Энтертайнмент
Евразийн шилдэг эрэгтэй гоцлол дуучнаар Г.Ариунбаатар тодорч “BraVo” шагналын эзэн боллоо
Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс “ШИЛДЭГ”-ийг тодруулдаг ёслолын дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучны төрөлд “Чингис Хаан” одонт, МУГЖ, Соёлын элч дуучин Ганбаатарын Ариунбаатар нэр дэвшиж “BraVo” шагналын эзэн боллоо.
Баярт мэдээгээ тэрээр өөрийн цахим хуудастаа хуваалцаж: “Өмнө нь манай нэрт дуучин Э.Амартүвшин хүртэж байсан юм. Сайхан санагдаж, илүү хичээж оновчтой хөдөлмөрлөх итгэл сэтгэл дүүрлээ” хэмээн нийтэлжээ.
Шагнал гардуулах ёслол Большой театрын тайзнаа зохион байгуулагддаг ч энэ жил олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан онлайнаар зохион байгуулагдахаар болжээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.