдөөс нь анх удаа тэнхмийн дарга томилогдлоо гэж хэлж байсан нь их сайхан санагдсан. Манай тэнхим Зэвсэгт хүчний ар талын мэргэжилтнийг бэлтгэдэг мэргэжлийн тэнхим. Энэ жил 40 жилийн ой тохиож байгаа.
-Ирээдүйд цэрэг армийн мэргэжил эзэмших Зэвсэгт хүчинд ажиллах хүсэлтэй, энэ талаар бодож төлөвлөж буй ахлах, дунд ангийн сурагчдад та юуг зөвлөж, захиж хэлэх вэ?
-Миний хувьд цэргийн сургуульд цэргийн мэргэжил эзэмшээд 27 дахь жилдээ албаа хааж байна. Эх оронч сэтгэлтэй, эх орноо хамгаалах хүсэлтэй, эрүүл чийрэг, бие бялдрын хөгжил сайтай охид, залуусыг цэргийн мэргэжлээр сураасай гэж хүсдэг. Учир нь цэргийн мэргэжлээр сурч, Зэвсэгт хүчинд хүчин зүтгэснээр ялангуяа залууст маш олон боломж нээгддэг. Өнөө цагт Монгол Улсын Зэвсэгт хүчний гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам тэлж байна. Үр дүнд нь гадаадын оронд суралцах, мэргэжил дээшлүүлэх, Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, эх орныхоо нэрийгээ тив дэлхийд алдаршуулах түүнийг дагаад албаа хаагаад үүргээ гүйцэтгэнгээ өөрийгөө хөгжүүлж, сурч боловсрох зэрэг маш олон боломж нээгддэг. Би өөр дээрээ жишээ авахад Зэвсэгт хүчний буянаар олон улс оронд үүрэг гүйцэтгэж, мэргэжил дээшлүүлж, сурч боловсорч өөрийгөө хөгжүүлж, мэдлэгээ тэлэх боломж гарч ирсэн.
-Ерөнхий сайдын Жендерийн үндэсний хорооны хурал дээр хэлсэн үгтэй холбоотойгоор бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн дунд “Хугацаат цэргийн алба хаая, хаахгүй” гэсэн яриа цахим сүлжээнд хэсэг явлаа. Та Монголын Зэвсэгт хүчний гарын арван хуруунд багтах хурандаа цолтой эмэгтэй албан хаагчийн хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Эх орон бол Монгол Улсын иргэн бүрт хамаатай. Миний бодлоор Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн 18-26 насны эрэгтэйчүүдийг хугацаат цэргийн албанд татна” гэж заасан шиг энэ насны эмэгтэйчүүд сайн дураараа хугацаат цэргийн алба хааж болно гээд өөрийн хүслээрээ хугацаат цэргийн алба хаах боломжийг нь нээгээд өгчихвөл алба хаахыг хүсч байгаа охид, бүсгүйчүүд байхыг үгүйсгэхгүй.
-Энэ жил орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Батлан хамгаалах яамны 110, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ой гээд танай салбарт олон тэгш ой тохиож байна. Мөн өнөөдөр болоод энэ сард хоёр ч чухал баяр болно. Тиймээс мөрдэс нэгт алба хаагчиддаа мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Мөр зэрэгцэн ажиллаж буй салбарынхандаа болон Зэвсэгт хүчний үе үеийн бие бүрэлдэхүүн, алба хаагчиддаа Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн болон бусад тэгш ойн мэндийг хүргэхийн ялдамд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Монгол цэргийн босоо хийморь үеийн үед мандан бадраг.
Эх сурвалж : “Монголын Мэдээ” сонин

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.