УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа.
Төрийн хяналт шалгалтын улмаас хүнд суртал нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд дарамт учирч байна гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл байгаа нь олон удаагийн судалгаа, тэдгээрээс гарсан дүгнэлтэд дурдсан байдаг. Тиймээс Коронавируст халдварын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр хугацаанд зогсоох нь бизнес эрхлэгчдэд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой гэж үзэж байгаа тул Засгийн газар энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл нь энэ оны хоёрдугаар сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал үйлчлэхээр тусгажээ. Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор гурван жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр, эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр заасан байна. Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол тэргүүн ээлжинд зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэхээр тусгажээ.
Түүнчлэн энэ хуулийн үйлчлэх хугацаа дууссан нь төрийн хяналт шалгалтыг нөхөж хийх үндэслэл болохгүй аж. Энэ хуулийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоох, үйл ажиллагааг шууд зогсоохоос бусад төрлийн зөрчилд тэргүүн ээлжид зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэх тухай зохицуулалт нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, татвар, гааль, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаас хийх хяналт шалгалтад хамаарахгүй юм байна. Энэ хууль нь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхийг зогсоохгүй гэлээ. Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл батлагдсанаар энэ хуулийн үйлчлэх хугацаанд бизнес эрхлэгчид хяналт шалгалтын улмаас учирч буй дарамтыг хөнгөвчлөн, тэдгээрт мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг хяналт шалгалтын эрх зүйн орчин бүрдэхэд тус нэмэр болно гэж хууль санаачлагч үзсэн байна. Хяналт шалгалтын үр дүнд шууд торгууль ногдуулах бус, эхлээд зөвлөн туслах шинжтэй албан шаардлага хүргүүлэх нь хяналт шалгалтын байгууллага иргэдэд илүү ойр байж, тэдэнд үйлчилгээ үзүүлэх, туслах, дэмжих чиг үүргийг хэрэгжүүлдэг болоход ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хүний амь нас, байгаль орчинд хохирол учирхаас сэргийлэх үүднээс зарим төрлийн хяналт шалгалт хэвийн үргэлжлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Энхболд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй байгууллага хариуцлагатай байх ёстой хэмээгээд төлөвлөгөөт шалгалт хийхгүй байгаа ч гэсэн эрсдэлийн үнэлгээг тогтмол хийнэ гэдгийг онцлов.
Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал Монгол Улсад бүртгэлгүй эмийн худалдаанд хяналт тавих эсэхийг тодрууллаа. Энэ чиглэлийн хяналт шалгалтыг тогтмол хийнэ гэдгийг УИХ-ын гишүүн Н.Энхболд тайлбарлав.
Харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, “Төрийн хяналт шалгалт, МХЕГ иргэдээ учирч болох эрсдэлээс хамгаалдаг. Төлөвлөгөөт хяналтыг байхгүй болгож болохгүй. Өөрсдөө дотроо зохион байгуулж, алдаа гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцдог байх ёстой. Заавал хууль гаргаж, хяналт шалгалтыг сулруулж, аливаа эрсдэлийг бий болгох шаардлага байхгүй” хэмээгээд уг хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ. Ийнхүү хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд өөр өөр байр суурь илэрхийлж байгаа юм. Тиймээс хуулийн төслийг нарийвчлан хэлэлцэж, гишүүдийн байр суурийг нэгтгэх үүднээс ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлтийг УИХ дахь МАН-ын бүлэг гаргалаа. Энэ дагуу УИХ-ын дарга 5 хоногийн завсарлага өглөө.
Мөн чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүд, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.