Эдийн засаг
Б.Найдалаа: Төв банк Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлдэг байх ёсгүй
Эдийн засагч Б.Найдалаатай ярилцлаа.
-УИХ-ын чуулганаар тө¬сөв болоод мөнгөний бодлогыг хэлэлцэж бай¬гаа. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл дээр эсрэг байр суурьтай гишүүд их байна. Учир нь “Монголбанк ам.долларын хан¬шийг барьж дийлэхгүй, инфляц зорилтод төвшинөөс давлаа” зэргээр шүүмжилж байна л даа.
-Эдийн засгийн хоёр гол бодлогыг УИХ-аар хэ¬лэл¬цэж байна. УИХ-ын хэлэлцүүлгийн үед гарч байгаа санал шүүмжлэлийг харахад бодлого талаас нь биш ам.долларын ханш, инфляц, зээлийн хүү зэрэг ил харагдах тоог асуусан шинжтэй байгаад байна л даа. Гэтэл ханш, инфляц бол нийт эдийн засагт болж байгаа үйл явцын үр дүн шүү дээ. Машинаар бол хянах самбар нь болдог. Цаана нь машины эд анги хэрхэн явагдаж байгаагаас шалтгаалж хянах самбар дээрх тоон илэрхийлэл гарна.
Зөвхөн тоог нь харчихаад үүнийг жолооч хянах ёстой гэж дайрах нь өрөөсгөл юм. Жишээлбэл, ханшийг Монголбанк тогтоодог газар биш. Мэдээж зохицуулж, удирдаж, хяна¬даг, зөв тогтвортой бод¬логыг нь барьдаг газар мөн. Тэгэхээр Мөнгөний бодлогын хэлэлцүүлэг дээр зөвхөн ам.доллар ярих нь өөрөө утгагүй. Яагаад гэвэл эдийн засагт өрнөж байгаа экспортын бараа, гаднаас ирж байгаа хөрөнгө оруулалт зэрэг зүйлээс хамаарна. Цаашлаад эдийн засаг иргэдийн хэрэглээнээс хамаарна шүү дээ.
-Төв банк ханшийг барьдаг байгууллага биш гэж үү?
-Мэдээж хэрэг Монгол¬банк төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй. Инфляцын үнэ цэнийг хадгалах, дээр нь тодорхой хэмжээгээр гадаад валюттай харьцаж байгаа ханшийг тогтвортой байлгах үүрэгтэй. Гэхдээ энэ нь хатуу чанга бариад суучихна гэсэн үг биш. Үүнийг Монголбанк ч мэддэггүй юм. Эдийн засгийн өрсөлдөх чадварын үр дүнгээс хамаарна. Ам.долларын ханшийг барь гэж шууд шаардах нь буруу. Ханшийг хатуу барих гээд буруудсан улс орнууд байдаг. Ер нь хатуу барихаар оролдсон ханш баригддаггүй. Барьсан ч тодорхой хугацааны дараа харвадаг. Ханшийн хатуу бодлогын хөөс хагарсны дараа юу болдгийг өнгөрсөн хугацаанд бид хангалттай мэдэрсэн.
-Манайх өмнө нь интервенц хийж, зах зээл дээр мөнгө хэвлэж гаргасан хатуу туршлага¬тай шүү дээ. Үр дүнг нь хоёр янзаар тайлбарладаг. Эдийн засагч судлаачийн зүгээс харахад аль нь үнэнд ойрхон бэ?
-Өмнөх Засгийн газрууд инфляцыг дарахын тулд үнэ тогтворжуулах олон хө¬төл¬бөр хэрэгжүүлсэн. Мөнгө ихээр хэвлүүлж нийлүүлсэн. Эргээд инфляц болон үнийн өсөлтийн дарам¬таа багас¬гахын тулд ам.долларынхаа нөөцийг интервенц хийж барсан. Ингээд ханшаа ч бүрэн барьж чадаагүй. Ам.долларын нөөц ч үгүй, инфляцаа барьж чадахгүй хүнд байдалд орсон шүү дээ. Интервенц хийгээд ханш барина гэдэг бол эцэс төгсгөлгүй ангал руу орж байна гэсэн үг. Тиймээс одоо тэрийг шаардах нь буруу байгаа юм. Тодорхой хэмжээний хэлбэлзэл гара¬хаас өөр арга байхгүй. Хэлбэлзэл нь юунаас болж гарч байна вэ гэдгээ ойлгох нь чухал. Тэгээд өндөр хэлбэлзлийг хаах бодлогын арга хэмжээ авах ёстой. Миний харж буйгаар энэ хэлбэлзэл эдийн засгийн өрсөлдөх чадвараас болж байна.
Бидний гол засах зүйл бол Монголбанкнаас зээлийн хүү өндөр байна гээд нэхээд суух биш, төгрөгийн ханшийг унагаад байгаа эдийн засгийн үндсэн хүчин зүйлийг нь засахад анхаарах хэрэгтэй байна. Уул уурхайгаас өөр ам.доллар олдог салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Олон жил яриад хэрэгжүүлж чадаа¬гүй эдийн засгийн солон-горуулах бодлогыг бо¬дитой хийхгүйгээр “Амьдрал хэцүү байна. Зээлийн хүүг багасгах ёстой. Бизнес хэцүү байна” гээд суух нь шийдэл биш л дээ.
-Дэлхийн бусад улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн эсрэг ам.долларын ханш жигд чангарах хандлагатай байна. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Трампын бодлоготой холбоотой гэж шинжээчид үзэж байгаа?
-Гадаад хүчин зүйлс ерөн¬хийдөө чангарч байгаа. Оны эхнээс одоог хүртэл ам.долларын ханш тогтвортой чангарсан. Бусад юань, рубль, евротой харьцах ханш нь чангарсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп дотоодын татвараа багасгаад, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулсан.Тэгэхээр гадаадад хөрөнгө оруулсан компаниуд нь АНУ руу хөрөнгө оруулж эхэлсэн гэсэн үг. Хөрөнгө оруулагчид юань, рубль, евро хэлбэрээр байсан хөрөнгийг ам.доллар руу шилжүүлж байна. Тэгэхээр ам.долларын эрэлт ихэснэ. Дагаад ханш нь чангарна. Энэ бол Трампын явуулж байгаа бодлоготой холбоотой.
-Төв банкны хувьд ирэх жил валютын нөө¬цийг нэмэгдүүлэх чиглэ¬лийг баримтална гэж байгаа. Гол нь тухайн зохи¬цуу¬лалтыг хийх бодит шаардлагыг хэрхэн харж байна вэ?
-Эдийн засаг гэхээр бид инфляц, эсвэл ханш гээд л яриад байна. Гэтэл эдийн засаг гээд нэг том систем байна. Энэ бол УИХ хурал дээр үг хэлж бай¬гаа гишүүнээс эхлээд, суманд ажил хийж байгаа иргэний бүгдийнх нь үйл ажиллагаа орсон цогц систем. Тэрнээс гарч байгаа үр дүнг ярихдаа, тэр бүгдийг авч үзэх ёстой. Жишээлбэл, хүний хамарнаас нус гарч байгаа нь хамарны буруу биш. Бие нь ханиад хүрсэн ч юм уу, ямар нэгэн байдлаар өөрчлөгдөж байна гэсэн үг. Тэгэхээр инфляц, ханшийг Монголбанк хариу¬цах ёстой гэж байгаа нь үнэхээр хуучирсан үзэл юм. Монголбанк бодлогын хувьд авч явж болох боловч, яг тоог нь хариуцдаг газар биш. Одоогийн Төв банк бие даасан хараат бус мөнгөний бодлогыг зах зээлийн системд суурилуулан хэрэгжүүлэх ёстой болохоос хуучны төлөвлөгөөний комисс биш. Тэгэхээр бид ханш, инфляц ярихын тулд бусад бүх хүчин зүйлээ авч үзэх ёстой.
Монгол бол хэрэглээний, харьцангуй жижиг эдийн засаг. Ихэвчлэн хүлээлтэд тулгуурлаж, маш амархан автдаг. Гайгүй юм шиг байна гэвэл шууд хэрэглээний зээл рүүгээ орчихдог, эмзэг эдийн засаг. Тийм нөхцөлд инфляцыг найман хувьд барихад хүндрэлтэй, эрсдэлтэй. Яагаад гэвэл нүүрсний үнэ жаахан унахад л бид эмзэг байдалд орно. Эсвэл эдийн засаг гайгүй байна гэсэн багахан л хүлээлт үүсэхэд хүмүүс хэрэглээний зээл рүү хошуураад, импорт нэмэг¬дээд эхэлнэ. Тэр нь хан¬шийн дарамтыг бий болгоно. Энэ байдал нь Монголбанкны ярьж байгаа аль болох бага зохицуу¬лалттай явъя гэдэг бодлоготой зөрчилдөөд, инфляц, ханшийг барихад хүндрэлтэй үе гарч ирж болзошгүй.
Дахиад хэлэхэд Монголбанк ханшийг шууд хатуу барих ёстой гэж хэлж байгаа нь өөрөө ямар ч мэргэжлийн хүний биш үг юм. Ийм байх боломжгүй. Цаана нь байгаа нийт эдийн засгийн эрүүл мэндийг харах хэрэгтэй. Төв банкнаас инф¬ляцыг найман хувьд барих зорилт дэвшүүлсэн байж болно. Гэхдээ бусад яам, тамгын газрууд үүнд хамаагүй юм шиг байж болохгүй.
-Шатахууны үнэ нэмэг¬дээд байгаа шалтгааныг ам.долларын ханштай холбон ойлгоод байна. Та эдийн засагч хүний хувьд байр сууриа илэрхийлээч?
-Бусдаас хамааралтай импортын бүтээгдэхүүний хувьд дотоодын үнэ өсөх, дарамт үүсгэхээс өөр арга¬гүй болчихож байгаа юм. Үүнийг хэрхэн шийдэх нь бидний өөрсдийн асуудал. Шатахууны үнэ өсчихлөө гэж гомдоллож, хэн нэгэн юм уу, төр засаг зохицуулна гэж хүлээдэг, үнэгүй зүйл хүлээдэг бидний сэтгэхүйд байна. Хоёрдугаарт, үнэхээр бидний ажил орлого бага болохоор эмзэг тусаад байна. Үүний урт хугацааны шийдэл нь ханш болон шатахууны үнэ өндөр байна гэж үгэлж суух биш, ажлын байр бий болгох, орлоготой болох салбаруудыг нь хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгтэй байна. Өнөөдөр үйлдвэрлэл ч байхгүй, ажлын байр ч олигтой байхгүй үед эдийн засаг нь нүүрснээс хамааралтай. Мэдээж нүүрсний үнэ хурдан хугацаанд өссөн шигээ эргээд унана. Тэр үед яах юм. Амьдрал хэцүүдлээ гэж жагсана. Мэдээжийн хэрэг шатахууны үнэ өсч таарна. Ийм савлагаатай нөхцөлд зээлийн хүү бага байна гэж байхгүй. Инфляц ч өсөөд явчихна. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд дандаа хэлбэлзэлтэй байна гэсэн үг. Тэгэхээр бид эдийн засгаа тогтвортой, урт хугацаанд хөгжүүлэх бодлого явуулахгүй л бол богино хугацааны үнэ тогтворжуулах бодлого хийх зэргээр амь аргацаасан, гал унтраасан арга үргэлжид мөнх хийсээр л байх болно.
-Монголбанкны мөнгөний бодлого эдгээр нөхцөл байдалтай зөв зохицож чадаж байгаа юу?
-Энэ жилийн мөнгөний бодлогод нэг онцлог зүйл байх шиг байна лээ. Макро зохицуулалтын арга хэрэглэж байна гэсэн байсан. Тэр нь зөвхөн заавал байх нөөцөөс гадна хэрэглээний зээл дээр хязгаарлалт тавиад эхэлсэн. Үүнийг маш зөв алхам гэж бодож байна. Хэд хэдэн ач холбогдолтой. Нэгдүгээрт, хэрэглээний зээ-лийн ихэнхийг бид гаднаас авч байгаа. Нөгөө байгаа ам.доллараа үрж байна гэсэн үг. Тэгэхээр ам.долларын ханш өсөхөд нөлөөлж байна. Хоёрдугаарт, монгол хүн өөрийнхөө орлогыг баялаг бүтээх биш, хэрэгтэй хэрэггүй хэрэглээнд зарцуулах хандлагатай байгаа. Энэ нь цаанаа зээлийн эрсдэл үүсгэх гээд байгаа юм. Харин хэрэглээний зээлийг хумьсанаар бизнест олгох зээл нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, машин зээлэх биш, тэрийг нь үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжид зээл өгөх эх үүсвэр гарна гэсэн үг. Бас нэг зүйлийг онцлоход, Мөнгөний бодлогод ногоон зээлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, шалгуур тогтоох, тогтвортой санхүүг хөгжүү¬лэх талаар бүхэл бүтэн заалт орсон байна лээ. Зөв¬хөн засгаас хөрөнгө оруулалт хүлээхгүйгээр ногоон санхүүжилтийг дэмжих, бүтээгдэхүүнийг хөгжүүлэх орчинг бүрдүүлж байна гэсэн үг.
-Монголбанк хараат бус байдал манайд өнөөдөр хангагдаж байгаа юу. Аливаа улсын Төв банк Засгийн газраас хамаарахгүй мэргэжлийн байгууллага байж чадаж гэмээнэ бодлого шийдвэр нь зөв байдаг. Манайх тэгж чадаж байгаа юу?
-Төв банкны хараат бус байдал онцгой чухал зүйл. Яагаад гэвэл Төв банк Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлдэг, төсөв зар¬цуул¬даг газар биш. Монго¬лын эдийн засгийн суурь мөнгө, санхүүгийнх нь орчинг тогт¬вортой барих ёстой газар. Тиймээс хараат бус байх ёстой. Өмнөх үеэ бодвол Төв банкны тухай хуулиар хараат бус байдал нь харьцангуй сайн болсон гэж үзэж байгаа. Мөнгөний бодлогын зөвлөл өмнөхөө бодвол тодорхой хуульчлаад заасан зохицуулалттай болсон. Нэг үеэ бодвол Монголбанкны бие даасан байдал сайжирсан.
Хэрвээ хараат байвал улс төрийн зорилгоор төрөл бүрийн төсөл хэрэгжүүлэх, засагтайгаа холилдох асуудал өмнө нь гарч байсан шүү дээ. Дээр нь Төв банкны үүрэгт байхгүй байгууллагуудад зээл олгох, Сангийн яамны зарим хийх ёстой ажлуудыг булааж авч хийх тохиолдолууд гарч байсан. Үүн дээр нэг зүйлийг онцолж харах хэрэгтэй. Бид одоо төсөв, мөнгөний бодлого ярьж байна. Үүний цаана мөнгө, санхүүг бий болгодог бодит салбар болох уул уурхай, хүнсний үйлдвэр, боловруулах үйлдвэрийг хөгжүүлэх бодлого яг хаана байна вэ гэдэг нь чухал байгаа юм. Ам.доллар үйлдвэрлэх, хүмүүсийг орлоготой болгох бодлого байхгүй цагт мөнгө, төсвийн бодлого сайн байлаа гээд мөнгө үйлдвэрлэхгүйгээс цааш энэ хэвээрээ л байна шүү дээ.
-Таны хувьд эдийн засагчаас гадна ХҮН-ын даргаар ажилладаг. Одоогийн УИХ-ын гишүүдийн талаар та ямар байр суурьтай байдаг вэ?
-Тэд гол ажлаа хийхгүй байна. Бусдад таалагдах үүднээс ярьдаг. “Гоё хувцас өгөөч ээ” гээд л яриад байдаг. Хувцас оёхын тулд юу хийх вэ гэдэг шийдэл байхгүй. Засаглал болоод системээ сайжруулахгүй байж мөнгө өгсөнгүй гээд орилоод байдаг. Ийм үед төсөв рүү мөнгө нэмэх нь элс рүү ус хийж байгаатай адил. Жишээлбэл, сумын Соёлын төв 1980-аад оныхоороо явж байгаа. Тэр загварыг одоо бид өөрчлөх болсон уу гэдэг асуудал байна. Үүнийгээ санхүүжүүлсээр байгаа. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг яалт ч үгүй байх ёстой. Төсвийн зардлыг хэмнэе л гэдэг. Тэгж хэмнэхийн тулд төрийн албан хаагчдын орон тоог бууруулахаас өөр ямар ч гарцгүй шүү дээ. Тийм хэмнэлт үнэхээр гаргая гэвэл нэгдүгээрт, төрийн албаныхаа шинчлэлийг бодитоор хиймээр байна.
Үнэхээр ажлаа сайн хийдэг төрийн албан хаагчдыг үлдээж байгаад тэднийхээ цалин хангамжийг нь нэмээд, зүгээр улс төрийн томил¬гоогоор шигсэн туулайнуудыг танах хэрэгтэй байна. Тэгж байж төсөв хэмнэгдэнэ биз дээ. Одоо тэгээд аманд ч үгүй, хамарт ч үгүй олон хүнийг хагас торгоосон алба болчихоод байна. Хөгжлийн бодлогын талаар ямар ч бодитой шийдэл алга. Маш жижиг зүйл ярьж байна. Гишүүд нь хоорондоо санал нийлэхгүй байна. Жижиг асуудлаар хоорондоо зодолдсон оронд том асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Энэ хамгийн харамсалтай. Үүний хохирогч нь ард түмэн. Асар их цаг хугацаа, бүхэл бүтэн хүний үеийг алдчихлаа шүү дээ, бид. 25-30 жилийн дотор зарим улс балгаснаас хөгжингүй орон болчихоод байна. Ажлаа хийхгүй байж, хянах самбар дээрх тоондоо анхаараад байна. Эцсийн эцэст улс үндэстний аюулгүй байдал ч алдагдах төвшинд хүрч болзошгүй болчихлоо.
Эх сурвалж: У.Сарангэрэл /Үндэсний шуудан сонин/
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.