Спорт
Б.БОЛОРТУЯА 56,200 ОНООГООР ДЭЛХИЙН ЧАНСААГ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн долоо хоногт Туркийн Истанбул хотод болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээний дараа чансааг шинэчлэн гаргажээ.
Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 53 кг-д алтан медаль хүртсэн ОУХМ Б.Болортуяа 56,200 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ.
Тэрбээр Токиогийн олимпын хүрэл медаль хүртсэн оноондоо Туркт түрүүлж 13,000 оноо нэмэрлэснээр таван байраар урагшилж 53 кг-ын жинд тэргүүлэв. Тэгвэл өнгөрсөн жилийн Ослогийн ДАШТ-ээс хүрэл медальт ОУХМ Т.Тулга Яшар Догуд тавдугаар байрт орж 53,500 оноотой болсноор гурван байр урагшилж 65 кг-ын жинд аман хүзүүнд бичигдэж байна.
Истанбулд хүнд жинд үзүүрлэсэн ОУХМ М.Лхагвагэрэл 65,400 оноогоор нэг байр ахиж 125 кг-д дөрөвдүгээр байр руу дэвшив.
Монголын бөхчүүдээс “Топ-10”-д эрэгтэйчүүдийн 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга 25,000 оноогоор зургаад, 79 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ 17,000 оноогоор найм, эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Д.Отгонжаргал 41,200 оноогоор долоод, 57 кг-д ОУХМ Э.Даваачимэг 31,000 оноогоор долоод, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор 31,000 оноогоор дөрөв, 62 кг-д ОУХМ Э.Гантуяа 31,000 оноогоор найм, 68 кг-д хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 23,000 оноогоор наймдугаар байрт тус тус бичигдэж байна.
Туркийн тэмцээнд илүүрхэж түрүүлсэн гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 13,000 оноо цуглуулсан ч 62 кг-д өмнө нь ямар ч оноо аваагүй байсан тул чансаанд эхний 20-д хараахан багтаагүй байна.
Дэлхийн чансааны оноог гаргахад Истанбулын тэмцээнээс гадна өнгөрсөн жилийн Токиогийн олимп, Ослогийн ДАШТ-ий үр дүнг харгалзан үзсэн юм хэмээн Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ
Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Б.Нарантуяа шөвгийн наймд Хонгконгийн тамирчинтай өрсөлдөнө
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.
Дэлхийн цомын тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалага дор 16 тамирчин өрсөлдөж байна.
Энэ тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх тамирчид тодорсон бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд Монголын тамирчин Б.Нарантуяа өнөөдөр Хонгконгийн тамирчин И Тэн Чунтай өрсөлдөнө. Ялсан нь хагас шигшээд шалгарна.
Өдгөө 38 настай И Тэн Чун нь 2018 оны ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарсан нь түүний замналын хамгийн өндөр амжилт юм. Мөн 2024 оны гуравдугаар сард болсон ДАШТ-ий үеэр Б.Нарантуяатай өрсөлдөхөд 3:2-оор манай улсын тамирчин түүнийг ялсан билээ. Тэгвэл Б.Нарантуяа нь снукер бильярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Ц.Батцэцэг гурван өдөр дараалан медалийн тавцанд гарлаа
Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болж байна.
Тус наадамд 89 орны 2700 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас 66 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж байгаа юм.
Өнөөдөр манай улсаас шагайн спортын эмэгтэйчүүдийн багийн төрөлд Н.Оналган, М.Шүкир, Н.Роза, Д.Күннүр нар хүрэл медаль хүртсэн бол есөн хоргол оюуны спортын багийн төрөлд Т.Жансая, Х.Хуралай, Х.Ерманат, Р.Жасулан нар хүрэл медаль хүртлээ. Харин алыш бөхийн эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрбээр өмнөх өдрүүдэд энэ наадмын казак болон кураш бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэн билээ.
Онцолбол, Ц.Батцэцэг нь казак кураш бөхийн болон жиү жицү бөхийн дэлхийн аварга тамирчин юм. Дэлхийн нүүдэлчдийн наадам дөрөв дэх өдрөө өрнөхөд Монгол Улсын баг одоогоор гурван мөнгө, есөн хүрэл медальтайгаар 89 орноос 16 дугаар байрт жагсаж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.