Улс төр
Э.Бат-Үүлийг “хонгилоор чирсэн” хүн хэн бэ?
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бат-Үүлд 4 жил хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан тухай мэдээ хэд хоног хэвлэлийн болон нийгмийн сүлжээний шуугиант сэдэв болж, амтай болгон шаагин, өөрсдийн таамаг, зүхэл, хараалыг урсгаж байна. Яг юу болоод өнгөрснийг тун цөөхөн хүн мэдэж байгаа. Юмс харагдаж байгаа шигээ хялбархан тайлбартай байдаггүйг энэ хэргээс харж болно.
Хууль шүүхийн гэхээсээ улс төр, эдийн засгийн явуулгын илэрхийлэл болсон энэ жүжгийн зохиогч, найруулагч нь уулын аманд мөрийтэй хөзөр наадангаа албатууддаа үүрэг өгөн хутгаж суугаа Ц.Элбэгдорж юм. Түүний хонгилоор чирэх наадаанд оролцож байгаа хүмүүсийн яриаг ажихад их зүйл ойлгогдно.
Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Г.Орхон: – 2018 онд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байхад Э.Бат-Үүлд дөрвөн жилийн ял оноолоо. Хоёрдугаарт, …прокурор, шинжээчдийн зүгээс эд материалын хохирлыг нотолж чадаагүй байхад хохиролтой гэж үзэж ял оноолоо. … хар таамгаар ял өгсөн гэж үзэж байна.
Ц.Элбэгдоржийн “наадааны туслах дүр” Ч.Өнөрбаяр: – Хэргийн хавтаст хэргийг уншаагүй учраас хэрэг доторхыг сайн мэдэхгүй байна. … улс төрийн хоригдлын дараагийн жагсаалтад би оръё. … энэ хүнд ял өгөх байсан бол хоёр жилийн хангалттай хугацаа байсан. Яагаад хэргийн удаан хугацаанд уяж байгаад одоо шийдвэр гаргаж байгаа юм бэ. Эргэлзээ төрүүлж байна.
Ц.Элбэгдоржийн наадааны “гол дүр” С.Эрдэнэ: – Улс төрийн зорилгоор хуулийн дүгнэлт үйлдсэн гэж харагдаж байна. …Ерөнхийлөгч асан Х.Баттулгын томилсон шүүгчид эзнийхээ даалгаврыг биелүүлж байхыг үгүйсгэхгүй.
Наадааныг зохиогч, найруулагч Ц.Элбэгдорж: – Өнөөдөр чинь яасан муухай өдөр вэ. Өглөө Балжинням агсны мэдээ, сая Үүл баатар маань дөрвөн жил сонсоод, ачигдаад явлаа гэнэ. Давж заалдах хоёр шатны шүүх түүнийг цагаатгана гэдэгт эргэлзэхгүй байна. Л.Оюун-Эрдэнийг авлигатай хийх тэмцэл гээд байсан нь энэ үү? Хэнд нь хууль үйлчилдэг, хэнд нь үйлчилдэггүй нийгэм болчихсон юм бэ. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргээр хүн яллаж болдог хэрэг үү. Яагаад хэлмэгдүүлснийг нь цагаатгаж, хэлмэгдсэнийг нь ялладаг болчихсон улс вэ?
Эндээс Ц.Элбэгдоржийн хонгилоор чирэх ээлжит наадаан Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг буруутгахад чиглэгдэж, олон давхар санааг агуулж байгааг уншиж болно. Хэд хэдэн сэжиг сэжүүр байна.
– Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын шүүгчээр томилогдсон хугацааг харвал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө буюу Ц.Элбэгдоржийн томилсон хүмүүс байх аж. Б.Халиун нь Ц.Элбэгдоржтой нэн дотно, гэр оронд нь орж гардаг нэгэн ажээ.
– Ц.Элбэгдорж анхан шатны шүүхийн шийдвэр удахгүй няцаагдна гэдгийг тооцож, мэдэж байна. Гэхдээ энэ наадаанаар “Л.Оюун-Эрдэнийг авлигатай хийх тэмцэл” гээд байгаа нь хүн хэлмэгдүүлсэн, хоосон зүйл гэж харагдуулахын тулд Э.Бат-Үүлийг хөлдөө чирэн бужигнуулж байгаа аж.
– Давхар Ардчилсан намын даргад өөрийн нөлөөллийн хүнийг батлуулах сонирхлоо хэрэгжүүлэхийг чармайж, алсын зорилго нь удахгүй болох өөрийнх нь шүүх хурлыг угтуулан хэлмэгдсэн дүрийг сийлэхээр зорьжээ.
– Харамсалтай нь хонгилоор чирэх наадааных нь нарийн учрыг Ч.Өнөрбаяр, С.Эрдэнэ нарын албатууд нь сайн ойлгоогүй явна.
– Э.Бат-Үүлийг хонгил руу түлхэх наадааны цаад учир нь Оюутолгой болон Эрдэнэттэй холбоотой асуудлууд шийдэгдэж, улам гүнзгийрүүлэн ухах явцыг саармагжуулах, зогсоох бололтой. Мань хүний сэдсэн наадааны дараа шуугиан шаагиан үүсэж, ихэнх иргэд Рио Тинтогийн захидлын асуудлыг мартагнана. Бурууг эрх баригчдад тохих нь дамжиггүй гэх зэрэг маш олон тооцоолол дээр тулгуурласан байна.
Э.Бат-Үүл ямар наадаанд орсноо мэдэрсэн бололтой шүүх хурлын дараа 2 үг хэлсэн нь: НАМАА НЭГТГЭЭРЭЙ ! Тэрээр 2018 онд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргийг гэнэт сэргээн өөрт нь ял өгсөн явдалд улс төр орсон, тэр тусмаа өөрийнх нь намын талаас энэ “хутга” нуруунд нь зоогдож байгааг мэджээ. Э.Бат-Үүл өөрийг нь аврах боломж нь Ардчилсан нам нэгдэж, хүзүүгүй хүний савраас салах гэдгийг тооцож байна. С.Эрдэнэ, М.Тулгат гэх хоёр тоглоомын этгээдээр дамжуулан Ардчилсан намыг хутгаж байх хүслээ Ц.Элбэгдорж нэгэнт илчилж орхисон. Үүл үүнийг нь таашаахгүй байгаа.
Э.Бат-Үүлийн оюутан цагийн анд, сөргөлдөж нэгдэж явсан журмын нөхөр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг харин тун мэдээлэлтэй, мэдрэмжтэй байгаа бололтой. Тэрээр “…Э.Бат-Үүлийг өчигдөр шууд шоронд хорилоо. … Шударга бусын хонгил хэвээр ч байгаа юм шиг. Хүмүүсийн хоёр нүүр гаргадаг нь хэвээр байгаа юм шиг байна. … Үүн дээр анхаарал тавьж ажиллах Ажлын хэсэг байгуулах хэрэгтэй” хэмээн мэдэгдэв. Н.Алтанхуяг чулууг хаанаас, хэн, яах гэж шидсэнийг мэдэрч байна. Тэр өөрт нь дэндүү танил технологийг хараад Ц.Элбэгдорж ямар наадаан эхлүүлснийг шууд мэджээ. Ажлын хэсэг байгуулж нягталж үзэх юм бол Ц.Элбэгдоржийн ул мөр бөөн бөөнөөрөө гарч ирэх нь тодорхой.
Харин Б.Чулуудай учир мэдэхгүй эрх зангаараа “Энэ хэргийг зохиосон хүн бүртэй тэмцнэ” гэхчилэн бухимдав. Хэргийг Ц.Элбэгдорж 2016 онд анх зохиож, Э.Бат-Үүлд хавтаст хэрэг нээлгүүлсэн билээ. Одоо өрнөж байгаа үйл явдлаас харахад Ц.Элбэгдорж их эртнээс Э.Бат-Үүлээр наадахаар төлөвлсөн ч байж мэдэхээр юм.
2016 оны намар мань Э.Бат-Үүл хэвлэлийн хурал зарлан “Ардчилсан намыг хагалахад Алтангадас ганцаардаагүй. Элбэгдоржийн оролцоо багагүй байсан. Элбэгдоржийн авлигатай тэмцэж шударга ёсыг нэхсэн ажил… явсаар …алагчилж явуулаад байгаа нь харагдав. Араар нь Ардын намын гишүүд УИХ-аар өмнөх болон өнөөгийн хэргүүдээ хэлтрүүлэх өршөөлийн хуулиудыг батлуулж байлаа. М.Энхболд болоод түүний нөхөд “цэвэр” биш гэдгийг ард түмэн тэр тусмаа нийслэлийнхэн гадарлана. Гэтэл Элбэгдоржийн ялгаварлал, авлигын тэмцэл Ардын намын даргыг нөхөдтэй нь энэрэн хаацайлах атлаа Ардчилсан намынханд галтай, цогтой бууж байсан учир юу вэ хэмээх асуултыг өөрийн эрхгүй төрүүлсэн?! Үүний хариуг Элбэгдорж л мэднэ” хэмээн бухимдлаа илэрхийлж байжээ.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа Э.Бат-Үүлийг бас нэгэн хэргээр шахамдуулж байсан нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг юм. Ц.Элбэгдорж дадсан арга барилаараа эхлээд хэвлэлээр С.Зоригийн хэрэг илэрсэн гэх шуугиан тарааж, тэр дунд нь “Ц.Элбэгдорж ямар хүнд улсын баатар цол өгчихөв өө” гээд дороо дэвхцэн хашгирч байв” гэх мессэжийг хавчуулсан. Дараа нь өөрийн гарын хүн Б.Хурцаар Э.Бат-Үүлийг байцаалтад дуудуулж, дарамтлах болсон. Улсын баатар маань тэр үед “…эхнэртэйгээ амралтын газарт амарч байтал “Энэ хэрэгтэй холбогдуулан Тагнуулын байгууллагаас таныг дуудаж байна” гэж утсаар дуудсан. Очтол дахиад сэжигтнээр татах тогтоол гаргасан. … Нэг хэрэгт хоёр сэжигтний тогтоол гаргасан байна. Тэгэхдээ 16 жилийн өмнө сэжигтнээр татсан тогтоол нь маш нууц, шинэ тогтоол нь нууц гэсэн тогтоол. Яахаараа нэг хэрэг дээр хоёр тогтоол гаргадаг юм. … Дээр нь мөрдөн байцаагч нь дураараа нууцын зэрэглэл тогтоосон. Маш нууц гэдэг нь бүх үйл явцыг хаалттай хийх тухай юм. Нууцын тухай хууль гэж бий, хэн дуртай мөрдөн байцаагч нь нууцын зэрэглэл тогтоодоггүй. Тийм учраас би сэжигтний тогтоолыг нь зөвшөөрөөгүй. Гэтэл хууль зөрчиж хийсэн тогтоолын дагуу яллагдагчаар татсан. Би яллагдагчаар мэдүүлэг өгөхгүй гэсэн” хэмээн хэвлэлээр ярьжээ. Хариуд нь Ц.Элбэгдорж “Үүлээ очоод шалгуулчихаач” хэмээн бас хэвлэлээр хариу барьж байсныг бүгд санаж байгаа биз.
Удалгүй Э.Бат-Үүл хүүгээ дагуулан Төрийн ордонд зочилж Ц.Элбэгдоржтой удаан ярилцсан бөгөөд үүний дараахан түүнийг оролдохоо больж, С.Зоригийн хэрэгт хамаатуулан шалгахаа зогсоосон байдаг. baabar.mn сайт дээр 2016 оны 9 дүгээр сарын 27-нд Э.Бат-Үүл “… намайг сонгуулийн ялагдлын гол буруутан болгож байгаа тухайд хэлэх үг надад бий. … цэвэр мажоритар тогтолцоонд шилжихийг бүлэг дээр ганц Алтанхуяг ч эсэргүүцсэн юм биш. Ерөнхийлөгч Элбэгдорж бас шаргуу эсэргүүцсэн. …Тэгэхээр өнөөдөр Элбэгдорж мөн ялагдлын бурууг надад тохож суугаа биз!” хэмээн бичсэн нь бий.
2016 онд Ц.Элбэгдоржийн нээлгэсэн хавтаст хэрэгт Э.Бат-Үүлийг 2 зүйлд буруутгасан юм. Эхнийх нь хүүдээ Түмэн-Амгалан гэх хорооллыг барих шалгаруултад давуу эрх олгож, төсвөөс дэд бүтцийн мөнгө олгосон гэх хэрэг. Нөгөө нь Төрийн орон сууцны корпорацийн дарга А.Гантулгаар дамжуулан шинээр баригдсан орон сууцнуудаас олон байр авсан, Бэрэн группт ТОСК-аас мөнгө шилжүүлсэн гэх хэрэг юм.
А.Гантулга ТОСК-ын захирлаар ажиллаж байхдаа Буянт-Ухаа 2 хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард 5 тэрбум, есдүгээр сард 4 тэрбум төгрөгийг Бэрэн групп рүү шилжүүлсэн байдаг. Б.Чулуудайгийн “Гранд лайн” компани Улаанбаатар банкнаас 3.3 тэрбум, Туркийн 216 Япи Үрэти Худалдаа компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Түмэн Амгалан төсөл хэрэгжээгүй, гацсан тул зээлээ төлөхийн тулд Б.Чулуудай компаниа “Бэрэн группт 1 их наяд төгрөгөөр худалдсан гэх асуудал энэ хэргийн цаана буй.
Гэвч 2018 онд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан энэ хэргийг Ц.Элбэгдорж хонгилд үлдээсэн шүүгчдээрээ дамжуулан сэргээж, улс төрийн наадаандаа ахин ашиглаж байна. Түүхээс харахад Э.Бат-Үүл Ц.Элбэгдоржид ямар нэг барьцаатай хүн юм. Ц.Элбэгдорж барьцаагаа ашиглан Үүлээрээ үргэлж нааддаг.
Энэ удаагийн наадааны хамгийн том зорилгыг Рио Тинто группын гүйцэтгэх захирлаас Ерөнхий сайдад ирүүлсэн захидлаас олж болно. Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээ нь хүчингүй болж байгаа нь захидлаас тодорхой болсон. Энэ нь юу гэсэн үг гэхээр уг гэрээг Ч.Сайханбилэгт үүрэг өгч, эрх мэдлээ нь хэтрүүлэн байж байгуулахыг нь тулгасан Ц.Элбэгдорж хууль шүүхийн өмнө удахгүй очно гэсэн утга. Тавантолгойг үнэгүйгээр харь өгөх гэж байсан, Эрдэнэтийн 49 хувийг луйвардан авах гэж байсан хэргүүд ч удахгүй шүүхээр хэлэлцэгднэ.
Ц.Элбэгдорж амь тэмцэн чаргууцалдаж байна. Тэр монголын улс төрийг бужигнуулах замаар шударга шүүхэд очихоо хойшлуулахын тулд эртний андаа хонгилоор чирлээ. Хонгил нурах яагаа ч үгүй байгаа нь энэ хэргээс тодорхой болж байгаа юм. Эрх баригчид, шүүхэд нөлөөлөх магадлалтай гэх Ерөнхийлөгч шүүхийн шийдвэрт цочирдон балмагджээ. Орост хийж байгаа айлчлалын чимээг дарах хэмжээний шуугиан үүсгэх нь тэдэнд ашиггүй. Хоёрт, дараагийн шатны шүүх дээр уначих хэмжээний тоглолтыг хийх нь утгагүй. Тэгэхээр тэдний оролцоо логик талаасаа боломжгүй юм. Ийм хятад маягийн олон нүүдэлт наадаан хийдэг хүн нэг л байгаа. Тэр нь хүзүүгүй хүн билээ.
Бүгдээрээ сэтгэл хөдлөлөө хойш тавин эрүүлээр ажиглацгаая.
Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ.
Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэнэ.
Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санхүүгийн механизм юм.
Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр гаргаж буй санхүүжилт жил бүр нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрээд байна.
Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулах, чанартай боловсрол, сайн засаглал бий болгох замаар ногоон, хүртээмжтэй нийгмийн хөгжилд хүрэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилт тавьсан.
Үүнд нийт 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үүний 6.3 тэрбумыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, 5.2 тэрбумыг дасан зохицох арга хэмжээнд зарцуулна.
Энэ хүрээнд улсын төсвөөс гадна олон улс, хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөр, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Дотоодын банк бус санхүүгийн байгууллага болон арилжааны банкууд гэхэд л 2030 он гэхэд нийт зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгодог болохыг зорьж байгаа юм.
Форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ногоон санхүүжилтийн форум”-д оролцож буй байгаль орчин, ногоон хөгжлийн манлайлагч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Энэ удаагийн форумыг “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд хамтран ажиллаж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, түүн дотроо Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагуудын хамт олонд талархал илэрхийлье.
Азербайжан Улсын Баку хотод болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалтад дэлхийн удирдагчид оролцож, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтийн талаарх байр сууриа илэрхийлж, ногоон хөгжлийн бодлого, зорилт, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцууллаа.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөв, хөрөнгө, санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэхэд голлон анхаарсан дээрх уулзалтын дараа болж буй өнөөдрийн форумаар Монгол Улс ногоон хөгжлийн санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр Та бид хуран цуглаад байна.
Дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, 2024 он бол 1850 оноос хойш дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдөр, хамгийн халуун сар, хамгийн халуун жил болон тэмдэглэгдэхээр байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтнийг урьд өмнөхөөс илүү цочроож, айдаст автуулж байгааг онцлон тэмдэглэсэн.
Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.
Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг бид хэзээ ч мартаж болохгүй.
Тиймээс эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.
Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас эдгээр улс орон Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байгааг Та бүхэн мэднэ.
Тийм учраас НҮБ-ын 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид хөгжилтэй орнуудаас бага, дунд орлоготой хөгжиж буй орнууд руу чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийн хэмжээгээ жил бүр 100 тэрбум ам.доллар байсныг 2035 он хүртэл жил бүр 300 тэрбум ам.доллар болгон гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцоод байна.
Монгол Улс дээрх бага хурлын үеэр “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэлхий улс орнуудад гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Энэ санаачилга дэмжигдэн батлагдвал уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг билээ.
Өнгөрсөн өвөл, хаврын зудын нөхцөл байдлаас шалтгаалж мал сүргийн 10 гаруй хувь буюу 8.1 сая мал хорогдож, мал аж ахуйгаар амьдралаа залгуулж ирсэн монголчууд бидэнд хүндээр туслаа.
Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд онцгой анхаарч, шийдэмгий арга хэмжээ авч, нийгмийн бүх бүлэг илүү нягт хамтран ажиллахыг цаг үе биднээс шаардах боллоо.
Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилт, үүрэг, амлалтыг олон улсын өмнө хүлээсэн.
Дээрх үүрэг, амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд манай улсад ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн мэргэжлийн үнэлгээ байдаг.
Иймээс байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэхэд хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ улам эрчимжүүлэх шаардлагатай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, улс орон даяар хэрэгжүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, ногоон хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Энэ хүрээнд ирэх оны зургаадугаар сард “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги-Мүн” сан болон АНУ-ын Стэнфордын их сургуультай хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэрбум, тэрбум мод – Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” уриан дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Мөн Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр байгаль хамгааллын салбарт санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бий болгох зорилгоор “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, “Монголын байгалийн өв сан” итгэлцлийн сан байгуулан, олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 70 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж төвлөрүүлээд байна.
Энэ бол чамлахааргүй төсөв, хөрөнгө бөгөөд үүнийг үр дүнтэй, хүртээмжтэй ашиглах нь чухал байна.
Түүнчлэн Герман Улсын “Өвлөгдөн үлдэх газар нутаг” сангийн дэмжлэгтэй, 15 сая ам.долларын санхүүжилт бүхий “Цэнхэр тэнгэрийн орон – Онон Балжийн байгалийн цогцолбор газар” төсөл хэрэгжиж эхлээд байна.
Эдгээр төсөл, хөтөлбөр нь биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.
Үүний зэрэгцээ Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалт, ногоон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр улам идэвхтэй ажиллах шаардлагатай байна.
Цөөнгүй ололт, амжилт, үр дүн гарч байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээрх бодлого, үйл ажиллагаагаа улам сайжруулах нь зүйтэй юм.
Тиймээс энэ удаагийн форум нь Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх талаар туршлагаа хуваалцах, бодлого, арга хэмжээгээ уялдуулахад чиглэж байна.
Юуны өмнө манай улсын хувьд ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд нийгмийн бүх бүлгүүдийн хоорондын бодлого зорилт, мэдээ мэдээлэл, хамтын ажиллагаа зэрэг олон асуудал дээр нэг зүгт, нэг цонхоор харах үүднээс үндэсний зөвшилцөл бий болгох нь нэн чухал байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг яам, ганц нэг байгууллагын ажил биш юм.
Энэ бүх яам, институт, ард иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага зэрэг нийгмийн бүх бүлгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, үүрэг, хариуцлага гэдгийг төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна.
Сүүлийн жилүүдэд манай хувийн хэвшил түүн дотроо банк, санхүүгийн байгууллагууд ногоон хөгжлийг эрчимжүүлэх, ногоон санхүүжилтийг татах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.
Одоо гагцхүү төрийн зүгээс шаардлагатай дэд бүтэц, эрх зүйн орчин, тодорхой бодлого, зорилтоо олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлан таниулах, хурдан шуурхай дэмжин ажиллах нь чухал байна.
Тухайлбал, хүлэмжийн хийг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбар бүрийн хувьд тодорхой тооцоо үндэслэлтэй, шинжлэх ухаанч тоон болон чанарын зорилтуудыг нарийн боловсруулж ард иргэд, баялаг бүтээгчдэд сайтар ойлгуулан таниулах шаардлагатай байна.
Нэн ялангуяа хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг салбарын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нарийвчилсан бодлого, зорилтоо олон нийтэд танилцуулах нь зүйтэй.
Энэ хүрээнд ард иргэд, төр, хувийн хэвшил хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, шаардлагатай зохицуулалт, эрх зүйн шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй.
Үүний зэрэгцээ ногоон, тогтвортой санхүүжилтийн зарчим, дэд бүтэц, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, мөн нүүрстөрөгчийн татвар, нүүрстөрөгчийн зах зээлийг оновчтой ашиглах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төрийн зүгээс онцгой анхаарч, хурдтай ажиллах шаардлагатай байна.
Дээр дурдсан олон тулгамдсан асуудлуудын талаар өнөөдрийн энэхүү форумаар Та бүхэн илэн далангүй ярилцаж, ажил хэрэгч санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Хүн төрөлхтний сайн сайхан амьдралыг тэтгэх эх ундарга нь цэвэр агаар, цэнгэг ус, ариун дагшин хөрс шороо билээ.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.
Тиймээс эх дэлхийгээ хамгаалахад хүн төрөлхтөн цаг хугацаа алдах эрхгүй.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол сонголт биш, харин хүн төрөлхтний эх дэлхийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм.
Байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилт бол ямар нэгэн тусламж биш, энэ бол үр хойчдоо Та бидний хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.
Тиймээс ногоон хөгжлийн төлөө монголчууд бид нэг зүг харж, нэгдмэл санаа бодолтой хамтран ажиллаж, үр дүнтэй, зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлцгээе.
Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.
Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Улс төр
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
-
Нийгэм19 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр14 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр16 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Нийгэм19 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм17 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Энтертайнмент16 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Дэлхий дахинд18 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм17 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав