Нийгэм
МУ-ЫН ХЭМЖЭЭНД 2020 ОНД 7.6 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ЭКСПОРТ ХИЙСНЭЭС 95% УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ЭЗЭЛЖ БАЙНА

Монгол Улсын хэмжээнд 2020 онд 7.6 тэрбум ам.долларын экспорт хийснээс 95 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Үлдсэн тав хувь нь уул уурхайн бус экспорт байна.
Иймд уул уурхайн бус салбарын нэгжүүдийн экспортыг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх, экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэн төрөлжүүлэх, цар тахлын үр нөлөөг бууруулахад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой “Экспортыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн 20 сая ам.долларын санхүүжилттэй “Экспортыг дэмжих төсөл”-ийг 2023 оныг дуустал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хэрэгжүүлэх юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас уг төслийг дэмжин, хамтран зохион байгуулагчаар ажиллаж байгаа. Экспортыг дэмжих төслийн Түншлэлийн хөтөлбөрийн энэ оны 2 дах цонх нээгдэж, 2021 оны 7-р сарын 30-ны 18:00 цаг хүртэл материал авч эхэллээ.
Түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн бус нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүн экспортлогчид, экспортын боломжит аж ахуйн нэгжүүд, мөн үйлчилгээний экспорт тэр дундаа олон улсад Монгол Улсын онцлог чанарыг сурталчилж, үүгээрээ дамжуулан нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломжтой соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдээлэл технологийн салбарын тодорхой шалгуур хангасан, экспортлогчдын төсөл, материалд үндэслэн буцалтгүй тусламж олгоно.
Жилийн 150 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой, 2-с дээш жил үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг Түншлэлийн хөтөлбөрийн талаарх шаардлага болон нэмэлт мэдээллийг дараах линкээр авч дэлгэрэнгүй танилцан оролцохыг урьж байна.
– Ерөнхий мэдээлэл:
http://www.edp.mn/FinSupport/General?httproute=True
– Шалгуур үзүүлэлт: http://www.edp.mn/FinSupport/Criteria?httproute=True
– Бүрдүүлэх бичиг баримт:
http://www.edp.mn/FinSupport/Apply?httproute=True Түншлэлийн хөтөлбөрийн талаар танилцуулга, цахим уулзалтын арга хэмжээ 2021 оны 7 сарын 2-ны 15 цагт цахимаар болох тул дараах холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Zoom Meeting холбоос: https://bit.ly/3x251wo
Meeting ID: 946 9732 3768
Passcode: 623732
Экспортыг дэмжих төсөл / Export Development Project

Нийгэм
Хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа

Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан ЗГХХГ-аас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдэх тал дээр хамтарч ажиллахаар санал солилцсон билээ. Хамтын ажиллагааны ажлын хүрээнд өнөөдөр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тамгын газрын дарга Г.Бүүвэйхүү, нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан нар хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурахад ЗГХХГ-ын дарга Ч.Өнөрбаяр, Хууль, эрх зүйн газрын дарга Б.Аз, Нийслэлийн ЗДТГ-ын Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат, Нийслэлийн ЗДТГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Баттулга нар оролцлоо.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр: Нийслэлийн ЗДТГ-тай гурван чиглэл дээр хамтарч ажиллахаар тогтсон. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь зөвхөн хянадаг шалгадаг биш тандалт, судалгаа хийдэг. Төрийн байгууллагуудын бүтээмжийг нэмэгдүүлэхэд тулгамдаад байгаа асуудлууд дээр хяналт шалгалтын хүрээнд тодорхой зөвлөмжүүд гаргасан. Мөн төрийн захиргааны нийт байгууллагуудад иргэдээс ирсэн гомдол хүсэлтийг нэгтгээд Засгийн газар танилцуулдаг. Энэ хүрээнд өргөдөл гомдлыг танилцуулаад өнгөрөх биш дүрэм журмыг мөрдүүлэхэд хамтарч судалгаа, дүн шинжилгээ хийгээд асуудлуудыг шийдэж технологийн дэвшлийг нэвтрүүлэх санал хүргүүлсэн.
Мөн хуулиас давсан дүрэм журам, бүртгэл, зөвшөөрлийг цэгцлэх, иргэд, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, хүндрэлгүй хүргэдэг болоход хуулиар харьяалуулсан чиг үүргийн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийллээ. Нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан уулзалтыг зохион байгуулж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд чухал ажлын эхлэл тавигдлаа. Мөн Азийн бүтээмжийн байгууллагатай хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хамтын үйл ажиллагаагаа уялдуулах, төлөвлөгөө гарган хамтарч ажиллахаар санал солилцлоо.
Нийгэм
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах тухай санал асуулга эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах тухай санал асуулга эхэллээ.
Саналыг 2025 оны 04 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд хүлээн авах ба та энэ хугацаанд саналаа өөрчлөх боломжтой!
Харин 2025 оны 4 дүгээр сарын 10–16-ны өдрүүдэд таны өгсөн саналд үндэслэн баталгаажуулалт хийх юм.
Энэхүү санал асуулга нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн таны эзэмшлийн хувьцааны 2024 оны нэгж хувьцааны үлдэгдэл ногдол ашиг ₮87.22 /татвар суутгасан дүн/-ийг хэрхэн хүлээн авах тухай юм.
Жишээ нь: Та 1,072 ширхэг хувьцаа эзэмшдэг бол танд олгох ногдол ашгийн үлдэгдэл ₮93,499.8 байна.
“Чингис Хаан Үндэсний баялгийн сан”-ийн “Хуримтлалын сан” дахь иргэний нэрийн дансанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн орлогоо төвлөрүүлэхээр сонгосон тохиолдолд иргэн та цаашид орон сууц худалдан авах, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр үйлчилгээг авах боломж бүрдэнэ.
Хэрэв та хандив цэсийг сонгосон бол таны “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг “Чингис Хаан Үндэсний баялгийн сан”-ийн “Хөгжлийн сан”-д хуримтлагдах бөгөөд Нийслэлийн дэд бүтцийн санхүүжилтийн эх үүсвэр болно. Үр дүнг иргэн танд ил тод тайлагнана.
Нийгэм
Онлайн худалдаа хийх нэрийдлээр иргэдийг залилж байна

Онлайн худалдаа өргөжиж байгаа энэ үед иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан залилан мэхлэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна. Тодруулбал, Иргэд фэйсбүүк сүлжээгээр дамжуулан онлайн дэлгүүрээр бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа төлбөрөө бүрэн шилжүүлснээр тухайн гэмт хэргийн хохирогч болсоор байна.
Тодруулбал өнгөрсөн 1 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад энэ төрлийн гомдол мэдээлэл 12 бүртгэгдсэн.
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт онлайн шопоос бараа материал худалдаж авахаар 700,000 төгрөг шилжүүлээд залилуулсан, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт онлайн шопоос гутлын тавиур худалдаж авахаар 490,000 төгрөг шилжүүлж залилуулсан мөн олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүкээр хөргөлтийн контенер худалдаж авахаар 2.400.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан гэх гомдол мэдээллүүдийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Залилах гэмт хэрэгт өртөж байгаа шалтгаан нөхцөл нь залилагч таны хэрэгцээ шаардлагад тулгуурлаж, танд хамгийн таатай нөхцөл, зах зээлийн үнээс доогуур хямд үнийг санал болгож залилах гэмт хэргийг үйлдэж байгаа тул иргэд та бүхэн цахим орчинд тэр дундаа онлайн дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа төлбөрөө бүрэн шилжүүлэхгүй байх мөн энэ төрлийн залилах гэмт хэргийн арга, төрөл нарийсаж байгаа учир мэдээллээ сайтар нягтлахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.