Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг шоронгоос сулласан боловч АТГ-ынхан өнгөрсөн нэг жилийн хугацаанд нэг ч удаа дуудаж байцаалт авсангүй. Энийг өөрөө хэлсэн. Албан тушаалаа урвуулан ашиглаж анд нөхөддөө ашигт малтмалын лицензүүд өгсөн хэргээр 6 жилийн ял хоёр ч шатны шүүхээс сонссон Ж.Эрдэнэбатын хэргийг Дээд шүүх прокурорт буцааж, 2021 оны Цэргийн баяраар УИХ-ын гишүүний тангаргийг нь өргүүлсэн.
Хоёрт, бараг тангаргаа өргөснийх нь маргааш УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнг яллагдагчаар татлаа гэж шуугисан. Өөрийнхөө компанийн тээврийн хэрэгслийн С зөвшөөрөл авахын тулд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд 100 мянган ам.долларын авлига өгсөн гэдэг. Бүтэн хоёр жил өнгөрлөө. Өнөө хэр нь А.Адьяасүрэнгийн бүрэн эрхийг түдгэлзүүлье гэж УЕП-оос УИХ-д санал орж ирсэнгүй.
УИХ-ын гишүүн Б.Бейсен Баян-Өлгий аймагт иргэдийг группт оруулах нэрээр бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон хэрэгт холбогддог. Түүнийг 49 хүний хамт АТГ-аас шалгаж, прокуророос яллагдагчаар татчихсан. Одоо хүртэл бүрэн эрхийг нь түдгэлзүүлье гэдэг санал оруулж ирээгүй байна.
Харин өчигдөр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарт өгчээ.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл маргааш буюу лхагва гарагт Халдашгүй байдлын дэд хорооны хурлыг, пүрэв гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хурлыг товлосон тухай МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Дээрх гишүүдийг эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан бөгөөд холбогдох материалыг дээрх УИХ-ын бүтцийн хороодын хурал дээр гишүүдэд танилцуулна. УИХ-ын тухай хуульд зааснаар УЕП-ын саналаар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг 5 өдөрт багтаан хэлэлцдэг.
Хөгжлийн банк тойрсон асуудал өнгөрсөн парламентын үед сөхөгдсөн боловч бараг 4 жилийн дараа сая л МАН-ын өөрсдийнх нь саналаар эргэн сөхөгдөж байна. Энэ хүртэл ихэнх хэргүүд нь хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болчихсон. Цөөн заримыг нь буюу УИХ-ын 12 гишүүнтэй холбоотой асуудлаар МАН-ын удирдлагаас шахан барин шалгуулж байна. Гишүүд өөрсдөө дуртай байна аа, “шалгуулмаар байна. Нэгмөсөн шалгуулаад нэрээ цэвэрлээд авчихмаар байна. Гүтгүүлж ханалаа” гэцгээгээд, өөрсдийгөө шалгуулах хүсэлтээ АТГ, УЕПГ-т өгсөн тухайгаа интернэтээр зарлаад л. Ерөөс манай УИХ, Засгийн газар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хатуу тэмцэнэ, тэмцлээ Төрийн ордон дотроосоо, МАН дотроосоо эхэлж хийнэ гээд байгаа. Хийгээсэй билээ.
УИХ өөрөө ийм зоригтой, гишүүдээ шалгуулъя гэж байгаа дээр нь Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан овсгоотой хөдлөөд Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нар дээр нэмээд Ж.Эрдэнэбат, А.Адьяасүрэн, Б.Бейсен нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа оруулаад ирээсэй. Авлигын эсрэг тэмцлээ Төрийн ордоноос эхлүүлээсэй.