Бусад
Хөтөлийн үйлдвэрийн 5-10 сая төгрөгийн цалин, нэмээд урамшуулал авдаг

Л.Наранбаатарыг энэ сарын 25-нд Хөтөлийн үйлдвэрийн удирдлагаар томилсон. Тэрээр ажлаа аваад ажиллагсадтайгаа уулзаж, цалин, нийгмийн тулгамдсан асуудлыг нь сонсжээ. Үйлдвэрийн дарга нар 5-10 сая төгрөгийн цалин, нэмээд урамшуулал авдаг бол ажилчдын 70 орчим хувь нь 500-700 мянган төгрөг гар дээрээ авдаг. 50-100 мянган төгрөгийг зөвхөн дулааны төлбөртөө өгчихдөг аж. Тус уйлдвэрийг 2015 онд хувьчилснаас хойш 2019 онд цалинг бага зэрэг нэмжээ.
Төр өмчөө буцааж авах сургаар цалинг 20 хувь нэмэх амлалт өгч, дөрөвдүгээр сараас хэрэгжүүлнэ гэжээ.
Шинэ удирдлага цаашид дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ:
1. Хөтөлийн Цемент, шохойн үйлдвэр нь ахмад үеийн бидэнд хөлс, хөдөлмөрөөрөө үлдээсэн өв, үнэт баялаг. Хувийн өмч биш, төрийн өмч тул баялаг бүтээгч ажиллагсдад жил бүр ногдол ашиг хүртдэг алтан хувьцаа эзэмшүүлдэг болно. Энэ нь нийт хувьцааны 10 хувь хүртэл байна. Өнөөдрөөс нийт 800 орчим ажилтан энэ хувьцааг хүртэх эрхтэй болно.
2. Цементийн салбарт ажиллах хүчний өрсөлдөөн хатуу, ширүүн байна. Цалин, хангамж багаас болоод Хөтөлөөс бусад үйлдвэрт ажиллах их нүүдэл бий болжээ. Хөтөлчүүд Хөтөлөөс дайжих болж. цалинг салбарын дундаж түвшинд хүргэхэд одоогийн цалинг 20 хувь биш 100-200 хувь нэмэх шаардлагатай. Улсын дундаж цалингаас 17% доогуур цалин авч байна. Цаашид дарга нарын цалинг нэмэхгүй, ажилчдын цалинг судалгаанд үндэслэн, үе шаттай нэмж, өрсөлдөгчдийн түвшинд хүргэнэ. Хөтөлчүүд Хөтөлдөө тав тухтай, санаа зовох зүйлгүй амьдардаг болгохын төлөө ажилчидтайгаа баг болж ажиллана.
3. Дулааны станц мөн хууль бус хувьчлалаар алдагдсан. Ингэснээр ажилчдад дулааны зардал дарамт болсон. Төрд ирсэн тул тодорхой хөнгөлөлтүүдийг тооцоо, судалгаанд үндэслэн үзүүлэх боломжтой.
4. Үйлдвэр хүчин чадлынхаа 40 орчим хувиар ажиллаж байна. Цементийн зах зээлийн 15 хувь орчмыг л хангаж байна. Цахилгаан, дулаан, авто зам, төмөр зам, шохойн орд үйлдвэрийнхээ яг дэргэд, 1983 оноос хойш үе дамжин бэлтгэгдсэн чадварлаг боловсон хүчинтэй, сайхан байгаль, амьдрах сууцтай, үзэсгэлэнт хоттой Хөтөл бол хамгийн бага өртгөөр цемент, шохой үйлдвэрлэж, зах зээлийн 50 хувийг эзлэх боломжтой. Өрсөлдөх чадвартай цор ганц үйлдвэр юм.
Иймээс цементийн үнийг тодорхой хэмжээнд бууруулж, улс орны бүтээн байгуулалтын төлөө хамтдаа зүтгэнэ, шинэ бизнес төлөвлөгөө, шинэ маркетинг, шинэ менежментийн арга барилаар ажиллана.
Үйлдвэрт улс төржилт байж болохгүй. АН гишүүн байгаад үнэхээр ур чадвартай ажиллаж чадвал цалинг нь нэмээд, албан тушаал дэвшүүлнэ. МАН гишүүн байгаад унхиагүй, урагшгүй, хариуцлагагүй байвал хална. Бид Ардчилсан Монгол улсад амьдарч байна. Хэний ч улс төрийн үзэл бодлыг хүндэтгэх ёстой. Үзэл бодлоор нь, улс төрийн намаар нь ялгаварлахыг өнөөдрөөс зогсоож байна.
Ур чадварыг шударгаар үнэлж, даргын өнгөц үзлээр биш, шударга урамшуулал, өрсөлдөхүйц цалингийн систем бий болгож, ЕRP системд суурилан хэрэгжүүлнэ.
Төр баялгаа буцаан авч, хөрөнгийн биржид бүртгэлтэй, олон нийтийн хяналттай, нээлттэй хувьцаат компани болгож, нийт ард түмэнд эзэмшүүлэх, цементийн зах зээлд шударга өрсөлдөөний орчин бий болгож, үйлдвэр уурхай, дэд бүтцийн мега төслүүдийн бүтээн байгуулалтуудыг хямд, чанартай цементээр тасралтгүй хангах алсын хараатай ажиллана.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм8 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм9 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Улс төр9 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Нийгэм8 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Улс төр9 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо