Монгол Улсын баатар, АН-ын лидер Э.Бат-Үүлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутган дөрвөн жилийн хорих ялаар шийтгэх анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Хэргийн явц болон Э.Бат-Үүл баатрын биеийн байдал ямар байгаа талаар түүний өмгөөлөгч Г.Орхонтой ярилцлаа.
-Таны үйлчлүүлэгч Э.Бат-Үүл цагдан хоригдоод бараг гурван сар болох гэж байна. Энэ хугацаанд та очиж уулзсан уу?
-Цагдан хоригдсоноос нь хойш ар гэр болон өмгөөлөгч нарын зүгээс аль, аль нь Э.Бат-Үүл гуайтай очиж уулзаж байгаа.
-Бие болон сэтгэл санааны хувьд ямар байдалтай байна вэ?
-Өөрөө бол сэтгэл санааны байдал тайван. Залуугаасаа улс төрийн амьдрал, ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцоод явсан нийгмийн зүтгэлтэн болоод ч тэрүү сэтгэлийн их хатуужилтай хүн юм билээ. Мэдээж цагдан хорих байрны нөхцөл байдал амаргүй. Гэхдээ түүний хувьд хорих байр зэргийн талаар янз бүрээр гомдоллоод байх зүйлгүй, хамгийн гол нь шударга ёсыг тогтоолгомоор байна гэдэг байр сууриа л илэрхийлдэг дээ.
-Та Э.Бат-Үүлд холбогдох хэрэгт анхнаас нь өдийг хүртэл өмгөөлөл үзүүлж яваа хүн. АТГ-аас түүнийг эхлээд гэрчээр дуудсан байдаг байх аа?
-Анх АТГ-аас түүнийг гэрчээр дуудсан. Хүнийг гэрч гэж мэдүүлэг авчихаад тэр мэдээлэл дээр нь үндэслээд яллагдагчаар татаж мөрдөн байцаах ажиллагаа нь эхнээсээ хуулийг ноцтойгоор зөрчиж эхэлсэн. Гэрчийн мэдүүлэг авсныхаа дараа яллагдагчаар татаад явсан энэ процесс нь мөрдөн шалгах байгууллага, прокурор хуулийг буруу хэрэглэж байгаа гэж үзээд бид гомдол гаргасан. Гэрчийн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглах асуудал бол хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа хэрэг. Цаашлаад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль болоод бусад хуулийн олон заалтуудыг зөрчөөд эхэлсэн байдаг.
-Таны үйлчлүүлэгч Э.Бат-Үүлийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үеэс хэрэг хийсэн мэтээр мэдээлэл цацагдаж байсан?
-Э.Бат-Үүл гуайг Засаг дарга байхдаа хүүгийнхээ компанийг хууль бусаар шалгаруулсан гэх мэдээлэл хэрэг АТГ дээр шалгагдаж байхаас эхлээд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн. Энэ үйл явц нь хүний нэр хүндийг зохион байгуулалттай харлуулах шинжтэй байгаа юм. Учир нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар бол мөрдөн байцаалтын шатанд шалгаж байгаа хэргийн материалтай мөрдөгч, прокурор л танилцах боломжтой байдаг. Тэр байтугай Э.Бат-Үүл гуай өөрөө, өмгөөлөгч би хүртэл танилцах боломжгүй.
Яагаад гэвэл, мөрдөн байцаалтын шат дуусч байж хэргийн материалтай зөвхөн тухайн хэргийн оролцогч нар танилцах боломжтой болдог. Гэтэл энэ хэргийн материал мөрдөн байцаалт, прокурорын түвшинд явж байхдаа олон нийтэд задарч, цацагдаж байна гэдэг нь мөрдөгч, прокурор ажлаа шударгаар хийж байгаа гэдэгт эргэлзээ төрүүлэх үндэслэл болж байгаа юм.
Хамгийн гол нь тухайн задруулаад байгаа материалууд дунд хэргийг илт мушгин гуйвуулсан, хэрэгт огт хамааралгүй тодорхой чиглэл бүхий мэдээллүүдийг гаргаж байсан. Энэ тухай нь бид шат шатны байгууллагууд болох АТГ, хяналтын прокурор, нийслэл болон улсын ерөнхий прокуроруудад удаа дараа гомдол гаргасан боловч алийг нь ч хүлээж аваагүй. Анхнаасаа хууль зөрчсөн үйл ажиллагаанууд цаашаа үргэлжилсэн. Ер нь Э.Бат-Үүл шиг нийгмийн зүтгэлтэн хүнд шууд ял өгчихөөр олон нийтийн зүгээс хардах, гайхах хариу урвал үзүүлэх магадлалтай болохоор эртнээс хүнийг ийм хэрэг хийчихсэн мэтээр олон нийтийн тархи угаах үйл ажиллагааг явуулсныг ч үгүйсгэхгүй. Ингэж явсаар эцэстээ шүүхээр хэргийг нь шийдвэрлээд дуусахад “Өө энэ хүн чинь угаасаа буруу юм хийчихсэн” гэх тэр массын сэтгэхүйг бэлдчихсэн шиг байгаа юм. Ер нь яг ийм технологи явж байна.
-Э.Бат-Үүл гуайг хийгээгүй хэрэгт нь зохион байгуулалттайгаар хэлмэгдүүлж байна гэж таны ярианаас ойлголоо. Угаасаа энгийн иргэдээс эхлээд төрийн том албан тушаалтнууд хүртэл “Улс төрийн хоригдол” гэх ойлголтын тухай ярих болсон нь нууц биш л дээ?
-Иймэрхүү үзэгдэл хууль, шүүхийн системд бодитойгоор бий болсон талаар төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс хүртэл олон нийтэд хариуцлагатайгаар мэдэгдэл хийсэн санагдаж байна. Харамсалтай нь энэ асуудлыг шалгаж, цэгцлэхгүй газар авахуулсаар байна. Мөн Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан томилогдохдоо “Хэргийн мэдээлэл мөрдөн байцаалтын шатанд задардаг энэ байдлыг цэгцэлнэ. Хариуцлага хүлээлгэнэ” гэж ярьсан. Өнөөдрийг хүртэл энэ асуудал дээр хэн ч шалгагдаж, хариуцлага хүлээсэнгүй.
-Яг ямар хэрэг хийчихсэн болоод энэ хүнийг яллагдагчаар шүүхэд дуудаад шоронд хорьчихсон юм бэ?
-Э.Бат-Үүл гуайг прокурорын зүгээс нийт дөрвөн хэрэгт буруутгадаг. Тодруулбал, Засаг даргаар ажиллаж байхдаа өөрийнхөө хүүгийн компанид давуу байдал олгосон, давхардуулсан гэрээ байгуулж нийслэлд хохирол учруулсан гэдэг асуудал. Мөн Бэрэн групп ТОСК /Төрийн орон сууцны корпораци/-тай хамтарч ажиллах гэрээ байгуулахад ТОСК-ийн захирал байсан А.Гантулгатай хамт албан тушаал урвуулах гэмт хэрэг үйлдсэн гэдэг асуудал.
Түүнчлэн мөнгө угаасан, Засаг дарга байхдаа иргэдэд үнэ төлбөргүй байр олгосон нь хууль бус гэсэн асуудлаар буруутгасан. Эндээс сүүлийн хоёр болох мөнгө угаасан, иргэдэд хууль бусаар байр өгсөн гэх хэрэг нь нотлогдохгүй байна гэж үзээд анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэхдээ анхан шатны шүүхээс гаргасан үл ойлгогдох, зөрүүтэй шийдвэрүүд нь хэргийн мөрдөн шалгах ажиллагаа анхнаасаа хууль зөрчиж явагдсан, нотлох баримт үгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс үүдэлтэй гэж харж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан ч хэрэг одоогоор эцэслэн шийдвэрлэгдээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэдээж шүүхийн шатанд явж байгаа хэрэг болохоор нарийн мэдээллийг нийтэд дэлгэх нь зохимжгүй. Гэхдээ би боломжтой гэсэн хэмжээнд мэдээлэл өгье. Энэ хэрэгтэй холбоотой 70 гаруй хавтастай материал байдаг. Шүүхээс Э.Бат-Үүл гуайг хүүгийнхээ компанийг хууль бусаар шалгаруулж, нийслэлд хохирол учруулсан, Бэрэн групп, ТОСК хоёрын хамтын ажиллагааны гэрээгээр мөнгө шилжүүлэх ажиллагаанд буруутай гэсэн хоёр асуудлаар хорих ял оноосон.
-Шүүхээс буруутгаад байгаа тэр асуудал нь нотлогдчихсон болоод хорьчихсон хэрэг үү?
-Хамгийн харамсалтай нь шүүхээс хөдөлбөргүй нотлох баримт байхгүй, эсрэгээрээ хэрэгт авагдсан баримтуудаар гэм буруугүй болох нь олон үндэслэлээр тогтоогдохоор байхад түүнд ял оноосон. Энд нэг жишээ татахад, хэргийг шүүн хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон хөндлөнгийн, хараат бус иргэн нь 8-9 хоног үргэлжилсэн шүүхийн хэлэлцүүлэг, талуудын мэтгэлцээн, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудыг уншиж судалсаны үндсэн дээр Э.Бат-Үүл нарыг гэм буруугүй гэж дүгнэсэн байдаг нь бодит байдлыг харуулах нэг төрлийн үзүүлэлт юм.
-Давж заалдах шатны шүүхийн тов гарсан уу?
-Давж заалдах шатны шүүхийн тов гарахын тулд эхлээд анхан шатны шүүхээс хэргийг нь шилжүүлэх ёстой. Хэрэг шилжүүлснээс хойш нэг сарын дотор шийдвэрлэх хуулийн хугацаатай. Одоогоор давж заалдах шатны шүүх хурлын тов гараагүй байна. Мэдээж бид шүүх энэ хэргийн үнэн мөнийг тогтоох хүртэл явах болно.
-Өмгөөлөгчөө, Э.Бат-Үүлийн гэх хэргийн гол асуудал руу ороод яриач. Хүний л эцэг юм чинь хүүгийнхээ ажилд дэм болсон байхыг үгүй гэх газаргүй шүү дээ?
-Э.Бат-Үүл гуайг хүүгийнхээ Гранд лайн компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендерт шалгаруулж, давуу байдал олгосон гэж буруутгадаг. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд цугласан хэргийн материалтай танилцахад Нийслэлийн Засаг дарга хүн тухайн шалгаруулалтад огт оролцох боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх компаниуд тендерт оролцохдоо иргэдтэйгээ л уулзаж, тохирох ёстой юм билээ. Тодруулбал, “Таны хашааны газрыг тэдээр үнэлье.
Тэдэн метр квадрат байранд оруулья” гэх зэргээр иргэдэд санал тавьдаг. Иргэд сонголтоо саналын хуудсаар дамжуулж өгдөг. Яг л УИХ-ын сонгууль явагддагтай адил цаасан дээр иргэд сонгож байгаа компаниа дугуйлаад саналын хайрцганд хийдэг. Энэ нь бас нууц санал хураалт. Дээрээс нь тал талын төлөөллүүд оролцсон их нарийн шалгууртай санал хураалт болсон байдаг.
Мэдээж иргэдийн олонх сонгосон компани нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгардаг. Ийм л үйл явцтай ба энэ бүх үйл явцын баримт нь видео бичлэгийн хамт хэрэгт авагдсан. Харин Засаг дарга энд ганцхан оролцоо байсан нь нэгэнт шалгараад гараад ирсэн компанид цаасан батламж олгодог. Тэр цаасан дээр л Засаг дарга гарын үсэг зурдаг. Өөр огт оролцоогүй.
-Тэр батламж дээр гарын үсэг зурчихсан нь нэг төрлийн оролцоо гэж шүүх үзчихсэн юм биш үү?
-Асуудлын үнэнийг тогтооё гэвэл ул суурьтай хандах хэрэгтэй. Төсөл хэрэгжүүлэх компанийн шалгаруулалт нь иргэдийн саналаар баталгаажиж байгаа гэдгийг түрүүн ярьснаас ойлгосон болов уу. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас ч үйл явдлын процессыг тодорхой ойлгож болохоор байгаа юм. Тодруулбал, тухайн үед Э.Бат-Үүл гуай тэр батламж гэх цаасан дээр гарын үсгээ шууд зурчихаагүй. Тухайн үеийн НИТХ-ын даргадаа “Ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлалтай тул би гарын үсэг зурахгүй” гэж холбогдох хуулийн дагуу албан бичиг өгсөн байдаг.
Энэ төсөл НИТХ-аас баталсан журмын дагуу явсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил бол НИТХ-ын бодлогын дагуу хийгдэж байгаа төсөл. Тэр ч утгаараа НИТХ-ын дарга руу тухайн үедээ Э.Бат-Үүл гуай дээрх асуудлыг хандаж илэрхийлсэн байдаг. НИТХ-ын дарга нь “Таныг орлож зурах өөр хүн байхгүй тул та зурахад болно” гээд албан бичгийнх нь хариуг өгсөн байгаа юм. Мөн өөрийн хүсэлтээр АТГ-т шалгуулсан байдаг. АТГ-с өгсөн хариу нь уг үйлдлүүдийг нь шалгаад тухайн үед гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хариу өгсөн ба энэ бүх албан бичгүүд хавтаст хэрэгт авагдсан.
-Тэр батламж дээр нь ганцхан Э.Бат-Үүл гуайн гарын үсэг байдаг уу?
-Ганцхан Засаг дарга Э.Бат-Үүл зураагүй. НИТХ-ын дарга нь ч зурсан. Гэхдээ тэр батламж бол шалгаруулалтад нөлөөлөх зүйл огт биш байгаа юм. Ямар ч уралдаан тэмцээнд оролцоод түрүүлж, шалгарсанд нь батламж энэ тэр өгдөг биз дээ. Тийм л зүйл төдий. Дахин төлөвлөлтийн журмын дагуу бол уг батламж гээд байгаа зүйл нь нэг ёсондоо иргэдийн сонгосон сонголтыг л ёсчилж байна гэж ойлгож болно. Түүнээс гадна ганцхан Б.Чулуудай гэдэг хүний компани шалгараагүй. Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх өөр олон компани шалгарсан. Тэднээс ганцыг нь ч харьцуулж шалгаагүй. Зөвхөн Э.Бат-Үүл гэдэг хүнд хамааруулж, Гранд лайн гэх компанийг шалгаж эхэлсэн байгаа нь хачирхалтай байгаа биз.
-Хууль зөрчөөд гэрээ байгуулсан гэдэг асуудлаар таны үйлчлүүлэгч Э.Бат-Үүлийг буруутгах бас нэг шалтгаан гарсан гэж байсан. Энэ талаар ямар тайлбар хийх вэ?
-НИТХ-ын гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх журам гэж батлагдсан. Яг тэр журмынхаа дагуу л дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалт хийх компаниудын гэрээ байгуулагдаад явсан байдаг. Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжүүлэх компаниуд тухайн төслийн газар руугаа нийслэлийн хөрөнгөөр дэд бүтэц татах гэрээнүүдийг хийнэ. Гэхдээ шалгарсан компаниуд эхлээд өөрсдийн хөрөнгөөр ажлаа гүйцэтгэчихээд тухайн ажлын гүйцэтгэлээ хүлээлгэн өгөхдөө зарцуулсан хөрөнгөө нийслэлээс авах журмаар ажиллаж байсан юм билээ.
Яг л энэ зарчмаар дахин төлөвлөлийн 14 байрлал дээр шалгарсан компаниуд дэд бүтэц татах ажлаа бүгдээрээ нэгэн ижил журмаар хийгээд явсан. Гэтэл ганцхан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн хэрэгжүүлж байгаа Гранд лайн компанийн гэрээ байгуулсан ажиллагаа л хууль зөрчсөн гээд прокурор, АТГ-аас шалгаад явчихсан. Бусад компаниуд яг адилхан шалгаруулалтаар шалгараад, яг адилхан нөхцөлөөр гэрээгээ байгуулаад, яг адилхан процессоор санхүүжилтээ аваад явж байхад бусдыг нь хууль зөрчсөн гэж огт шалгаагүй.
-Тэр гэрээнээс болж нийслэлд хохирол учруулсан гэдэг асуудал яригддаг л даа?
-Давхардуулсан гэрээ байгуулж, нийслэлийн хөрөнгөд нэг тэрбум 300 сая төгрөгийн хохирол учруулсан гэдэг асуудал тавьдаг. Гэтэл шүүх хурал дээр энэ хэрэг дээр шинжээчээр томилогдсон хүмүүсээс асуухад “Нийслэлийн төсөвт тэрбум 300 сая төгрөгийн хохирол учирсан” эсэхийг шалгаж тогтоогоогүй гэдгээ шууд хариулсан. Хохирогчийн төлөөлөл гээд Нийслэлийн өмчийн газраас хоёр, гурван залуу шүүх хуралд орж ирж байсан. Тэднээс “Та бүхэн нийслэлд нэг тэрбум 300 сая төгрөгийн хохирол учирсан гэдэг нотлох баримтаа гаргаад ир” гэхэд шүүх хурал дээр материалаа ухаад олж гаргаж ирж чадаагүй. Прокуророос ч хохирол учруулсныг нотолсон баримт гаргаж тавиагүй.
Ийм байхад “Нийслэлийг хохироочихлоо” гээд хүнийг буруутайд тооцож, ял оноож байгаа нь үнэхээр шударга бус. Бүр цаашлаад нэмэлт ажил хийсний улмаас нийслэлд хохирол учруулсан хэмээгээд буй “Дулааны шугам”-ын ажлыг ном журмын дагуу холбогдох байгууллагууд хүлээж аваад ашиглалтын гэрээ хийж, аль 2017 оноос шинээр техникийн нөхцөл олгогдож тэр хавийн барилга байгууламжууд, цэцэрлэг сургууль, Японы анагаахын эмнэлэг, бүр хувийн компаниуд хүртэл ашиглаад эхэлсэн байдаг.
Мөн тэрчлэн гэрээ давхардсан гээд байгаа зураг төслийн ажил болох 347 сая төгрөгийн өртөгтэй ажлыг шинжээчийн дүгнэлт дээр хийсэн үнэлгээгээр 372 сая төгрөгийн өртөгтэй ажил болохыг цохон дурдсан байдаг. Нэг ёсондоо улсаас бүр мөнгө хэмнэсэн байгаа юм. Гэрээ давхардаагүй болох нь ч гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар нотлогддог. Хамгийн гол нь Нийслэлээс хийгдсэн ажлын гүйцэтгэлийг тухай бүрт нь шалгасны дараа санхүүжилт өгдөг тул гэрээ давхардуулах буюу нэг хийгдсэн ажилд давхардуулан мөнгө өгөх боломжгүй гэдэг нь удаа дараа нотлогддог.
-Э.Бат-Үүл гуай хүүгийнхээ өмнөөс хэрэг үүрчихлээ гэсэн яриа бий?
-Энэ чинь олон нийтийн тархийг мөрдөн байцаалтын шатнаас угаадаг гэдэг зүйлийн үр дагавар байна. Яг үнэндээ “Олон нийт тэгэж байна” л гэдэг. Дандаа л таамаг. Гэтэл хоёулаа гудамжид гараад хүмүүсээс энэ талаар асуухад, Э.Бат-Үүл болон түүний хүүгийн талаар баримттай, нотлогдсон зүйл мэдэх хүн байхгүй болов уу. Ердөө л тархи угаалтын үр дүнд “Ер нь буруу зүйл хийчихсэн юм шиг байна” гэх ойлголт аваад түүгээрээ хүнийг буруутгаад байна. Энэ чинь явж явж шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөх зохион байгуулалт бүхий ажил болоод байна л даа. Нэгэнт олон нийт буруу ойлголт аваад ирхээр шүүх нөлөөлөлд орж хэрэгт бодитоор ханддахгүй байх эрсдэл үүсэж байна. Харин хэргийн материалтай танилцаад үзвэл таамгаар буюу хардлагаар хүнийг ялласан асуудал нь гарч ирж байгаа юм.
-Тухайн хэрэгт нэг ч хохирогч байхгүй гэж үү?
-Энэ хэрэг дээр нэг ч иргэнийг хохироосон зүйл байхгүй. Прокуророос ч тийм яллах дүгнэлт оруулж ирээгүй. Харин ч Гранд лайн компанийн дэд бүтцийн нийт хийсэн ажлын батлагдсан гүйцэтгэл нь найман тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт байгаа юм. Одоогоор нийслэлээс тус компанийн хийсэн ажилд зургаан тэрбум төгрөг төлсөн. Тэгэхээр баталгаажсан гүйцэтгэл бүхий ажлын мөнгийг хоёр тэрбумаар дутуу төлсөн байгаа юм. Илүү төлж, нийслэлд хохирол учруулах нь байтугай Гранд лайн компанид дутуу төлөлттэй яваа гэсэн үг.
-Шүүхээс Бэрэн групп, ТОСК хоёрын дунд байгуулсан гэрээнд Э.Бат-Үүлийг бас буруутгасан гэж байсан. Энэ асуудал яг ямар учиртай юм бэ?
-ТОСК нь нийт иргэдэд хямд үнэтэй орон сууц нийлүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Гол зорилго нь л энэ. ТОСК нь одоо бидний мэдэх долдугаар хороолол буюу Хангай хотхоны орчимд газартай байсан. БЭРЭН групп дахин төлөвлөлтийг манлайлж хийсэн анхдагч компаниудын нэг. Тус компани ТОСК-ийн эзэмшдэг газартай сөөлжүүлээд хэд хэдэн газар эзэмшдэг байсан юм билээ.
Энэ байгууллагын удирдлагууд 2013 оноос хоорондоо уулзаад хамтарч ажиллахаар болж, нэг нь газар, хөрөнгө оруулалт гаргаж нөгөө нь барилга барих, оруулсан хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр барилгаа хувааж авья гэх зарчмаар 2013-2015 оны хооронд 10 орчим гэрээ байгуулсан байдаг. Эдгээр гэрээнүүдийг байгуулаад хоорондоо хамтран ажиллаад явж байхад Э.Бат-Үүл гэдэг хүн огт оролцоогүй гэдгийг ТОСК-ийн захирал, Бэрэн группийн удирдлага ч мэдүүлдэг. Ингээд Бэрэн гэдэг компани ТОСК-тай 10 орчим гэрээ байгуулсныхаа үр дүнд ТОСК-ийн газар дээр санхүүжилтээр нь барилга барих болсон. Тэрний урьдчилгаа төлбөр гээд ТОСК-аас Бэрэн групп-д есөн тэрбум төгрөг олгосон байдаг. Уг нь нийт 22 тэрбум төгрөг ТОСК-с Бэрэн группт олгох ёстой ч бүрэн төлөөгүй байгаа юм. Бэрэн групп ТОСК-аас санхүүжилтээ бүрэн аваагүй ч өөрсдөө үлдэгдэл хөрөнгийг ТОСК-н өмнөөс гаргаад өдгөө бүхэл бүтэн хотхон босгочихсон байгаа.
Энэ байшингийн метр квадратын анхны үнэ ердөө 850 мянган төгрөгөөр тохиролцож, зорилтод бүлгийн айлууддаа гардуулж өгөх ёстой 700н айлын бүтээн байгуулалтын ажил нь хийгдэж дууссан. ТОСК-ийн зүгээс хотын төвд ойрхон байршилд БЭРЭН-гээр метр квадрат нь 850 мянган төгрөгийн орон сууцны барилга босгуулаад авна гэдэг хямд орон сууцаар иргэдийг хангах үндсэн зорилгодоо нийцсэн зөв ажил байгаа биз дээ. Бэрэн групп нь бизнесийн гэрээ хэлцлийн дагуу хийх ёстой ажилаа хийгээд үүргээ бүрэн дүүрэн биелүүлсэн байгаа юм. Ингээд Бэрэн группийн зүгээс ТОСК-д “Нэг бол мөнгөө ав. Нэг бол байраа ав” гэж санал болгосоор ирсэн юм билээ. Тэгэхэд ТОСК одоо болтол байраа ч авахгүй, мөнгөө ч авахгүй байдалтай байгаа. Өөрөөр хэлбэл тухайн талуудын хооронд үүссэн иргэний гэрээ хэлцлийн асуудлыг эрүүгийн хэрэг болгож Э.Бат-Үүл нар гэм бурууг үүрүүлж байгаа нь хэт үндэслэлгүй байгаа юм.
-Яагаад?
-Яагаад гэдэг хариултыг шүүх хурал дээр бид олсон. Учир нь ТОСК-ийн төлөөлөгч гэх залуу шүүх хурал дээр орж ирээд хохирлоо хэнээс авах вэ гэсэн асуултад “Э.Бат-Үүлээс хохирол есөн тэрбум төгрөгийг авна” гэж хариулсан. Гэтэл яг хажууд нь Бэрэн группийн төлөөлөгчид ТОСК-той хийсэн гэрээний дагуу үүргээ биелүүлснээ илэрхийлээд “Мөнгөө ав эсвэл байраа ав” гэж санал тавиад байгаа шүү дээ. Үүнээс цаад зорилго нь юу вэ гэдэг илэрхий харагдаж байгаа юм. ТОСК нь Бэрэн группээс гэрээний дагуу байр эсхүл мөнгөө авахгүй хохирчихсон мэтээр явж байгаад хурал дээр орж ирээд мөнгө авсан компаниас биш Э.Бат-Үүлээс хохирлоо авна гэдэг чинь эрүүл ухаанд багтахгүй асуудал байгаа биз. Тэгэхээр энэ бүхэн ерөөсөө л хүн намнах ажиллагаа яваад байна гэдэг сэтгэгдэл төрүүлж байна.
-Таны хэлж байгаагаар бол энэ хэрэгт ямар ч хохирогч бас хохирол байхгүй. Э.Бат-Үүл гуайг хилс хэрэгт оруулчихлаа гэсэн үг үү?
-Үнэхээр тэгэж ойлгохоос өөр арга байхгүй.
-Тэгэхээр улс төрийн зорилгоор ялласан гэсэн үг үү. Өнөө цагт ийм зүйл байх боломжтой гэж үү?
-Бид үүнийг ингэж хардахаас өөр аргагүй байдалд байгаа. Яагаад гэвэл, “Албаны эрх мэдэл урвуулан ашиглах” гэмт хэргийн талаар 2002 оны Эрүүгийн хуульд заасан тодорхойлолтонд “Албаны эрх мэдэл урвуулсан үйлдлийн улмаас хохирол учирсан байх ёстой” гэсэн заалттай. Гэтэл хохирол нь тогтоогдоогүй, нотлох баримтгүй байхад “хохирол учирсан байх ёстой” гэсэн хар таамгаар хүнд ял оноож байна гэдэг бол хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэхээс өөр арга байхгүй. Энэ нь тухайн хүнээ хэлмэгдүүлээд зогсохгүй маш олон хууль хэрэглээний асуудлууд ар араасаа урган гарах аюултай үр дагавартай юм шүү дээ.
-Шүүгч хүн баримт дээр тулгуурлаж л шийдвэрээ гаргах ёстой биз дээ?
-Ерөөсөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчим нь хүн буруутгаж байгаа бол түүнийгээ нотлох. Гэтэл нотолж чадаагүй байхад хүн буруутгаж байна гэдэг нь хуулийн хамгийн наад захын үндсэн шалгуурыг даваагүй гэсэн үг. Би өмгөөлөгчөөр 2006 оноос хойш буюу 16 жил ажиллаж байна. Энэ хугацаанд шүүхийн систем хэргийг шударгаар шийдэж чаддаг гэдэгт итгэсээр ирсэн. Харин сүүлийн үед улс төрийн гэх тодотголтой хэргүүд дээр итгэл алдрах болсон.
Би өмнө нь сангийн сайд асан С.Баярцогтын хэрэг дээр ажилласан. Одоо Э.Бат-Үүл гуайн хэрэг дээр ажиллаж байна. Өөрөө өмгөөлөөгүй ч бас бус улс төрчдийн хэргүүдийг ажиглаж байлаа. Эндээс нэг ойлголт сэтгэгдэл төрөөд байна. Уг нь шүүх хэнийг ч үл ялгаварлаж, нэг мөр шударгаар хэргийг шийдвэрлэх ёстой. Гэтэл харсаар байтал шүүх өмнө нь шийддэг байсан практикаараа бус шүүгдэгч хэн гэдгээс шалтгаалж, хэрэг өөрөөр шийдээд эхлэхээр яах аргагүй энд гаднын хөндлөнгийн нөлөөлөл байна гэх бодож, хардаж, харамсахаас өөр аргагүй байдалд хүрч байна.