-Монгол Улсын эдийн засгийг уул уурхай тэр дундаа алт, нүүрсний салбарынхан чирсээр гурав дахь жилтэйгээ золгож байна. Эдийн засгийн шинжээчид цар тахал дэлхийг айлгаж буй хэдий ч нүүрсний салбарынханд супер циклийн үе байлаа гэж онцолсон. Харин манай улсын хувьд супер боломж байж чадсан уу?
-Ер нь нүүрсний салбар маш эмзэг нөхцөлд “аж төрж” буй. Ковидын улмаас аж ахуйн нэгжүүд маш хүнд нөхцөлд ажиллалаа. Хорь хоног биш хоёр жил шүү дээ. Манай нүүрсний салбар бусдаас ялгарах хэд хэдэн онцлогтой. Хэдэн зуун ажилчин, хэдэн арван нүсэр техникийн хүчээр зодож байж хэдэн зуун сая шоо метр хөрс хуулж нүүрс олборлодог. Маш хүнд хөдөлмөр. Гэтэл хил, гааль тодорхой бус хугацаагаар хаагдчихлаа. Нүүрсний экспорт зогсохтой зэрэг аж ахуйн нэгжүүд санхүүгийн алдагдалд орж эхэлсэн. Хөдөлмөрийн хуульд заасны дагуу уурхайчдад үндсэн цалингийн 60 хувийг өгөх ёстой. Дээр нь татвар, нийгмийн даатгал гэж бий. Бид 2020 онд 42 сая тонн нүүрс экспортлох ёстойгоос 26.8 саяыг гаргасан. Өнгөрсөн жил дахиад 42 сая тонн гэж төлөвлөсөн боловч 28 сая тонн болтол бууруулсан. Гэвч элдэв асуудлаас болоод 16 сая ч хүрээгүй 15.6 сая тонныг л экспортолсон байх жишээтэй. Тэр хэмжээгээр улсын эдийн засгийн чадавхи буурсан. Ийм хүнд байдлын хажуугаар АМНАТ-ийн асуудал гарч ирсэн. Аж ахуйн нэгжүүдэд АМНАТ төлөх чадвар байхгүй. Үнэндээ бодит байдлаас хэт шударга бус нөхцөлтэй АМНАТ тогтоосон. Үүний улмаас нүүрсний салбарынхан мухардмал байдалд орчихоод байна. Төр, засаг, аж ахуйн нэгжүүд асуудлыг хэрхэн зөв шийдэх вэ, гарц гаргалгаа юу байна гээд л ярьцгааж буй. Шийдэлд хүрэхгүй л байна.
-Шударга бус нөхцөл гэдгээ тайлбарлаж өгнө үү. Эсвэл АМНАТ төлмөөргүй байгаа хэрэг үү?
-Үгүй үгүй. Аж ахуйн нэгжүүд АМНАТ төлөх ёстой.Үйл ажиллагааны зардлаа нөхөөд олсон цэвэр ашгаасаа татвар төлнө. Энэ бол хэвийн үзэгдэл. Угтаа ашиг олсон ч бай, олоогүй ч бай, газрын хэвлийн баялгийг зарж борлуулсан бол тодорхой хэмжээний хувийг төлөх ёстой. Үндсэн хуульд газрын хэвлий дэх баялаг бол ард түмний өмч гэж заасан. Монгол хүн бүр байгалийнхаа баялгаас хувь хүртэх ёстой. Тухайн уул уурхайн компани ажилладаг, ажилладаггүй нь хамаагүй татвараа төлөх ёстой гэсэн үндсэн санаа юм, АМНАТ нь. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд АМНАТ-өө төлж ирсэн, төлөх ч ёстой. Асуудлын гол нь юунд байна вэ, гэхээр АМНАТ-ийг нэг тонн нүүрс олборлоод, борлуулж буй үнэ нь хилийн цаана борлуулж байгаа үнээс гурав дахин бага байгаад л байгаа хэрэг. Хятадын хил гарсан бол манай нүүрсний үнэ гурав дахин өсдөг. Өнөөдрийн байдлаар тонн нүүрс 410 ам.долларт хүрч буй. Австралиас нүүрс авахаа больсон учраас Хятадын хойд хэсэгт нүүрсний үнэ ингэж өссөн. Ковидоос болоод манай нүүрсний экспорт зогссон учраас нүүрсний үнэ огцом өсөх шалтгаан болсон хэрэг. ЭТТ компани нүүрсээ дуудлага худалдаагаар зардаг болсон. Хэдэн тонн нүүрс зарах гэж байгаагаа зарлахад Хятадын тал үнийн санал хэлж, ханш тогтоодог. Гэтэл хилийн цаана тонн нь 410 ам. долларт хүрч буй нүүрс уурхайн ам дээр 130 ам. доллар байх жишээтэй. Яагаад ийм болов гэхээр худалдаж авч буй хүн хил рүү дөхүүлээд Цагаан хаданд нүүрсээ буулгаад, цааш хил даваад 30 гаруйхан км-т тээвэр хийсэн атлаа тээврийн хөлсийг 300 ам.доллараар өсгөсөн. Өмнө нь 170 юань байсан бол одоо 2100 болсон. Тэгэхээр асуудал үүнд л байна. Нөгөөтэйгүүр, уурхайгаас нүүрс худалдаж авч байгаа хүмүүс үнийг нь өсгөхгүй дарах сонирхолтой болсон. Энэ юунаас болж байна вэ гэхээр хил дээр жолооч нар богинын тээврээ хурдан хийгээд гардаг байсан бол, ковидын улмаас тээвэр хийх хугацаа нь сар хагас болж байж нэг удаа гардаг болсонтой холбоотой. Дээр нь хил дээр маш их бөглөрөл, гацаа, ковидын хяналт шалгалттай холбоотой өртгүүд аль аль талдаа нэмэгдсэн. Авлигал хээл хахуулийн асуудал ч гарч ирсэн. Тээврийн зохион байгуулалт маш муу, хил гаалийн ажиллагаа шуурхай бусаас үүдэлтэй бөглөрөл үүссэний улмаас 30 км-ын тээврийн үнэ 300 ам.доллараар өссөн. Дэд бүтцийн зохицуулалт маш муу хийгдэж байгаа учраас муу, сайн аль ч нүүрсээ хилээр гаргаж чадахгүйд хүрч 3.4 сая тонн нүүрс хог болсон.
Нөхцөл байдал ийм байхад урд зарагдаж байгаа нүүрсний зөрүү болох 300 ам. долларыг аж ахуйн нэгж дээр тооцож байгаад бухимдаад байгаа хэрэг. Тодруулбал, 120 ам.доллараар зарагдаж байгаа нүүрсний үнийг хилийн цаана 430 ам.долларын үнээр зарагдсан гэж үзэн үүнээсээ 10 хувийн АМНАТ бодож байна. Энэ асуудлаа шийдэж өгөхийг шаардаж, эхнээсээ захиргааны шүүхэд Засгийн газрыг өгсөн. Бодит бус хэрэгжих боломжгүй хууль бус тогтоол гаргасны үнэн мөнийг тогтоолгох гэж шүүхэд хандсан.
-Хууль, эрх зүйн орчин бодит байдалтай уялдаж чадахгүй байна гэж ойлгож болох уу?
-Болно. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгийг нийтэд түгээх зорилготой АМНАТ маань нийтийн мэдлийн байгалийн баялгийг үнэгүйдүүлэх, эдийн засгийн үйл ажиллагааг утгагүй болгож, зохицуулах механизмаа хийж чадахгүй буруу зохицуулалт болсон. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.
-Яг энэ сэдвээр хуралдсан хурлаас та сая гарч ирлээ. Гарц гаргалгаа байна уу?
-Монгол Улс биржийн тухай хуультай болох гэж байна. Ашигт малтмалын биржийн тухай хууль эхний ээлжинд төрийн өмчийн толгой компаниудын хүрээнд үйлчлэх юм байна лээ. Гэхдээ л нэг жишиг тогтож байгаа хэрэг. Биржийн хуультай болохоор тэнгэрийн үнэ ярихаа болино. Нүүрсний салбарын аж ахуйн нэгжүүд нүсэр ажиллагаатай учраас нинжа нар шиг ажиллаж чадахгүй, тийм боломж ч байхгүй. Нүүрсний уурхайнууд урт хугацаанд ажиллах ёстой. Тийм учраас орон нутаг, сум, засагтайгаа зөв харилцаатай байх хэрэгтэй. Уг нь аж ахуйн нэгжүүд АМНАТ-өө төлөх сонирхолтой. Биржийн тухай хуультай болно гэдэг аж ахуйн нэгжүүдийн хувьд нааштай үзэгдэл. Монголын нүүрсийг хил гарган хямд зарж, мөнгө олж байна гэх хардлага бараг хориод жилийн өмнө байсан. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа жигдэрч, том компаниуд болсон хэдий ч хардлага үргэлжилсээр байгаа. Биржтэй болчихвол ийм хардлага байхгүй болно. Өнгөрсөн жил хуучин гэрээний үнийг, хилийн цаана байгаа үнээс гучаас илүүгүй байх юм бол хилийн цаадах үнээр тооцно. Энэ хувь дотор олон нөхцөл, зардал багтсан. Хятадын хил гаалийн хураамж, тээврийн зардал гэх мэт зардлыг нэмж тооцсоноор АМНАТ болж байгаа юм.Тэгж уг нь болохгүй. Гэвч түүнийг нь зөвшөөрч, өгөөд явж байсан. Өөрөөр хэлбэл, 30 хувь ч байхгүй, гэрээний үнийг ч харахгүйгээр хилийн цаадах үнээр авна гэдэг 174 дүгээр тогтоолыг баталсан. Энэ нь одоогийн мухардмал байдалд хүргэх нөхцөл болно гэдгийг хүмүүс тухайн үед нь хэлж л байсан. Яг л хүмүүсийн хэлж байснаар болж, АМНАТ гацаанд орсон. Одоогоор АМНАТ-ийн борлуулалтын зүй ёсны болон хиймэл үнийн зөрүү нь баримжаагаар 150 орчим тэрбум төгрөг болсон. Энэ нь ямар ч үндэслэлгүй, шударга бус бөгөөд төлөх боломжгүй юм. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримталж байгаа бодлого, байгалийн баялгийг иж бүрэн ашиглахтайгаа зөрчилдөж, Үндсэн хуулийн газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд гэсэн заалтыг үнэгүйдүүлж байна. Тиймээс “Энэ ерөөсөө болохгүй юм байна аа. Эргэж хараач ээ” гэсэн шаардлагыг бид тавьж байгаа.
-Хятадын нүүрсний зах зээлд Австрали улс том байр суурь эзэлдэг. Тэдний АМНАТ-ийг сонирхож үзсэн үү?
-Австралийн уул уурхайн хуулиуд маш мундаг. Мэдээж АМНАТ гэж бий. Өсөн нэмэгдэх АМНАТ гэж байдаг. Хэвийн үед таван хувь авч байснаа 100 ам. доллараас дээш болох үед 10 хувийг авах жишээтэй. Тодруулбал, 110 ам.доллар болчих юм бол нэмэгдсэн 10 ам.доллараас нь нэмж татвар авах бөгөөд 100 хүртэлх хэсэгт нь ногдох татвар нь тав байна гэсэн үг. Татварын энэ тогтолцоо нь компанидаа ч, улсдаа ч ашигтай. Ковидын эхний жил буюу 2020 онд Австралийн Хятад руу нийлүүлсэн нүүрсний хэмжээ 50 хувиар өссөн. Харин манайх 50 хувь буурсан. Мөн 2021 онд Оросын Хятад руу нийлүүлэх хэмжээ 50 хувь өссөн манайх мөн л 50 хувиар буурсан.
Манай улс хоёр жил дарааллан боломжоо алдсан. Австрали, Хятад хоёр улс төрийн хувьд асуудалтай болохоос биш нүүрсний нийлүүлэлт дээр хөтлөлцөж ирсэн. Австрали, Орос хоёр хожсон. Амжилтынх нь үндэс дэд бүтэц. Бид төмөр замынхаа асуудлыг тухайн цаг үед нь шийдчихсэн бол магадгүй Австрали, Орос хоёрыг ардаа орхих байсан. Бага зардлаар их хэмжээний ашиг олох байлаа. Аж ахуй нэгжүүд ковид эхлэх үеэс л санаачлага гарган хил дээрээ чингэлэг тээврийн терминал байгуулъя, тэгээд нүүрсээ чингэлэгт хийн лацдаад кранаар зөөх боломж байна хэмээж байсан. Хүн хоорондын хавьтал байхгүй, наанаасаа монгол жолооч зөөгөөд талбай дээр буулгахад цаанаас нь хятад жолооч зөөвөрлөнө. Ингэснээр ковидын асуудал цэгцэрч, нүүрсээ тээвэрлэхэд асуудалгүй болно гэцгээсэн. Зөвшөөрөл авах гэж маш их цаг хугацааг дэмий үрсэн. Таван толгойн бүлэг ордоос Гашуун сухайтын хилийн ойролцоо “Энержи Ресурс”, “Эрдэнэс Таван Толгой” хоёр нийлээд богино хугацаанд терминал барьсан. Хоёр дахь том боомт болох нүүрс тээврийн 40 гаруй хувийг гаргадаг “Шивээ хүрэн” боомт дээр “МАК” тэргүүтэй тэр хавийн жижиг компаниуд нийлэн терминал барьсан. Харамсалтай нь ковидын улмаас ажиллаж чадсангүй. Өвлийн Олимп, Цагаан сарын дараа үйл ажиллагаа нь жигдрэх байх гэж бодож байна.
– Их гүрнүүдийн тоглолт биш байгаа гэх бодол төрлөө, таны яриаг сонсч суугаад?
-Төмөр замгүй ч манайх 50 сая тонн нүүрс гаргах боломжтой. Бид 36 сая тонн нүүрсийг гаргаж байсан. Төмөр зам ч байгаагүй, геополитик нь ч байгаагүй. Гэхдээ л гуч, дөчин сая гэдэг том тоо байхгүй юу. Монголын хилээр юуг оруулах, юуг гаргахыг бид өөрсдөө хариуцаж байгаа. Цэвэр манайхаас хамаарч буй асуудал. Орос, Австрали дэд бүтэц сайтай учраас ковидоос үл хамааралгүйгээр нүүрсээ зарж чадаж байна.
-Уул уурхайн яамнаас үл хамаарах зүйлүүд байна. Шууд хэлэхэд, ГХЯ хэлэлцээр хийж чадахгүй байна гэж хэлэх нэгэн байна?
-Салбар яам маш сайн ажиллаж байгаа. Сангийн яам АМНАТ-ийн асуудлыг хариуцдаг. Гадаад харилцааны яамны талаар бид олон удаа ярьсан. Хятадын тал хэзээ хилээ хаагаад, хэзээ нээх тухайд бид нөлөөлж чадахгүй. Гадаад харилцааны яам ажиллах хэрэгтэй байна. Асуудал ч их бий. Нүүрсний экспорт дээр дээд түвшний гэрээ хэлэлцээ хийж, санамж бичиг байгуулах хэрэгтэй. Энэ үгүйлэгдэж байна. Уг нь айлчлалын үеэр манайхан санал тавьдаг л юм билээ. Гэвч тохиролцоонд хүрч чаддаггүй. Миний хувьд манайх хоёр орон сайн хөрш, дотно харилцаатай учраас хил хаах, нээх асуудлыг төрийн дээд түвшинд хэлэлцэж, шийдэх боломжтой л гэж үздэг. Хэдийгээр тухайн улсын дотоод асуудал ч гэлээ Олон улсын худалдааны байгууллагын дүрэм журам гэж байдаг.
– Та дуулсан л байх, нүүрсний экспорт хүртэл ченжээс хамааралтай болсон талаар?
-Хилийн цаана нүүрсний үнэ өндөр байгаа атлаа уурхай дээр болохоор хэд дахин хямд байдаг. Үнэ өсдөггүйн шалтгаан нь ченжүүдээс болоод байгаа юм биш. Ложистик, тээвэр дэд бүтэцгүй, үүнийгээ шийдэж чадахгүйгээс бусдын олз болж байгаа хэрэг. Монгол Улс хүртэх ашгаа нэмэгдүүлье гэвэл, дэд бүтцээ сайжруулах ёстой. Тэгэхгүй бол ААН-үүд ч алдагдалтай, төр, төсөв нь ч алдагдалтай цаашлаад хүмүүсийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, бүр хуушуурны үнэ ч нүүрсний борлуулалтаас хамаарах болоод байна. Үүнийг хэсэг хэсэг бүлэг нөхдүүд ашиглаад байгаа хэрэг. Тиймээс тээвэр, дэд бүтцийн асуудлыг маш сайн шийдэж, зохион байгуулах ёстой.
-Алс Дорнодын боомтыг бид тоохгүй хаясан нь алдаа болж байх шиг байна. Та санал нийлэх үү?
-Уг нь Европ маш том зах зээл. Европ руу, Энэтхэг рүү, Солонгос, Япон руу гаргаж чаддаг бол сайхан аа гэхээс өөр хэлэх үг одоогоор алга. Орос-Монголын төмөр замын харилцаанд Монгол Улсын эдлэх ёстой хөнгөлөлт гэж бий. Супер боломж байхгүй юу, уг нь. Түүнийгээ эдлэх юм бол Тяънжинтэй зэрэгцүүлээд авч явж болох байлаа. Яагаад энэ боомтыг “мартсан-ыг” би хувьдаа мэдэхгүй. Магадгүй тэнд хүлээж авах талбай байхгүй байж мэднэ. Зүүн сибирт нүүрс экспортлох том том ордууд нээгдсээр байгаа. Оросууд түүгээр нүүрсээ гаргаж буй. Оросын эрчим хүчний стратегийн баримт бичигт нүүрсний экспортыг 35 хувь хүртэл нэмэгдүүлэхээр тусгагдсан байна лээ. Хятадаар дамжуулан Зүүн өмнөд Ази руу эрчим хүчний нүүрс экспортлохыг зорьж буй. Бид 2018 онд анализ хийж байсан. Түүнээс хойш гурван жил өнгөрсөн хэдий ч оросууд алхам алхмаар бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн. Тийм болохоор өөрийнхөө нүүрсийг хойш тавиад Алс Дорнодын боомтоороо манай нүүрсийг дамжуулах нь юу л бол.
-Европын холбоо эрчим хүчний хомсдолд орсны улмаас чулуун нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг хөндөж эхэлсэн. Бид үүнийг ашиглаж чадсан бол?
-Польш улс жилд 200 сая тонн эрчим хүчний нүүрс экспортолдог. Түүний 80 сая тонн нь кокосжих нүүрс. Монгол Улс 40 сая тонн. Манай улсын хувьд бодит зах зээл бол Хятад улс. Европ руу нүүрс гаргана гэдэг бол тээвэр маш үнэтэй.
-Уул уурхайнууд эхнээсээ хаагдлаа. Сул зогсолтыг шинэ орд нээх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, геологи хайгуулын судалгаа хийхэд зориулж болмоор санагдах юм. Гэтэл үүнд маш их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энэ сул хугацааг нүүрсний салбарынхан хэр ашиглаж байгаа бол?
-Ер нь бол уул уурхайн салбар орлого ихтэй үед ахиухан олборлож, түүнийгээ борлуулан мөнгөн хуримтлал үүсгэж, хил хаагдах, хямрал үүсэх үед дэд бүтэц рүүгээ хөрөнгө оруулалт хийдэг. Харамсалтай нь тэр бүр мөнгөн хуримтлал үүсгэх боломж гардаггүй. Борлуулалтын орлогын талыг ашгаас үл хамаарч АМНАТ авч байгаа тохиолдолд хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй.
-Нүүрс ассоциацын хамгийн сүүлд төрд хүргэсэн үг юу байв?
-2020 оны төгсгөлд “Монгол нүүрс 2020” гээд ном гаргасан. ААН-ийн бүх мэдээллүүдийг нэг дор оруулсан. Төрийн байгууллага, Засгийн газрын бүх гишүүдэд хүргүүлсэн. АМНАТ-тэй холбоотой асуудлаар ААН болон төр, засаг хэлэлцээд тодорхой шийдэлд хүрэх байх гэж найдаж байна. Энэ салбар маань урт хугацаанд эрүүл хөгжих ёстой. Эрүүл хөгжихийн тулд татварын зохицуулалтаа зөв хийхгүй бол байгалийн баялгийг үнэгүйдүүлэх, сайныг нь зараад мууг нь хаях маш муу зохицуулалт руу орох гээд байна.