Сонин хачин
ХАБИБ ФЛОЙДЫН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНАЛААС ТАТГАЛЗЖЭЭ

UFC холбооны аварга асан дагестан тулаанч Хабиб Нурмагомедов АНУ-ын мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Флойд Мэйведерээс 100 сая ам.долларын тулааны санал хүлээн авсан ч татгалзсан байна.
Хабибын менежер Али Абдель-Азиз Sportskeeda-д ярилцлага өгөхдөө “Хабиб зодог тайлсны дараа түүнд маш олон төрлийн санал ирсэн. Мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Флойд Мэйведер түүнд тулалдах юм бол 100 сая доллар өгье гэж амлаж байлаа. Флойдоос та нар асуугаарай. Хабиб татгалзаад “Би ээждээ зодог тайлна гэж амалсан. Хэлсэн үгэндээ хүрнэ” гэж хариулсан” гэж хэлсэн байна.
Хабиб Нурмагомедов 2020 оны намар Жастин Гэтжиг ялаад холимог тулаанчийн замналаа төгсгөж байгаагаа зарласан. Тэр нийт 29 тулалдаанд оролцож, нэг ч ялагдаагүй их спортоо орхисон юм.

Сонин хачин
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛАНД АЛТАН СОЁМБО БҮТЭЭВ

Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид орон нутагтаа цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, сэтгэл зүйн байдалд нь нөлөөлөх зорилгоор Баян-Өлгий аймгийн Бөхөн уулнаа 42 метр урт, 24 метрийн өргөнтэй алтан соёмбыг бүтээсэн байна.
Алтан соёмбыг тус ангийн Уулын нэгдүгээр ротын ажиллагааны офицер, ахлах дэслэгч Д.Даваадоржоор ахлуулсан 15 цэргийн алба хаагч есөн хоногийн хугацаанд гүйцэтгэжээ. Энэхүү бүтээл нь барилгаар жишвэл 15 давхар орон сууцтай дүйцэх бөгөөд алтан соёмбынхоо хүрээг төмрөөр зангидаж, 20 гаруй тонн нутгийн чулуугаар дүүргэсэн байна. Нутгийн иргэд уулчин дайчдыг алтан соёмбо бүтээсэнд талархал илэрхийлж, цэрэг-эх оронч үзлийг түгээсэн бодит ажил боллоо хэмээн онцолжээ.
Нийгэм
ФЁДОР КОНЮХОВ МОНГОЛЫН ГОВЬД 1020 КМ ЗАМЫГ ТУУЛЖЭЭ

Оросын алдарт аялагч, зохиолч, зураач, уулчин Фёдор Конюхов Монгол дахь аяллаа дуусгаад өнөөдөр Улаан-Үд хотод ирлээ. Тэрээр энэ сарын 9-нөөс Говьд “Zubr Trike” гурван дугуйт мотоциклоор аялж, туршилт хийсэн байна.
Түүнтэй хамт аялсан Игорь Головатый “Экстрим нөхцөлд хийсэн туршилт амжилттай боллоо. Хэд хэдэн жижиг хэмжээний осол гарсан ч тэр дор нь засаж байлаа. Бид энэ мотоциклоор өвөл Арктикт аялах юм. Монголын говьд 1020 км-ын зам тууллаа. Өвлийн туршилтаа Казахстанд хийх болсон” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сонин хачин
АДУУНЫ ӨВ СОЁЛЫН БАЯР БОЛНО
