Бусад
Нийслэлийн ногоон бүс болох уулыг хашаалж, урт хайс татсан хашааг ч мөн буулгаж өгөхийг иргэд хүсч байна

Нийслэлийн удирдлагууд хотын төвд байрлах Хүүхдийн паркийн хашааг нурааж, цаашид зөвшөөрөлгүй хашаа, гражийг буулгах ажлаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд буй. Ийн зөвшөөрөлгүй хашаа, гражийг чөлөөлж, нийслэлд ногоон байгууламж, иргэдийн ая тухтай амрах боломжоор хангахаас ч амлаад буй. Тэгвэл энэ ажлынхаа хүрээнд нийслэлийн ногоон бүс болох уулыг хашаалж, урт хайс татсан хашааг ч мөн буулгаж өгөхийг иргэд хүсч байна. Хэн, хэзээ ямар дарга нь зөвшөөрөл олгосон нь мэдэгдэхгүй уулын ам, булан тохой бүрийг хашаалчихсан дүр зураг хотын зах руу өнгийхөд л андашгүй бий.
Уулын аманд хашаа хатгаад, зорчих талбайг хязгаарлаж, бүтээн байгуулалт хийгээгүй жишээ ч олон бий. Тухайлбал, Богд уул, Скай ресортын хэсэг, Хандгайт зуслангийн бүс рүү явахад байрлах уул, голыг хааж хашаалсан үйлдлийг нэрлэж болно.
ХҮН ГАЗАРТАЙ БАЙЖ БОЛОХ Ч УУЛ ХАДЫГ ТАГЛАЖ ХАШИХ НЬ УТГАГҮЙ
Хүн газартай байж болно. Гэсэн ч цаана нь байгаа уул, хад, гол мөрөнтэй нь таглаж хашаалдаг дүр зургийг Монголд л харах нь сонирхолтой. Хашааг нь буулгах боломжгүй тохиолдолд тодорхой захирамж гаргаж, дагаж мөрдүүлэх ёстойг иргэд хэлж байна. Гэтэл хотын дарга, дүүргийн Засаг дарга нар ч үүнд хүлцэнгүй хандсан хэвээр. Улаанбаатар хотын зуслангийн бүсэд уул усыг битүү хааж хашаалсан амралт, сувилал, албан газар, хотхон айлуудыг захиргааны аргаар шаардлага хүргүүлдэг болох.
Ядаж залгаа хашаа тутамд 1.5-2.5 метр өргөнтэй явган хүний гарц гаргаж, иргэд, ан амьтдад уул, усны бүсэд чөлөөтэй орж, гарах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулдаг. Эхлэл, төгсгөлгүй урт хашаа барьж, байгальд гарах зорчих талбайг хаах нь хэр нийтийн эрх ашигт нөлөөлдөг бол. Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг буулгах, солих ажлыг нийслэлээс хийж эхэлсэн. Энэ ажлаа иргэдийн өмчөөс бус олонхийн эрх ашгаас эхэлж хийх хэрэгтэйг иргэд сануулж байна.
Айлын хашаа, граж автомашины хөдөлгөөн хаасан гээд стандартад нийцээгүйг нь буулгаж байгаа бол уул хашаалсан хашааг ч буулгах нь зөв. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг. Ууланд нэвтрэх эрх угтаа хүн бүрт бий. Нэг хүн эзэн сууж хашаалж, нийтээр амарч зугаалах, салхилах боломжийг үгүй хийж болохгүй.
Эзэмшлийг зогсоож, байгалийн өмчийг бүгд тэнцүү эко ашиглах нь хөл гишгэх зайгүй нийслэлчүүдэд хамгийн хэрэгтэй зүйл. Хоёр жилийн хугацаанд хэдэн байшингийнхаа дунд хоригдсон нийслэлчүүд амралтын өдөр, зав чөлөөгөөрөө хүүхдүүдээ, гэр бүлээрээ ууланд алхах, цэвэр агаарт гарахыг хүсэвч нийслэлийг тойрсон ихэнх уул нь хашаатай, эзэнтэй болчихсон. Тухайлбал, Арцатын ам, Их тэнгэрийн ам, Хандгайтын зуслангийн хэсгийн уул гээд бүгд хэдэн га газраар хашаалсан талбайтай. Мэдээж хувьчилсан, хэн нэгэн эзний талбай ч гэлээ тоглоомын талбай нь ховордсон нийслэлчүүдэд цэвэр агаарт гарах, ууланд алхах, эсвэл ногоон бүсийг нь чөлөөлөхөд анхаарлаа хандуулна, Хотын дарга аа.
Амралтын өдрөөр ихэнх нь Богд уул, цанын бааз, хотоос холгүй амралтын газар, лагерьтаа очдог. Хэрэв дээрх олон уулын аман дахь хашаануудыг буулгавал иргэдийн очих жим нэгээр нэмэгдэнэ гэсэн үг. Гэр бүлээрээ очиж амрахыг хүссэн иргэд хашааг нь буулгаад өгвөл тохижуулж, байрлах талбай, авто зогсоол, бие засах газар, танилцуулах самбар зэргийг нь байршуулахад нийслэлийн удирдлагууд анхаарах биз ээ. Гол нь шаардлага хүргүүлж, захирамж гаргаад орхих биш, албадан буулгах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх хэрэгтэйг иргэд хэлж байна.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм6 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм8 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм8 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр8 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм6 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр7 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй