Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эдийн засгийн чуулганыг нээж үг хэллээ.
Тэрбээр “Вакцинжуулалтыг цаг алдалгүй хийснээр 40 гаруй мянган хүний амийг аварсан хэмээн Эрүүл мэндийн салбарынхан хэлсэн.
Монгол Улсын нэг айл гэж бодвол бид хамтдаа 40 их наяд төгрөгийг хамтдаа бүтээж байгаа. Үүний 9.4 нь урсгал зардалд зарцуулагдаж байна. Бид орлого биш зарлагадаа л түлхүү анхаарч ирсэн. Бидний эдийн засгийн багтаамж 40 их наяд байгаа юм. Үүнийг яаж 2-3 дахин тэлэх вэ гэдэг нь Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн агуулга юм.
Бид 2030 онд хангана гэж харж байсан боломжийг 2-3 жилд бүтээх боломжтой. Эдийн засгийн чуулганыг Монгол Улсын түүхэнд үлдэх арга хэмжээ байгаасай гэж хүсэж байна.
ХАА, газар тариалангийн салбартай холбоотой томоохон өөрчлөлт хэрэгтэй байгаа. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлж, 2023 оны эхний хагас жилээс бүтэн хүчин чадлаар ажиллах тооцоо бий. Энэ нь олон улсад Монгол Улсыг хөрөнгө оруулагчтайгаа хамтарч, тогтвортой ажиллаж чаддаг гэх ойлголтыг харуулж чадсан болов уу. Гүний уурхайн аргаар олборлолт хийж эхэлснээр экспортыг 2 дахин тэлж, агууламжийн хувьд өөрчлөлт гарна. Мөн 2023-2027 онд бүтэн ашиглалтад орсноор Монгол Улс зэс нийлүүлэгч дэлхийн эхний 5 нийлүүлэгчийн нэг болно. Оюутолгой компани болон хөрөнгө оруулагч нартай нийлж зэс боловсруулах үйлдвэр барих зэрэг төслүүдэд хамтын ажиллагааг өрнүүлж байна.
Цаашдаа бид “Эрдэнэт” зэсийн ордыг иж бүрэн ашиглах, газрын тосны үйлдвэрийн ажлыг эрчимжүүлэх, нүүрсний ордуудыг иж бүрэн ашиглах, угаах үйлдвэр барих, аж үйлдвэрлэлт технологийн парк цогцолбор барих зураг төсвүүдийг хийж байгаа. Цар тахалтай байсан ч Засгийн газар зураг төсөв болон ТЭЗҮ боловсруулах боломжтой байсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Өнгөрсөн хугацаанд Барилга, хот байгуулалтын яам болон бусад яамдууд ТЭЗҮ-д бүх цагаа зарцуулсныг хэлэх хэрэгтэй байх. Монгол Улс зураг, төсөв, ТЭЗҮ-гээр баян болсон гэдгийг хөрөнгө оруулагч нарт тэмдэглэн хэлье” гэлээ.