Бусад
Н.Отгонцогт: Зөвхөн хүнд даацын “ТIR” ачааны авто машинуудыг оройн 20:00 цагаас өглөөний 08:00 цаг хүртэл Алтанбулаг сумын төв рүү зорчихыг хориглосон

Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтод барилгын өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэж байгаатай холбогдуулан хил нэвтрэх түр гарцыг ашиглаж байна. Үүнээс үүдэн тус суманд нөхцөл байдал ямар байгаа талаар Алтанбулаг сумын Засаг дарга Н.Отгонцогтоос тодрууллаа.
-Танай суманд хил нээгдэж буйтай холбоотой хүнд авто машины төвлөрөл, ачаалал хэр байна вэ?
-Дэлхий нийтээр тархсан “Ковид-19” цар тахал дэлгэрснээс хойш хаалттай байсан Хиагт-Алтанбулагийн хилийн боомтыг ОХУ-ын зүгээс албан ёсоор 2022-03-30ны өдөр нээсэнтэй холбогдуулан Алтанбулаг сумын төвөөр дамжин өнгөрдөг хил нэвтрэх түр гарцад авто тээврийн хөдөлгөөний хэт ачаалал үүсч сумын төвд хүнд даацын “ТIR”ачааны авто машинууд хэт ихээр төвлөрч зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл хүндрэл учруулах нөхцөл үүсээд байсан юм.
-Энэ байдалд сумын зүгээс ямар ажил, аргаа хэмжээ авч байна?
– Хүнд даацын 5 тонноос дээш даацтай “ТIR” ачааны авто машинуудын хөдөлгөөнд хяналт тавьж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор сумын засаг даргын 2022-03-30ны А/41 тоот “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” захирамж гарч “ТIR” ачааны авто машинуудыг сумын төвийн урд хэсэгт зогсоож авто замын хяналтын цэгээс дарааллын дагуу цөөн тоогоор Цагдаа, Хил хамгаалах байгууллагын хяналтад хилийн боомтын түр гарц руу нэвтрүүлэхээр ажиллаж байна.
-Уг захирамжид тодорхой цагийн хүрээнд автомашин нэвтрүүлнэ гэж заасан уу. Энэ цагийн хязгаарлалт хэдий хүртэл үргэлжлэх вэ, ямар төрлийн автомашинд хамааралтай вэ?
-Тус захирамжийн хүрээнд оройн 20:00 цагаас өглөөний 08:00 цаг хүртэл зөвхөн “ТIR” ачааны авто машинуудыг Алтанбулаг сумын төв рүү зорчихыг хориглосон. Боомтын автозамын шалган нэвтрүүлэх хуучин байрыг нурааж шинээр байр барихаар болсон. Тэр байр дараа жил ашиглалтад орох байх. Тэр хүртэл цагийн хязгаар үйлчилнэ.
Тус сумын ЗДТГазраас Хиагт-Алтанбулагийн хилийн боомт нээгдсэнтэй холбогдуулан Хилийн цэргийн 0101 дүгээр анги, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газартай хамтран Авто Замын Шалган Нэвтрүүлэх Боомтын хил нэвтрэх түр гарцын нэвтрүүлэх чадварыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна.
-Автомашин даацаасаа шалтгаалаад өөр өөр гарц, чиглэлээр хил нэвтрэх үү?
-Тиймээ хөдөлгөөний аюулгүй байдал болон ачааллаас шалтгаалан өөр өөр чиглэлээр нэвтэрч байна. Тухайлбал жижиг тэрэг буюу суудлын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний дарааллыг хил нэвтрүүлэх түр гарцын баруун талаас, “TIR” ачааны авто машин болон автобусны хөдөлгөөний дарааллыг хил нэвтрүүлэх түр гарцын урд талаас, дунд оврын ачааны авто машины /портер, бонго/ хөдөлгөөний дарааллыг хил нэвтрүүлэх түр гарцын зүүн талаас чиглүүлэн хилийн боомтоор хөдөлгөөний бөөгнөрлийг сааруулан нэвтрүүлэхээр зохицуулалт хийгээд ажиллаж байна. Түүнчлэн тухайн байршлуудын замыг засах, зорчигчдод зориулсан ариун цэврийн “00” байгуулах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.
-ОХУ-руу хил нэвтрэх иргэд болон суудлын жижиг тэрэгний хөдөлгөөн ямар байна вэ?
-Иргэдийн болон жижиг машины хөдөлгөөн ч ихсэж байна. ОХУ-ын зүгээс орж ирж буй иргэн бүрээс ПСР шинжилгээ шаардаж байгаа учраас жижиг бизнес, наймаа эрхэлдэг иргэд тэр бүр гарч чадахгүй байгаа. Шинжилгээний үнэ 85 мянга, харьцангуй үнэтэй байна. Тиймээс зайлшгүй шаардлагатай иргэд л нэвтэрч байна.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм8 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм9 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Улс төр9 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Нийгэм8 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Улс төр9 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо