Нийгэм
Хаврын тариалалтад үр, бордоо дутаж мэдэх нь

Хаврын тариалалт хаяанд тулж тариаланчид техник хэрэгслээ засч сэлбээд үр, бордоо базаах гээд ажил ид ундарч байна. Яг энэ үед газар тариалангийн салбар хүндэрч мэдэх нь. Шатахуун, үр, хор, бордоо, сэлбэг үнэд орох, ховордох шинжтэй боллоо. Учир нь үр, бордоо, сэлбэг хэрэгслээ урд, хойд хөршийн тээвэр, хил гааль хаалттай асуудлаас болж татаж авч чадаагүй байна. Гэтэл дэлхийн зах зээл дээр улаанбуудайн зах зээл өдрөөс өдөрт өсч байгаа юм. Мөн манай улсад шатахууны үнэ ч бас нэмэгдсэн билээ. Ийнхүү тариаланчид, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хүндрэл учирч эхэлжээ. Нөгөө талаар ОХУ-аас Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс үүдэн олон орны эдийн засгийн хориг арга хэмжээнд орсон. Улмаар ОХУ-ын иргэдийн дунд бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тасарч, хомстол үүсэх вий гэх айдас, болгоомжлол үүссэнээс дэлгүүрүүдийн лангууг хоосолж эхэлжээ. Иймд Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков иргэддээ хандан гурвалжин будаа, элсэн чихэр, ариун цэврийн цаас ихээр худалдан авч, нөөцлөх шаардлагагүй гэж мэдэгдсэн. ОХУ нь хүнсний бүтээгдэхүүний хомстлоос сэргийлж, элсэн чихэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг ирэх наймдугаар сарыг хүртэл зогсоож, хориглоод байна. Энэ манай улсын хаврын тариалалтад сөргөөр нөлөөлж болзошгүй юм.
Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хаврын тариалалтыг технологийн хугацаанд зохион байгуулах ажлын бэлтгэлийг хангах зорилгоор бордоо, ургамал хамгааллын бодис импортлогч аж ахуйн нэгжүүдээс тогтмол мэдээлэл авч холбогдох байгууллагуудад уламжлан ажиллаж байна. Тодруулбал, ургамал хамгааллын бодис, бордоо импортлоход тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор импортлогч 10 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзжээ. Аж ахуйн нэгжүүдийн хувьд валют солиулах, ургамал хамгааллын бодис, бордоог хилийн боомтоор шуурхай тээвэрлэх нь чухал байгаа хэмээжээ.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Бид хойд хөршөөс жилд дунджаар 6500-7000 мянган тонн бордоо импортолдог. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ 200 гаруй бүтээгдэхүүнд экспортын хориг тавьсан. Энд хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн ороод байгаа.
Гэхдээ энэ хоригт манай улсад ямар нэгэн саад бэрхшээл үүсэхгүй гэдгийг Гадаад хэргийн яам бидэнд албан ёсоор мэдэгдсэн. Тэгэхээр ОХУ-ын тавьж буй хоригт бүх төрлийн бордоо, будаа, үр тариа, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж орсон ч энэ нь манай улсад хамаарахгүй. Тиймээс бидэнд одоохондоо ийм хүндрэл гарахгүй нь гэж ойлгож болно. Гэхдээ ОХУ-аас жилд дунджаар 6500-7000 мянган тонн бордоо авдаг учраас эрсдэл үүсч магадгүй гэж үзээд өнгөрөгч нэгдүгээр сард ОХУ-ын Аж үйлдвэрийн яаманд хандсан. Одоогийн байдлаар 10 мянган тонн бордоо нийлүүлэх боломжтой аж ахуйн нэрсээ ирүүлсэн. Бид импортоор авах аж ахуйн нэгжүүддээ энэ мэдээллийг өгч бордоогоо татах чиглэлд хамтран ажиллаж байна. Хаврын тариалалтад бордоо болон ургамал хамгааллын бодисын тасалдал, дутагдал гаргахгүй байх чиглэлд яаралтай арга хэмжээ авч байгаа. Энэ жил хаврын тариалалтыг дэмжих зорилгоор нийтдээ 13.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. Үүнээс тариаланчдад 6.5 тэрбум төгрөгийн шатахууныг 50 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр олгоно. Хаврын тариалалт намрын уринш боловсруулалт, ургац хураалтад нийт таван мянган тонн шатахуун хэрэгтэй байна. Үүний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байлгах, хангамжийн асуудлыг шийдвэрлүүлэх чиглэлд УУХҮ-ийн сайдтай хамтран ажиллаж байна. Тариалалтын үеэр ямар нэгэн шатахууны хомстол үүсгэхгүй. Үүнээс гадна үр тарианы үйлдвэрлэлд шаардагдах бордоо, ургамал хамгааллын бодист 5.1 тэрбум төгрөг, төмс, хүнсний ногооны ургамал хамгааллын бодист 1.4 гээд нийт 13.8 тэрбум төгрөгийн дэмжлэгийг Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан тариаланчдад үзүүлнэ. Бордоог 30 хувийн урьдчилгаа төлбөртэй намрын ургацаас нөхөн бүрдүүлж төлбөрийг суутгаж авах зарчмаар олгоно” хэмээлээ. Ямартайч хаврын тариалалт технологийн хугацаандаа эхлэх нь тодорхой. Харин хэр зэрэг хүндрэл бэрхшээл гарахыг одоогоор тодорхойгүй байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.