Дэлхий дахинд
Маргаантай дөрвөн арлын хоёрыг нь буцааж авах нөхцөлийг Япон улс зөвшөөрч магадгүй болжээ
Өнөөдөр Москва хотыг зорьж байгаа Японы ерөнхий сайд Шинзо Абэ тус улсын олон жил тууштай сахиж ирсэн маргаантай дөрвөн арлыг бүгдийг Оросоос буцааж авах байр сууринаасаа анх удаа буцаж магадгүй байгааг засгийн газрын эх сурвалж мэдээлжээ.
Японд Умард газар нутаг, Орост Өмнөд Курилын арлууд гэдэг дөрвөн арлыг 1945 онд Зөвлөлтийн цэрэг Японоос булаан эзэлсэн гэдэг. Японы засгийн газрын дээд албан тушаалтан Ням гарагт ярихдаа дөрвөн арлын нийт талбайн 93 хувийг эзэлдэг том хоёр арал болох Эторофу, Кунаширийг буцааж авах нь “бодит байдалд нийцэхгүй” болсныг хүлээн зөвшөөрсөн байна.
Газар нутгийн маргааныг шийдэхийн тулд Шинзо Абэ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй маргааш Москвад 25 дахь удаагаа уулзах юм.
1956 онд Зөвлөлт Холбоот Улс, Японы хооронд байгуулсан санамж бичигт хоёр улс энхийн гэрээ байгуулбал дөрвөн арлын бага хоёр болох Шикотан, Хабомайг буцааж өгөх нөхцөл тусгагдсан байдаг.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Сингапурт уулзахдаа Абэ, Путин нар энэ нөхцөлийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр тохиролцсон юм.
Дөрвөн арлыг бүхэлд нь буцааж авахыг хатуу шаардсаар байвал бага хоёрыг нь буцаах боломж бүрмөсөн алга болно гэж Токиогийн эрх баригчид тооцсон байж магадгүй байна. Хэрвээ ингэвэл Японы засгийн газрын 70 гаруй жил тууштай баримталж ирсэн байр сууринд том өөрчлөлт гарах юм.
Эх сурвалж: Associated Press