“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ы “Ногоон санхүүжилт – Бүс нутгийн чуулган” үргэлжилж байна.
Манай улс нэг тэрбум мод тарьж, ойн сан нийт газар нутгийн 7 хувь эзэлж байгааг 8 хувьд хүргэх зорилт тавьсан. Үүний тулд олон тэрбум мод тарьсан бусад улсуудаас туршлага судлах шаардлагатайг илтгэгчид онцлов. Шинэ Зеланд улс 2030 он гэхэд нийт нэг тэрбум ширхэг мод тарихаар төлөвлөн, 350 сая ширхгийг тарьжээ. Мөн Европын орнууд Модон хэрэм буюу 3 тэрбум мод тарих төлөвлөгөөтэй байна. Вьетнам, Пакистан улсууд энэ чиглэлд дэлхийд тэргүүлж байгаа аж.
Нэг тэрбум мод тарьснаар уур амьсгалын өөрчлөлтийн хурд болон хөрсний элэгдлийг бууруулна.
Үйлдвэрүүдийг усаар хангах зорилгоор Орхон-Онги (голын байгалийн урсцыг сэргээнэ), Хөх морь,Хэрлэн Тоон төслүүдийг хэрэгжүүлнэ гэдгийг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга мэдээлэв. Онги гол ширгэн, таван аймгийн иргэдийн амьдрал ахуйд сөргөөр нөлөөлж эхэлжээ.
Нэг тэрбум мод тарихын тул эхний хоёр жилд тарьц суулгацаа бэлдэхэд анхаарна. Ажиллах хүчин шаардлагатай тул мод тарих иргэдийг сургалтад хамруулан хамтарч ажиллана. Манай орны нийт газар нутгийн 80 хувь цөлжилтөд өртсөн тул мод тарих ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатайг чуулганаар онцолж байна.
ТЭЗҮ боловсруулан, ихээхэн хөрөнгө зарсан ч Эгийн голын усан цахилгаан станцын төслийг ОХУ-ын шахалт, эсэргүүцлийн улмаас зогсоосон тул олон улсын улсын конвенцуудад нэгдэн орох шаардлагатай. Дээр дурдсан усны төслүүдийг олон улсын байгууллагуудтай хамтран санхүүжүүлэхийн тулд нүүрс угаана гэж ярьж болохгүй. Харин байгалийг нөхөн сэргээнэ, иргэдийн ахуй амьдралд үзүүлэх нөлөөг нь баримтаар гаргаж ирвэл санхүүжилт авах боломжтойг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт онцоллоо. ЮНЕСКО Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр бүс нутагт ямар нөлөө үзүүлэх судалгаа хийхийг зөвлөжээ. Энэ судалгааны үр дүнг харгалзан, төслийг дэмжих эсэхээ шийдэх аж.
Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайн илтгэл эхэллээ. Тэрээр “Нэг тэрбум мод тарихад нийт 11 тэрбум ам.доллар хэрэгтэй. Төр дангаараа санхүүжүүлэх боломжгүй. Иймд ногоон санхүүжилтийн итгэлцлийн сан байгуулах нь зөв. Энэ сан төрөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулна. Дэлхийд ийм 108 сан байна. Сүүлийн арван жилд эдгээр сангууд 2 тэрбум ам.доллар зарцуулжээ. Ихэнх сангууд 2 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй, дэд сангуудтай байна. Цаашид тарьсан моднуудаа блокчэйн технологид суурилан бүртгэнэ” гэв.
Арилжааны банкууд нэгдэн, “Тэрбум мод” сан байгуулжээ. Төрийн Ёслол, хүндэтгэлийн Их танхимд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн нээлт, банк санхүүгийн салбарын аж ахуйн нэгжүүд батламжид гарын үсэг зурах ёслол болно. Сангийн гэрчилгээг өчигдөр хүлээн авсан талаар Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар мэдээлэв. Дрон ашиглан арван секундэд нэг мод тарьдаг технологи нэвтэрчээ. Энэ мэт сайн болон муу туршлагуудыг судлах хэрэгтэйг тэрээр онцлов. Зээл авах иргэд таван мод тарьсан байх гэдэг ч юм уу банкуудын зээлийн шалгуурыг ашиглан энэ ажилд олон нийтийг оролцуулах санал гаргав.