Улс төр
Л.ХАЛТАР: ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛЧЛАЛЫН АСУУДЛЫГ ШИЙДСЭН ОДОО ТӨМӨР ЗАМЫН ҮНИЙН ТАРИФЫГ ХӨДӨЛГӨНӨ
–
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай ярилцлаа. Түүний хариуцсан салбар том учраас тэр хэрээр ярих, шийдвэл зохих асуудал их байх нь мэдээж. Цахим ертөнцөд “бөмбөгдүүлж” байгаа нь гал усан дундуур туучиж байна даа, гэж бодогдоход хүргэх. Аливаа хөгжилд алсыг харах ухаан, чиг хандлага чухал гэдгийг мань хүн хэдийнэ олоод харж. Тэрбээр олон жил хэлэлцээрийн ширээ дамжсан хэд хэдэн чухал асуудлыг хөдөлгөж чаджээ. Энэ бол чамлахааргүй амжилт юм.
– Бид, алдаа оноогоо дэнсэлж, ололт амжилтаа дүгнэж цэгнэсэн ийм цаг үед ярилцаж байна. Танай салбар хэнийг ч болов гал усан дундуур туучуулах биз. Цаг үе нь ч хэцүү байж таарлаа?
-Дэлхий дахинд ковид-19 цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жилд хүндхэн нөхцөл байдал үүслээ. Арав, хорь, гучин жилийн дараа эргээд харахад их сонин түүх өгүүлэх байх. Цар тахлын нөхцөл байдал цаашид хэрхэн үргэлжлэхийг таашгүй. Эрдэмтэн, судлаачдын хийж буй дүгнэлтээс харахад 2022 оны төгсгөл гэхэд гайгүй болж мэднэ. Цар тахал дэлхийн улс орнуудыг олон талаар сөхрөөсөн ч нэгийг бодож, хоёрыг тунгаах ухаан хайрласан болов уу гэж бодож сууна. Бид ардчилсан нийгэмд амьдарч буй учраас нэг хэсэг нь шүүмжилж, нөгөө нь урамшуулж байх юм даа. Манай салбарын ажлын нөхцөл байдлыг ойлгодог нэг нь байхад эсрэгээрээ болж буй бүхнийг болохгүй юм шиг харагдуулахыг хүсдэг, хичээдэг, бүр харлуулж байж санаа нь амардаг бүлэг нөхдүүдтэй үзэж тарж л явна. Үүнийг та “гал усан дундуур туучиж байна даа ” гэж дүгнэв бололтой. Амьдрал өөрөө эерэг, сөргийн нийлбэр шүү дээ. “Жингийн цуваа явж байна, жингэр нохой хуцаж байна “гэж боддог болсон шүү, сүүлдээ. Эцсийн бүлэгт Л.Халтар гэдэг хүн өөрийнхөө үндсэн зарчмыг хадгалах л ёстой. Энэ нь юу вэ гэхээр ажилдаа үнэнч байж, хүн чанараа гээхгүй байх асуудал. Би 1983 оноос зам,тээврийн салбарт ажиллажээ. Төмөр замын салбарт 1990-2018 оныг хүртэл 28 жил, оюутан болохоосоо өмнөх үеийг тооцвол 30 жил, харин салбар яаманд 2018 оноос хойш ажилласан. Ажлаа хүлээж аваад яам, харьяа байгууллагын удирдлагуудад нэг л зүйлийг хэлсэн. Нэгдүгээрт нь, зарчим барьж ажиллана, Л.Халтар гэдэг хүн ямар нэгэн тендерт орж мөнгө төгрөгтэй холбоотой асуудалд оролцсон тухай хэзээ ч сонсохгүй гэж. Хоёрдугаарт, энд тэнд ах дүү хамаатан садан, найз нөхөд, танил талаа ажил төрөлд оруулах нэрээр мэргэшсэн боловсон хүчнийг халах, цаашлаад чадах, чадахгүй хүнээр яамны аппаратыг дүүргэх асуудлыг хэзээ ч хийхгүй гэдгийг амлая. Гуравдугаарт, аль нэг газар, байгууллагад ийм юм шахчихжээ гэдэг зүйлийг хэзээ ч сонсохгүй гэж. Би хэзээ ч тийм зүйл хийхгүй. Тиймээс та нараас ганц л зүйлийг хүсэх байна, тэр нь ажил гэж онцолж хэлсэн. Хоёр жил гаруй хугацаанд дэд сайдаар, 2020 онд Засгийн газрын гишүүнээр томилогдсон. Хэлсэн гурван зарчимдаа үнэнч ажиллаж ирлээ, цаашдаа ч баримтлах болно. Цаг хугацааны тухайд ингэж таарав уу, 2019 оноос төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байна. Монгол Улсын баруун босоо чиглэлийн төмөр замыг барих тухай бодлогын баримт бичгийг УИХ батласан. Мөн саяхан зүүн, босоо чиглэлийн төмөр зам баригдах тухай концесс зарлагдлаа. Говийн бүс буюу Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайтаас гадна Хангийн боомтыг төмөр замаар холбох ажлын концесс зарлагдлаа. Тэгэхээр ирж буй он жилүүд манай улсын хувьд төмөр замын бүтээн байгуулалтын жилүүд байж таарах нь. Ийм цаг үед энэ том салбарыг толгойлж буйдаа нэг талаар баярлах, нөгөө талаар маш өндөр хариуцлага гэж ойлгож сууна. Говийн төмөр замын тухайд гаднаас мөнгө төгрөг гуйж, олон улсын банк санхүүгийн байгууллагыг царайчилсангүй. Эрдэнэс тавантолгой компаний санхүүжилтээр буюу Монгол Улс байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж түүнээсээ хүртэж буй ашиг гэж ойлгох хэрэгтэй. Нэмж хэлэхэд, ирээдүй хойчдоо төмөр замаар дамжуулан үлдээж буй нэг том өв юм. Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 700 орчим км төмөр замыг үндэсний компаниуд барьж байгаараа онцлог. Нөгөөтэйгүүр энэхүү бүтээн байгуулалтын үр дүнд замын компаниудын чадавх дээшилсэн төдийгүй төмөр замын нарийн мэргэжлийн инженерүүдийн үндэсний хэмжээний бүхэл бүтэн арми бий болжээ гэдгийг харуулсан.
Зам тээврийн салбарын бас нэг үндсэн нэгж болох Иргэний нисэхийн хувьд агаарын тээврийн либералчлалын асуудлыг Засгийн газраар батлууллаа. Монгол Улсад аялал жуулчлал хөгжихөд саад болж байсан үнэ тарифын асуудлыг задалж, шаардлагатай гэж үзвэл бусад АВИА компаниудыг МИАТ компанитай хамтарсан байдлаар, болохгүй бол салбар дотроо цэвэр өрсөлдөх нөхцөлийг гаргаж тавьлаа.
Автозамын салбарын хувьд ч мөн адил Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Завхан аймгийн Улиастай чиглэлийн 67 км автозамын Загастайн даваагаар давсан замыг өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр холбож дууслаа. Ингэснээр нийслэлийг 21 аймгийн төвтэй хатуу хучилттай автозамаар бүрэн холбосон. Бас нэг онцлох ажил бол Монгол Улсын хамгийн өндөр даваан дээгүүр хатуу хучилттай автозам тавьлаа. Монгол ардын намын ХХХ Их хурал дээр Ерөнхий сайд, МАН-ын намын дарга, Л.Оюун-Эрдэнэ хоёр зүйлийг онцолсон. Эхнийх нь “1921-2021 он хүртэлх хугацаа бол манай улс тусгаар тогтнолоо баталгаажуулсан 100 жил байлаа гэж. Харин хоёр дахь зуун жилд Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолыг баталгаажуулах явдал хэмээсэн. Энэ ажилд ханцуй шамлан орно гэдгийг ч зарласан. Эдийн засгийн хувьд тусгаар тогтнолоо олох нь туйлын чухал асуудал. Тиймээс бид цаашид зүгээр ухаад гаргах биш, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж үйлдвэрийг хөгжүүлэх явдал юм. Урд хил ямар нэг байдлаар хязгаарлалтад ороход л өргөн хэрэглээний бараа, барилгын материалын үнэ эрс өсч байх жишээтэй. Уг нь манай улс хар төмөрлөгийн үйлдвэртэй. Гэтэл яагаад арматурынхаа төмрийг гаднаас импортлох ёстой гэж. Төмөр утсыг өөрсдөө цувиж чадна. Эндээс л учгийг нь хөөх хэрэгтэй байгаа юм. Цар тахал хүн төрөлхтөнд аюул дагуулсан хэдий ч аливаа асуудлыг шийдэх гарц, гаргалгаа, боломж байдаг гэдгийг ойлгуулж өглөө. Манай улсын тухайд авч үзэхэд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байгуулсан бол зураг төсөлд өгөгдсөн 27 гүүрийн 25 нь монгол хүн , монгол инженерийн бүтээл. Энэ бүхэн монгол хүн ажил хийх чадамжтай , чадвартай, өгөгдөлтэй болохыг ойлгуулж өглөө гэж би хувьдаа дүгнэдэг. Чин үнэнийг хэлэхэд, цар тахал гараагүй бол говийн төмөр замыг хятадууд барих байсан. Бид ч хятадууд мундаг юм аа, нэг л өглөө сэрсэн чинь төмөр замтай болж гээд л өнгөрөх байсан. Үүний цаана орж ирсэн хэдэн төгрөг маань гадны компанийг дагаад гадагшаа урсах байлаа. Оросуудтай ярьж байхад “Биднийг Европын холбооны хоригт орсон гээд байх юм. Үнэндээ бид хоригт орсон биш харин Европын холбоо хоригт орсон, хохирсон” гэж ярьж байна билээ. Европын холбоо ОХУ-д хориг тавихаар ОХУ-ын үндэсний үйлдвэрүүд нь хөл дээрээ өсөж, өндийсөн хэрэг. Гаднаас импортлодог зүйлүүдээ дотооддоо үйлдвэрлэсэн гэсэн үг. Яг үүнтэй адил манайх ч энэ тогтолцоо руу шилжих цаг болсныг намын XXX их хурлын индэрээс Ерөнхий сайд ард түмэндээ хандан хэлсэн. Миний хувьд ч Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнолоо олохын төлөө ханцуй шамлах цаг өнөөдрөөс эхэлж байна гэж харж байна.
Алдаа оноогоо дэнслэх тухайд манай салбарыг хүмүүс тэр болгон ойлгодоггүй юм. Байнгын хэрэглээ учраас тэр байх. Хүн төрөлхтөний анхны хэрэглээ юу вэ гэхээр зам, тээвэр юм билээ. Хүн анх бий болсон цагтай зэрэгцээд ердийн хөсөг гээч зүйл бий болж.Үүний эхлэл нь бод малыг сургаж уналга, ачилгад ашигласан явдал. Тэгэхээр зам, тээвэр нь хүний анхны хэрэгцээ байж таарч байгаа биз. Ковидын үед энэ нь бүр илүү тод харагдлаа. Хил хаагдахад төмөр замаар бүх хэрэглээгээ хангаж ирлээ. Наушка-Эрээн чиглэлийн ачаа тээвэр нэг өдөр ч гацсангүй. Хэрвээ төмөр зам байхгүй байсан бол яах байсан бол? Ерөөсөө олон улсын хөгжлийн чиг хандлагын нэг хөтөч нь төмөр зам болсон байна. Тиймээс төр, засаг цаашид төмөр замыг хөгжүүлье гэдэг бодлого барьж буй. Энэ нь туйлын зөв. Баруун босоо, зүүн босоо, төвийнх, говийн бүсийн төмөр зам гээд өнөөдрийн байгаа 2000 гаруй бус 6500 орчим км төмөр замтай болчихвол Монгол Улс үндэсний төмөр замтай болж байгаа юм. Үүнээс цааш тээвэр логистикийн задрал бий болно. Гол мөрөөдөл маань баруун босоо чиглэлд барих замын ажил ирэх хавар эхэлчихвэл, дараа нь зүүн босоо, Хангийн чиглэл эхлэх учиртай. Ирж буй 2022 оныг манай салбарынхан их өөдрөгөөр харж байгаа. Хавар гэхэд Тавантолгой-Зүүнбаян замд галт тэргээ явуулчихсан, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замаараа нүүрсээ экспортод тээвэрлээд эхлэх зорилт тавин ажиллаж байна. Бидний хамгийн ойрын мөрөөдөл гэвэл энэ.
– Монгол Улс далайд гарцгүй ч далайн тээврийн асуудлаар ярилцах ёстой байх. Монголын далбаа бүхий хөлөг онгоц далайд аялдаг?
– Далайд гарцгүй орнуудыг дэмжих зорилгоор Далайн захиргааг анх байгуулсан байдаг. Олон улсын конвенц ч бий. Далайд гарцгүй орны хувьд НҮБ-аас баталсан конвенн дагу Монгол Улс далайд гарцтай орнуудын адил эрх эдэлдэг. Үүнд нэгдүгээрт, олон улсын конвенцийн дагуу эрхээ эдэлж чадаж байна уу, үгүй юу, Хоёрдугаарт, эдийн засгийн хүчин чадал нь ямар байна вэ гэдгээс ихээхэн шалтгаалдаг. Далайн захиргааг анх байгуулсан шалтгаан нь хөлөг онгоц дээр Монголын далбааг түрээслүүлээд, далбаагаараа мөнгө олох асуудал биш. Хэтдээ манай улс далайн тээвэр хөгжсөн газруудтай хамтарсан усан замын компаниудыг бий болгож, түүгээрээ Япон, Солонгосоос өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээ тээвэрлэх зорилтойгоор байгуулсан болов уу. Өмнө нь БНСУ-тай хамтарсан компани байгуулж байсан удаатай. Гэвч хөлөг онгоц худалдаж авах гэтэл ахад нөгөө л хөрөнгө мөнгөний асуудлаас болоод зогсонги байдалд орсон юм билээ.
-Соц нийгмийн үед Алс дорнодын боомтыг ашиглаж байсан. Түүнийг сэргээж чадвал Монгол Улс нэг улсаас шалтгаалахгүйгээр Европын улс орнуудтай харилцах нөхцөл бүрдэх юм биш үү?
Бид боомтуудыг ашиглах тухайд алдсан юм бий. Монгол Улс зах зээлд дөнгөж хөл тавьсан 1992,1993 оны үед УБТЗ-ын ачиж, буулгах ангийн орлогч даргаар ажиллаж байлаа. Нийслэлийнхний ярьдгаар гурвалжин. Тэр үед анхны буруу талдаа жолооны хүрдтэй жижиг суудлын тэрэг Алс Дорнодын боомтоор дамжин төмөр замаар Наушкаар орж ирдэг байв. Урд хөрштэй харилцаа сайжрахад Монголтой ойрхон гэх утгаар Тяньжин боомтыг манай тээвэр логистикийн компаниуд сонирхож, Алс Дорнодын боомтыг үндсэндээ орхисон. Энэ л бидний алдаа. Улсынхаа хувь заяаг үндсэндээ Тяньжин боомтод даатгаж орхисон байна. Хоёр, гурав, дөрөв, тав дахь гэсэн сонголт байхгүй болсон. Бид энэ алдаагаа аль болох хурдан засаж, харилцаагаа сэргээхийг оролдож байна. Далайд гарцгүй орны хувьд БНХАУ-тай байгуулсан гэрээ ёсоор тэдний долоон боомтыг ашиглах ёстой. Цар тахал намжихаар ачааллыг сарниулж хуваарилалт хийн долоон боомтыг ашиглахаас гадна Европын боомтыг ашигладаг болно. Энэ асуудал дээр холбогдох албаныхан маань ажиллаж эхэлсэн. Тээвэр логистикийн компаниуд, тээвэр зуучийн компаниудад “Одоо ганц газар харж суудгаа больё” гэх чиглэлийг өгсөн. Тэд судалгаа хийж, галт тэрэг явуулах боломж нөхцлийг хайж байгаа. Алс Дорнодын боомтоо ч ашиглана. Монгол-Оросын Засгийн газар транзит тээврийн хэлэлцээр байгуулсан. Монголын экспорт, импортын бараа, бүтээгдэхүүн Оросын нутгаар дамжихад тарифын тодорхой хэмжээний хөнгөлөлтийг үзүүлэх хэлэлцээртэй. Одоо үүнийгээ ашиглана. Гэхдээ төр бүгдийг хийхгүй. Төр хувийн хэвшлийн түншлэлээ ашиглах ёстой. Ерөнхий сайд ч үүнийг онцолсон. Магадгүй төрийн зарим чиг, үүргийг ТББ руу шилжүүлэх болов уу.
-Тяньжин боомтын найман га газрын асуудал хэзээ шийдэгдэх вэ. Олон жил яригдаж буй ч шийдэгдэхгүй явсаар 2022 онтой золголоо?
Оны эхээр тээвэр логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хөрөнгө мөнгө оруулах бололцоо бүхий компаниудтай уулзахаар төлөвлөсөн. Энэ үеэр Тяньжин боомтын найман га газар дээр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр болон бусад газруудыг хөрөнгө оруулалт хийх санал тавина. Мөн япон, солонгос, хятад болон бусад улсын компаниудтай далайн тээврийн хамтарсан охин компани байгуулж, Монголынхоо ачааг тээвэрлэх боломж байгааг танилцуулна. Эцэст нь аль болох олон боомтыг экспорт, импортын тээвэрт ашиглах нөхцөл бүрдүүлнэ. Өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүсвэл ганц боомтын хараат биш, сонголттой байх тийм орчин бидэнд хэрэгтэй. Энэ чиглэлийн бодлого хэрэгтэй юм байна гэдгээ ч нуух хэрэггүй. Алс Дорнодоос Тяньжин руу шилжсэн тухайд хоёр шалтгаан байсан юм билээ. Нэгдүгээрт хямд, хоёрдугаарт ойрхон байсан. Гэхдээ бид жаахан алсыг харсан бол Алс Дорнодын боомттой зууралдаад л байх ёстой байж. Хол ч гэлээ Европтой холбох гүүр болох байсан.
– Хилийн боомтуудтай холбох асуудлууд ямар шатандаа яваа бол. Шилжүүлэн ачих байгууламжийн хөрөнгийн асуудал төсөвт суусан уу?
-Хоёр тал тохиролцсон. Ганц мод буюу Хятадын тал дээр шилжүүлэн ачихад бид алдагдал хүлээхгүй. Гашуун сухайт буюу Монголын тал дээр шилжүүлэн ачилт хийвэл бүр сайн. Тэнд орлого нь үлдэнэ. Жишээ нь, жилд 20 сая тн нүүрс шилжүүлэн ачина гэж бодоход нэг тн шилжүүлэн ачилтаас гурван ам. доллар манайд үлдэнэ гэж үзвэл жилд 60 сая орчим ам.доллар болж байгаа биз. Үүнийг 20 жилээр бодоход 1.2 тэрбум ам доллар болно. Энэ мөнгө манайд үлдэнэ гэсэн үг. Салбарын сайд, төмөр замчны хувьд хэлэхэд, аль ч талаараа Монголын талд ашигтай. Тээврийн зардлын хувьд ч давуу талтай. Тавантолгойгоос Гашуун сухайт, Ганц модны чиглэлд тн нүүрсийг авто тээврээр гаргахад дунджаар 30-32 ам. доллар. Төмөр замаар гаргахад 8.5-9 ам. доллар болж байгаа юм. Тээврийн хөлс харьцангуй хямд болно гэсэн үг. “Жолооч нар яах вэ” гэж та асуух байх. Тавантолгой ордын нүүрсийг ганц төмөр замаар зөөгөөд дуусна гэсэн ойлголт байхгүй, төмөр зам, авто замаараа ч гарна. Тэгэхээр шилжүүлэн ачих байгууламжийн хувьд хаана байрлах нь толгой өвтгөсөн асуудал биш, харин төмөр замын холболтоо хийгээд төмөр замаараа гаргах нь бидний зорилго.
-Боомтууд хууль, эрх зүйн зохицуулалт сул нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирснийг цар тахлын үеийн үйл явдлууд харууллаа. Та надтай санал нийлэх үү?
-Ковид бидэнд их зүйл ойлгуулсны нэг нь энэ. Бидэнд өмнө нь ийм зүйл тохиолдож байгаагүй учраас боомтын удирдлагын тогтолцоог тоохгүй явж иржээ. Хүнд нөхцөл тулгарахад боомтын нэгдсэн удирдлагын тогтолцоо маш чухал гэдгийг хаа хаанаа ойлгосон. Тиймээс ковидын тухай хуулийг 2021оны арванхоёрдугаар сарын 31-ийг хүртэл сунгасан. Хуульд тусгасан нэг гол заалт бол боомтын бүрэн эрхт захиргаа гэдэг нэр томьёо дор боомтын захиргааг байгуулсан явдал. Боомт дээр ажиллаж байгаа төрийн байгууллагуудын уялдаа холбоог нэгдсэн удирдлагад оруулах нь хуулийн зорилго байсан. Үнэн хэрэгтээ Гаалийн ерөнхий газар, , МХЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв гэхэд бүгд босоо удирдлагатай. Аймаг дахь газрууд нь Улаанбаатар хот дахь ерөнхий газартаа шууд харьяалагддаг байх жишээнтэй. Шийдвэр гаргах түвшинд тус тусдаа эрх ашигтай, тус тусдаа хуультай. Үүнийг л нэгтгэж нэгдсэн удирдлагаар хангадаг тогтолцоо тэнд байхгүй. Ийм салангид удирдлагатай байсны гороор цар тахлын эхэн үед нэлээдгүй будилсан. Цар тахлын ард гарсан хойно ч боомтын нэгдсэн удлирдлагыг цаашдаа хэрхэн зохицуулж явах тухайд хууль, эрхзүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр төмөр замтай холбоотой ямар ямар асуудал хөндөгдөх вэ. Аливаа айлчлалтай холбоотойгоор талууд асуудлыг өөрсдийн хүрээнд шийдэх гарцыг олох нь бий?
-Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд агуулгын хувьд олон тэмдэглэлт жилүүд давхцаж буй. Түүний нэг нь Монгол –Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байгаа. Энэ удаагийн айлчлалын гол сэдэв энэ асуудал руу чиглэгдсэн. Ерөнхийлөгч нэг л зүйлийг чиглэл болгож хэлсэн.100 жилийн төгсгөл, хоёр дахь зууны эхлэл дээр өмнө нь олон жил яригдсан асуудлуудыг Монголын талаас санаачилга гаргаад дуусгая гэж. Мэдээж улсын хэмжээнд олон асуудал бий. Тээврийн салбарын тухайд Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-тай холбоотой, бараг 20-30 жил ярьсан гурван том асуудал байдаг. Нэгдүгээрт, 1949 онд нийгэмлэг байгуулагдахад манай улс тодорхой хэмжээний газраар хөрөнгө оруулалт хийсэн. Улаанбаатар хотод гэхэд л эзэмшил газрыг баталгаажуулах асуудал олон жил яригдсан. Орон нутагт харьцангуй сайн шийдэгдсэн. Цоо шинэ газрын асуудал огт биш. Жишээ нь, УБТЗ-ын хүүхдийн цэцэрлэг. Тэнд төмөр замчдын хүүхдүүд сурч, хүмүүждэг. Барилга нь байж байдаг, гэтэл газар нь УБТЗ гэдэг ААН-ийн нэр дээр гарч өгдөггүй. зүтгүүрийн депо, зорчигчийн вагон депо, эрчим хүчний анги, замын анги, вокзал гэх мэт төмөр замтай холбоотой барилга байгууламжийн доор байгаа газруудыг УБТЗ-ын нэр дээр эзэмшүүлэх асуудал гацаанд байсан. Хоёр дахь нь, УБТЗ-ын тээврийн тарифын асуудал. Энэ тарифын асуудлыг бас л цөөнгүй жил царцаасан нь бидний алдаа. Үүнийг шийдье гэж Оросын талаас олон удаа санал тавьсан. 2020 оны байдлаар ганц тоо хэлье. УБТЗ транзит тээврээс 80 орчим тэрбумын ашиг олоод бусад алдагдалдаа 73 тэрбумыг нь зараад найм орчим тэрбум төгрөг нь ашиг болж үлдэх жишээтэй. Аливаа асуудлын нэг том алдаа нь өөрсдийгөө хүний оронд тавьж үздэггүйд оршдог. Оросын талаас тарифаа хөдөлгөөч гэдэг асуудлыг олон жилийн турш бүх түвшинд тавьж ирсэн. Гурав дахь нь, 1990-ээд оны сүүлд Японы ЗГ-аас авсан “Мон-П 1,2” гэсэн зээлийн асуудал.. Энэ зээл тухайн үедээ Монголын эдийн засгийг аварсан байдаг. Залуучууд үнэмшихгүй байж мэднэ. Бид тэр зээлийн мөнгөөр Германаас 30 ширхэг зорчигчийн ногоон вагон худалдаж аваад Москва-Улаанбаатарын чиглэлд аялуулсан. Өнөөдөр хөл дээрээ баттай зогссон бизнесменүүд тэр галт тэргээр гахай зөөж арилжаа, наймаа хийж байсан түүхтэй.
– Эзэнгүйдээд байсан хоёр том салбар тань эзэнтэй болсон. ИНЕГ-ын даргын хувьд мэргэжлийн, салбараа мэддэг хүн гэж сонсогдсон. Хэрлэн даргын хувьд энэ салбарт цоо шинэ хүн учраас захиж хэлэх зүйл байв уу.
Миний бие салбар хариуцсан сайдын хувьд С.Мөнхнасан даргад ч Х.Хэрлэн даргад ч хэрхэн ажиллах талаар чиглэл өгсөн. Х.Хэрлэн дарга төмөр замын салбарт ажиллаж байсан хүн. МТЗ-ын даргаар ажиллаж байсныг нь хүмүүс мэдэх байх. Х.Хэрлэн даргыг ажлаа хүлээж авсны дараа хүлээн авч уулзан хэд хэдэн асуудалд анхаарлаа хандуулж ажиллахыг үүрэг болгосон. Төмөр замд аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий тусгай нэгж байдаг юм. Түүнийг хүчжүүлэх асуудал дээр сайн анхаарч ажиллаарай гэсэн. Хоёрдугаарт, төмөр замын санхүү эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх хөрөнгө оруулалтын оновчтой бодлого чухал байгаа. Бид өмнө нь эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэх зарчмаар явж ирсэн нь нууц биш. Тиймээс цацдаг биш үр өгөөжөө өгөх аюулгүй байдлыг хангах зарчмыг чухалчилж, зоригтойхон шиг ажиллаарай хэмээсэн. Улаанбаатар төмөр замын хувьд ялангуяа гол замын гэж хэлээд байгаа Наушкаас-Замын-Үүд-Эрээн, Сүхбаатараас-Эрээн хүртэлх энэ гол замд модон дэртэй хэсэг олон бий. Энэ жилийн хувьд 80 км орчмыг нь шинэчилсэн. Шаардлагатай гэж үзвэл УБТЗ Орос-Монголын хамтарсан компани учраас Оросын засварын бригадтай хамтран 80 биш 120, 150, 160 км-т их засварыг богино хугацаанд хурдан хийх ёстой.Тэгж байж нэвтрүүлэх чадвар дээшилж, илүү мөнгө олно. Тодруулбал, аюулгүй байдлыг ханган мөнгө илүү олдог зүйл рүүгээ түлхүү хөрөнгө оруулалтаа хий гэсэн үг. Улаанбаатар төмөр замд нэвтрүүлэх чадвар нь хязгаарлагдмал газрууд байгаа. Жингийн хугарал хэт их, өөрөөр хэлбэл галт тэргээ их задалдаг, тахир тойруу ихтэй газрууд.Тэнд галт тэрэгний хурд саардаг, дээр нь замын болоод дугуйн элэгдэл их гардаг гээд ашиглалтын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг нөлөөллүүд бий. Энийг бууруулах хөрөнгө оруулалтыг түлхүү хийгээрэй. Түүнээс шинэ машин, ширээ, сандал авах нь нэгдүгээр асуудал биш гэдгийг захиж хэллээ. Гуравдугаарт, Монголын экспортыг дэмжих зорилгоор манай нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хамтарсан компанийн хувьд экспортын тээврийг дэмжих ёстой. Би түрүүн транзит тээврээсээ 80 тэрбумын ашиг олж бусад тээврүүдээсээ 73 тэрбум төгрөгийн алдагдалд орж найман тэрбумын ашигтай ажилласан тухай жишээ хэлсэн. Уул нь 80 тэрбум дээрээ нэмээд ашиг олсон бол гурван жилд хийхээр төсөвлөсөн хөрөнгө оруулалтын ажлыг 1,5 жилд хийх юм. Тэр хэрээр тээвэрлэх ачааны хэмжээ өснө, тээврийн орлого ч өөрөө орж ирнэ, Монголын эдийн засагт нэмэр болно,экспорт ч нэмэгдэнэ. Би энэ компанийг буруутгахгүй байгаа. Магадгүй тэр байгууллагын удирдах албан тушаалтан нь би байсан бол ингэж л явах байсан. Учир нь ажилчдынхаа цалинг тавих ёстой, дампуурахгүйн тулд хэн ашигтай тариф санал болгоно түүнийг дагана. Гэтэл нөгөө транзит тээвэр нь ашигтай л байгаа байхгүй. Харин түүний ард улс эдийн засгаараа хохирч үлддэг. Тийм учраас ганцхан Оросын талд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ олон улсын зах зээл дээр өсөж байгаа энэ үед тарифаа тодорхой хэмжээгээр нэмдэг системд орьё гэх саналаа хүргүүлсэн. Эхний нэмэлтээр төмрийн хүдэр, нүүрс гээд экспортын тодорхой ачаан дээр тарифаа нэмсэн. Цаашдаа үе шаттайгаар 2025 он хүртэл нэмнэ. Монголын эдийн засагт өгөөжөө өгөх хамтарсан үйлдвэр байх ёстой. Мөн шинэ төмөр замууд. Жишээ нь, Тавантолгой-Зүүнбаян чиглэлд Монголын төмөр зам оператор хийнэ. Зүүнбаян төмөр зам суурь бүтцээ эзэмшинэ, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Тавантолгой төмөр зам ажиллана. Ханги-Мандалын чиглэлийн төмөр замын концесс зарлагдвал ирэх хавраас бүтээн байгуулалтын ажил нь эхэлнэ. Чойбалсангаас доош Хөөтөөс Бичигт гээд зүүн, баруун бүсийн босоо чиглэлийн төмөр зам гарч ирнэ. Дараагийн шатанд Сайншанд-Хөөт чиглэлийн говийн бүсийн хөндлөн төмөр зам бий болно. Тавантолгой-Зүүнбаянгийн үргэлжлэл. Энэ үед бусад төмөр замтай хэрхэн яаж хамтарч ажиллах зохицуулалтыг одооноос яам бодлогоор дэмжиж, “ах” төмөр замын хувьд Улаанбаатар төмөр зам голлох үүрэгтэй ажиллах ёстой. Ядаж л ирээдүйн хүний нөөцөө өөрийн эзэмшдэг дээд сургууль, политехникийн коллеж хоёртоо бэлтгэж, дадлагажуулаад өгөх хэрэгтэй. Зарим чадварлаг ажилтнуудаа ч хуваалцах ёстой. Ийм зүйл дээр сэтгэл харамгүй тусалж ажиллах ёстой шүү гэдгийг хэлсэн.
Та бид хоёр зам тээврийн салбарыг тойрсон асуудлаар ярилцаа. Харин хувь хүний тухайд сонирхож болох уу. Та замчны хүүхэд үү?
-Миний төрж өссөн нутаг Ховд аймгийн Дарви сум. Би нэгдлийн малчны хүү. Ээжийн маань бие чилээрхэж 1973 онд Улаанбаатарт эмчилгээ хийлгэхээр нүүж ирснээр хотын хүүхэд болсон. Улсын тэргүүний 28 дугаар сургуулийг 1983 онд төгссөн. Аав маань “Миний хүү нягтлан бол” гэж их хэлнэ. Би өөрөө багш болох сонирхолтой. ЕБС төгсөхөд хүүхдүүдийг сурлагын оноогоор нь жагсаан улаан шугам татан, их, дээд сургуульд хуваарилдаг байсан үе. Би сурлага сайтай тул олон улсын харилцааны сургуулийн хуваарь аваад Их сургууль дээр шалгалтаа өгтөл Монгол хэл, түүхийн шалгалтыг онц, орос хэлний шалгалтад сайн буюу дөрөв гэсэн үнэлгээ авлаа. Халаасны оноогоо нэмээд 19. Ганц оноо дутсан. Гэхдээ миний 19 оноо дотоодын сургуульд ороход хангалттай байсан ч би ороогүй. Тэгтэл улсын тэргүүний 23 дугаар сургуулийг онц төгссөн хүүхэд сургуульгүй хоцорсон байна гэдэг яриа гарч. Их сургууль дээр дуудаад Украйны Жин хэмжүүрийн техникумд яв гэв. Би өөрөө заавал дээд сургуульд явна гэдэг зорилготой байсан учир техникумд явахаас татгалзсан. Тэгтэл манай том хүргэн Очирхуяг/ насаараа цагдаагийн байгууллагад ажилласан нэгэн/ ахын маань найз Данзанванчиг гуай ахынд ирж зурагтыг нь засаж өглөө. Хүргэн ах намайг сургуульгүй үлдсэн тухай Данзанванчиг гуайд хэллээ. Тэгтэл “Миний дүү, төмөр замчин бол. Төмөр замын мэргэжил сайхан шүү. Манайд ажилла, хоёр жил ажиллаад сургуульд яв. Ах нь тусална” гэдэг байгаа. Хэд хоногийн дараа ажилд орж, Төмөр замын удирдах газрын гадаа талбайн цэвэрлэгч болсон. Аравдугаар сар хүртэл ажиллаад сангийн аж ахуй явсан. Тэр үед байгууллага болгон туслах аж ахуйтай байсан. Намайг жаахан хүүхэд болохоор томчууд их сайн. Төмөр замын худалдааны баазын хөргөх зоорийн ажилтан Туяа эгч “Чи манайд ачигч хий. Цалин нь ахиу” гэхээр өргөдөл гарган ажлаа сольсон. Муу хүнийг заяа түшинэ гэдэг дээ, Худалдааны баазын захирал Жамбалдорж гэх манай нутгийн, аавыг маань их сайн таних хүн байж таарсан. Тэнд хоёр жил ажиллаад Төмөр замын сургуульд явсан. Ингэж л УБТЗ гэх их айлтай хувь заяагаа холбосон түүхтэй.
Төмөр зам боловсон хүчнээ анхан шатны нэгжээсээ бэлтгэдэг газар. Тэндээс олж авсан хүмүүжил, мэдлэг тань салбар авч явахад хэрэг болж байна уу?
-Төмөр зам өөрөө 1520 мм гэсэн хэмжээс дотор ажилладаг байгууллага.Тэрнээс дутуу байж болохгүй илүү ч гарч болохгүй. Дээр нь ажил нь минут бус секундээр хэмжигддэг. Цаг хугацаа маш нарийн. Галт тэрэг тогтсон цаг хугацаандаа л явна. Бүх зүйл графикийн дагуу. Тээвэрт сахилга бат хоёр, гурав дахин чухал гэдэг чинь үүнтэй холбоотой. Жишээ нь, машины жолооч замдаа зогсож, бие засаж болдог бол галт тэрэгний машинистад тийм эрх байхгүй. Галт тэрэг 20:35 цагт хөдлөнө гэсэн бол хөдлөх ёстой. Зорчигчийг секунт ч хүлээх эрх байхгүй. 1520 мм гэж яагаад онцолсон бэ гэхээр хоёр царигийн хоорондох зай. Түүн дотор захирагдаж ажиллана гэсэн үг. Бусад салбарыг бодвол илүү нарийн мэдрэмж шаарддаг нь төмөр зам юм. Тиймээс төмөр замынхан аль ч салбарт гологддоггүй. Инженер техникийн ажилтнуудыг сургууль төгсөөд ирэхэд нь тухайн мэргэжлийн анхан шатны нэгжээс эхэлж ажиллуулдаг. Энэ нь тухайн хүнийг насан туршид нь юугаар ч солихгүй практик дадлагатай болгож байгаа нь тэр. Албан тушаал өсөхийн хэрээр дор ажиллаж байгаа хүнээ хянах бүрэн чадварыг олгож байгаа хэрэг. Харин одоо залуучууд сургууль төгсөөд дипломоо бариад л дарга болно гэж бодож орж ирдэг. Дарга болохын тулд хичээх хэрэгтэй. Дарга шиг дарга болох уу, салбартаа гологдсон дарга байх уу гэх тухайд ялгаа бий шүү. Их том зай байдаг. Монголчууд үнэн худлын хооронд дөрвөн хуруу зай бий гэдэг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр сонссоныгоо үнэн гэж бүү бод, харсан зүйлээ үнэн гэж бод гэсэн мэргэдийн сургаал. Тэгэхээр чихээр сонсох нүдээр харах хоёрын хооронд дөрвөн хуруу зай байна гэсэн үг. Хүсээд дарга болох, дарга шиг дарга болох хоёрын хооронд бол юун дөрвөн хуруу бус алд дэлмийн зай байдаг юм.
-Миний мэдэхээр УБТЗ-аас салбарынхаа сайдаар ажиллаж буй хоёр дахь хүн нь та. Р.Рааш сайдыг ИНЕГ-т ажиллах үед нь таарч байлаа. Замчин хүний гярхай байдал шууд харагдаж байсан.?
Минут бүү хэл секунт ч алдах эрхгүй салбарт ажиллаж байсан болохоор асуудалд өөнтөгч байдлаар ханддаг болсон байна билээ. Эмх замбараагүй зүйлд их дургүй. Байгууллага ч ялгаагүй. Сурсан зүйлийг сураар боож болохгүй гэдэг дээ. Р.Рааш дарга шиг л бүх зүйлийг нарийвчлан шалгах гээд байдаг гэм надад ч бий. Төмөр зам, иргэний нисэхийн салбарын аюулгүй байдлыг хангах зарчим адилхан. Төрөл нь өөр боловч хяналтын тогтолцоо болон үндсэн технологи нь нээх их зөрөөд байдаггүй. Тиймээс төмөр зам ингэдэг, агаарын салбар нь тэгэх ёстой гэх зүйлгүй. Энэ салбарт нэлээд хэдэн жил ажиллалаа. Аль ч салбар дээр очиход хууртагдахааргүй болсон байна билээ. Энэ чинь л төмөр замын ач шүү дээ.
Та маш сайн гүйцэтгэгч байж мэднэ. Улс төрийн тавцанд гүйцэтгэгчид тоглолт хийж чаддаггүй учраас буланд шахагддаг нь анзаарагддаг.
-Үнэнийг хэлэхэд, Засгийн газрын гишүүн болох хүртлээ үүнийг ойлгоогүй л явж. Дэд сайд байхдаа ч тэр. Дэд сайдаар богино хугацаанд ажилласан ч гэлээ гурван сайдтай хамтарч ажилласан байдаг. УИХ-ын гишүүн эсвэл Засгийн газрын гишүүн байх нь яаман дээр, өрөөндөө тогтож суух завгүй байдаг. Даваа гарагт бүлгийн хуралдаантай, мягмарт байнгын хорооны хурал, залгаад л нэгдсэн чуулган гээд л. Хэдийд нь ажлаа хийх вэ гэдэг нь том асуудал. УИХ-ын гишүүн сайдтай, дэд сайд бол ерөнхийдөө арын албыг нь авч явдаг. Миний бие 2018-2020 онд дэд сайдаар ажиллах хугацаандаа салбарынхаа арын албанд зүтгэсэн.Тэр үедээ ч улс төрийн нөхцөл байдлуудыг тэр болгон анзаарахгүй, зөвхөн урдах ажлаа хийдэг байж. Засгийн газрын гишүүн болоход таны хэлснээр салбарын сайд байх улс төрийн албан тушаалтан буюу Засгийн газрын гишүүн байх хоёрт газар, тэнгэр шиг ялгаа байдаг юм байна. Би хэчнээн нийслэл, дүүргийн намын хороо гээд намын гал тогоонд, анхан шатанд ажиллаж байсан ч гэлээ тэр бүр гүн рүү нь орж, гол тоглогч байгаагүй учраас улстөрч байна гэдэг нь миний хувьд цоо шинэ орчин аж. Салбарын сайдын хувьд хэн нэгнээр заалгаад наана цаана гээд байх шаардлага алга. Улс төрийн албан тушаалыг хашихад алдаа, оноо байна..Улс төрийн тоглолтод идэвхтэй байдаггүй, хөндлөнгөөс харж явсан учраас цахим ертөнцөд д “гөвөөд” ” байх шинжтэй. Захиалга өгдөг, өгсөн үүргийг нь биелүүлдэг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд байна. Өдөр тутмын сонин хэвлэлүүд харин өөр. Ёс зүйтэйбайдаг юм билээ. Харин гудамжны юм шиг аашилдаг нөхдүүдийн тухайд хэлэх үг олддоггүй. Сүүлдээ тоохоо больсон. Жингийн цуваа явж л байна, жингэр нохой хуцаж байна гэдэг шиг. Миний гол зорилго бол энэ салбарын Засгийн газрын өмнө хүлээсэн ажлыг чих халууцуулалгүй хийх явдал. Дээр өгүүлсэнчлэн хилийн боомт хаагдахад л над руу дайрах жишээний. Хойд талын хар овоохой гэдгээр. Асуудлын ард олон янзын давхаргын тогтолцоо, дээрээс нь өөр өөрийн функц гэж бий. Жишээлбэл, машин байхгүй гэдэг ч юм уу , галт тэрэг нь зогсчихсон тохиолдолд хариуцлага хүлээхэд бэлэн. Гэтэл өөр хүчин зүйлс нөлөөлөөд байхад манай салбарыг буруутгаж болохгүй шүү дээ. Дээр нь хоёр орны харилцаа, гэрээ хэлэлцээрээр шийдэх асуудал гэж байна. Дэлхий өөрөө ийм нөхцөлд амьдарч байхад бид яах билээ. Тяньжин боомтод чингэлгийн бөөгнөрөл үүссэн асуудалд манай салбарыг буруутгаж байгаа. Бусад орнууд манайхаас долоон дор нөхцөлд байна. Бид л ярихгүй байгаа болохоос. Агаараас авсан зургаар Тянжин боомт нуурандаа цугласан шувууд шиг л байна.. Ачаагаа буулгах ёстой хөлөг онгоцууд боомтын ойролцоох зогсоолдоо ч зогсож чадахгүй хэдэн зуугаараа бөөгнөрсөн ч байсан. . Ийм тохиолдолд бид яах юм бэ. Нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Коронавирус бол бидэнд хэзээ ч учирч мэдэх олон эрсдэлийг гаргаж тавьсан. Тиймээс цаашид бодлогын түвшинд хийх ёстой ажлууд гэж тооцож байгаа нь энэ.
Заримдаа хоёр нүүр гаргах шаардлага улстөрчөд хүссэн хүсээгүй тулгардаг байх.
-Тийм үе гардаг. Гэхдээ би тэгж чадахгүй юм билээ. Надад хэвлэлийнхнээс нуугаад байх зүйл байдаггүй. Бид яамныхаа үйл ажиллагааг сар бүр хэвлэлээр дамжуулан нийгэмд танилцуулахыг хичээдэг. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын тухайд төсөв, бусад ажлаар цаг наргүй ажиллалаа. Арванхоёрдугаар сард харьцангуй чөлөөтэй байгаа. Ололт амжилт, алдаа оноогоо ярина гэж бодож байна. .
Таны ажил өглөө хэдэн цагт эхэлж хэзээ дуусдаг вэ?
– Өглөөд оройтлоо гэхэд 08:00 цагт эхэлдэг. Орой ажлаа тараад гарахад шөнө дунд болсон байдаг. Салбар нь өөрөө том учраас тэр хэрээр ажил нь ч их.
Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа
Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ.
Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэнэ.
Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санхүүгийн механизм юм.
Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр гаргаж буй санхүүжилт жил бүр нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрээд байна.
Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулах, чанартай боловсрол, сайн засаглал бий болгох замаар ногоон, хүртээмжтэй нийгмийн хөгжилд хүрэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилт тавьсан.
Үүнд нийт 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үүний 6.3 тэрбумыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, 5.2 тэрбумыг дасан зохицох арга хэмжээнд зарцуулна.
Энэ хүрээнд улсын төсвөөс гадна олон улс, хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөр, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Дотоодын банк бус санхүүгийн байгууллага болон арилжааны банкууд гэхэд л 2030 он гэхэд нийт зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгодог болохыг зорьж байгаа юм.
Форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ногоон санхүүжилтийн форум”-д оролцож буй байгаль орчин, ногоон хөгжлийн манлайлагч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Энэ удаагийн форумыг “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд хамтран ажиллаж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, түүн дотроо Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагуудын хамт олонд талархал илэрхийлье.
Азербайжан Улсын Баку хотод болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалтад дэлхийн удирдагчид оролцож, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтийн талаарх байр сууриа илэрхийлж, ногоон хөгжлийн бодлого, зорилт, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцууллаа.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөв, хөрөнгө, санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэхэд голлон анхаарсан дээрх уулзалтын дараа болж буй өнөөдрийн форумаар Монгол Улс ногоон хөгжлийн санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр Та бид хуран цуглаад байна.
Дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, 2024 он бол 1850 оноос хойш дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдөр, хамгийн халуун сар, хамгийн халуун жил болон тэмдэглэгдэхээр байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтнийг урьд өмнөхөөс илүү цочроож, айдаст автуулж байгааг онцлон тэмдэглэсэн.
Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.
Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг бид хэзээ ч мартаж болохгүй.
Тиймээс эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.
Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас эдгээр улс орон Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байгааг Та бүхэн мэднэ.
Тийм учраас НҮБ-ын 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид хөгжилтэй орнуудаас бага, дунд орлоготой хөгжиж буй орнууд руу чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийн хэмжээгээ жил бүр 100 тэрбум ам.доллар байсныг 2035 он хүртэл жил бүр 300 тэрбум ам.доллар болгон гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцоод байна.
Монгол Улс дээрх бага хурлын үеэр “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэлхий улс орнуудад гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Энэ санаачилга дэмжигдэн батлагдвал уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг билээ.
Өнгөрсөн өвөл, хаврын зудын нөхцөл байдлаас шалтгаалж мал сүргийн 10 гаруй хувь буюу 8.1 сая мал хорогдож, мал аж ахуйгаар амьдралаа залгуулж ирсэн монголчууд бидэнд хүндээр туслаа.
Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд онцгой анхаарч, шийдэмгий арга хэмжээ авч, нийгмийн бүх бүлэг илүү нягт хамтран ажиллахыг цаг үе биднээс шаардах боллоо.
Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилт, үүрэг, амлалтыг олон улсын өмнө хүлээсэн.
Дээрх үүрэг, амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд манай улсад ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн мэргэжлийн үнэлгээ байдаг.
Иймээс байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэхэд хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ улам эрчимжүүлэх шаардлагатай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, улс орон даяар хэрэгжүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, ногоон хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Энэ хүрээнд ирэх оны зургаадугаар сард “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги-Мүн” сан болон АНУ-ын Стэнфордын их сургуультай хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэрбум, тэрбум мод – Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” уриан дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Мөн Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр байгаль хамгааллын салбарт санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бий болгох зорилгоор “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, “Монголын байгалийн өв сан” итгэлцлийн сан байгуулан, олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 70 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж төвлөрүүлээд байна.
Энэ бол чамлахааргүй төсөв, хөрөнгө бөгөөд үүнийг үр дүнтэй, хүртээмжтэй ашиглах нь чухал байна.
Түүнчлэн Герман Улсын “Өвлөгдөн үлдэх газар нутаг” сангийн дэмжлэгтэй, 15 сая ам.долларын санхүүжилт бүхий “Цэнхэр тэнгэрийн орон – Онон Балжийн байгалийн цогцолбор газар” төсөл хэрэгжиж эхлээд байна.
Эдгээр төсөл, хөтөлбөр нь биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.
Үүний зэрэгцээ Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалт, ногоон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр улам идэвхтэй ажиллах шаардлагатай байна.
Цөөнгүй ололт, амжилт, үр дүн гарч байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээрх бодлого, үйл ажиллагаагаа улам сайжруулах нь зүйтэй юм.
Тиймээс энэ удаагийн форум нь Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх талаар туршлагаа хуваалцах, бодлого, арга хэмжээгээ уялдуулахад чиглэж байна.
Юуны өмнө манай улсын хувьд ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд нийгмийн бүх бүлгүүдийн хоорондын бодлого зорилт, мэдээ мэдээлэл, хамтын ажиллагаа зэрэг олон асуудал дээр нэг зүгт, нэг цонхоор харах үүднээс үндэсний зөвшилцөл бий болгох нь нэн чухал байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг яам, ганц нэг байгууллагын ажил биш юм.
Энэ бүх яам, институт, ард иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага зэрэг нийгмийн бүх бүлгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, үүрэг, хариуцлага гэдгийг төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна.
Сүүлийн жилүүдэд манай хувийн хэвшил түүн дотроо банк, санхүүгийн байгууллагууд ногоон хөгжлийг эрчимжүүлэх, ногоон санхүүжилтийг татах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.
Одоо гагцхүү төрийн зүгээс шаардлагатай дэд бүтэц, эрх зүйн орчин, тодорхой бодлого, зорилтоо олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлан таниулах, хурдан шуурхай дэмжин ажиллах нь чухал байна.
Тухайлбал, хүлэмжийн хийг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбар бүрийн хувьд тодорхой тооцоо үндэслэлтэй, шинжлэх ухаанч тоон болон чанарын зорилтуудыг нарийн боловсруулж ард иргэд, баялаг бүтээгчдэд сайтар ойлгуулан таниулах шаардлагатай байна.
Нэн ялангуяа хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг салбарын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нарийвчилсан бодлого, зорилтоо олон нийтэд танилцуулах нь зүйтэй.
Энэ хүрээнд ард иргэд, төр, хувийн хэвшил хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, шаардлагатай зохицуулалт, эрх зүйн шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй.
Үүний зэрэгцээ ногоон, тогтвортой санхүүжилтийн зарчим, дэд бүтэц, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, мөн нүүрстөрөгчийн татвар, нүүрстөрөгчийн зах зээлийг оновчтой ашиглах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төрийн зүгээс онцгой анхаарч, хурдтай ажиллах шаардлагатай байна.
Дээр дурдсан олон тулгамдсан асуудлуудын талаар өнөөдрийн энэхүү форумаар Та бүхэн илэн далангүй ярилцаж, ажил хэрэгч санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Хүн төрөлхтний сайн сайхан амьдралыг тэтгэх эх ундарга нь цэвэр агаар, цэнгэг ус, ариун дагшин хөрс шороо билээ.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.
Тиймээс эх дэлхийгээ хамгаалахад хүн төрөлхтөн цаг хугацаа алдах эрхгүй.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол сонголт биш, харин хүн төрөлхтний эх дэлхийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм.
Байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилт бол ямар нэгэн тусламж биш, энэ бол үр хойчдоо Та бидний хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.
Тиймээс ногоон хөгжлийн төлөө монголчууд бид нэг зүг харж, нэгдмэл санаа бодолтой хамтран ажиллаж, үр дүнтэй, зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлцгээе.
Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.
Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Улс төр
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
-
Нийгэм18 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр13 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр15 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Нийгэм18 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Энтертайнмент15 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Дэлхий дахинд17 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм16 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав