УБЕГ гэсэн нэр хаягтай шүүмжлэл байсгээд л гарах юм. Тухайлбал, хүний овог нэр, байгууллагын нэрийг буруу ташаа бүртгэсэн, хятад иргэдэд иргэний үнэмлэх олгосон гэдэг шүүмжлэл баггүй гардаг. Хэдхэн жилийн өмнө дөө. Нэгэн залуу цахим орчинд “Би Ар Зайсан Толгой гэсэн аж ахуйн нэгж бүртгүүлэхээр бичиг баримтаа бүрдүүлж УБЕГ-т хандсан. Гэтэл Арзайсан толгой гэсэн нэртэй гэрчилгээ гарч ирсэн” хэмээн бичсэн нь олны анхаарлыг татаж элэг доог болж байсан удаа бий. Хамгийн сүүлд гэхэд л АН-ын тамгыг хувилан хэвлэхэд тус байгууллагын ажилтан оролцсон гэсэн маргаан гарсан. Одоо эр эмийн хооронд илжиг шиг жороолсон асуудал дэгдэж олны хэл амны бай болж сууна. Тодруулбал, Иргэн Т.Ганболд эхнэр А.Янжингажидаас салж буй асуудалд УБЕГ бас л нэр холбогдоод тууж явна. Учир нь А.Янжингажид “УБЕГ бидний гэрлэлтийн баталгааг цуцалсан” гэж өөрийн цахим хуудастаа бичсэн гэж байгаа. Энэ асуудалтай холбоотой УБЕГ-ын тухай янз бүрийн мэдээллүүд ч хөврөх шинжтэй.
Дуучин Д.Отгонжаргал “Гэрлэлтийн бүртгэл устгасан гэснээс үеэл ах маань хэдэн жилийн өмнө Солонгос руу ажил хийхээр виз нь гараад Солонгос ниссэн. Тэнд очоод хил дээрээс буцаад эх орондоо ирсэн шүү дээ.
Шалтгаан нь уучлаарай! Та манай оронд орж ирээд харлаад одоо хүртэл Солонгост байгаа юм байна гэсэн. Зүгээр л овог, нэр, регистр дээр нь өөр хүн гадаад паспорт аваад Солонгост очоод харалцан, жинхэнэ эзэн нь өөрөө очоод орох гэтэл чадаагүй. Тэгсэн энэ ах маань ганц бие гэрлэж байгаагүй. Гэтэл өмнөөс нь бас хэн нэгэн гэрлээд 500 мянган төгрөг авчихсан байсан. Би тухайн үед хөөцөлдөж учир шалтгааныг нь олох гээд лав чадаагүй.
Муу ахыгаа та ч үнэхээр бүтэлгүйн одонд төрж дээ гээд ахдаа бурууг өгөөд алга болж өгсөн. Энэ бүгд ямар байгууллагатай хамааралтай вэ? энэ асуудал сөхөгдсөнийх энийг нээрээ асууж сураглая байз” гэж цахим хуудастаа бичжээ. Энэ нь УБЕГ-ын паян, балаг шүүмжилсэн нэгээхэн бичвэр.
Тэгвэл өчигдөр /2022.04.27/ УБЕГ-аас иргэн Т.Ганболд, иргэн А.Янжингажид нарын гэрлэлтийн бүртгэлийн талаар цахим орчинд өрнөөд буй асуудалд тайлбар хэлэв. Тэгээд “Цахим орчинд олны анхаарлыг татаад буй гэрлэлт 2016 онд бүртгэгдсэн. Гэхдээ энэ иргэний талаар нарийвчилсан мэдээллийг өгөх боломжгүй. Иргэн Г нь 2021 онд “Би хэзээ ч гэрлэлт бүртгүүлж байгаагүй” хэмээн гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах талаар гомдол мэдээлэл өгсөн. Үүний дагуу холбогдох байцаагчийн шийдвэр, дүгнэлт гарч гэрлэлтийг хүчингүй болгосон.
Уг дүгнэлттэй холбоотойгоор нөгөө талын иргэн Захиргааны хэргийн шүүхэд хандсан ба энэ нь шүүхийн шийдвэрлэх шатанд явж байгаа юм. Улсын бүртгэгч л мэдээллийн санд нэвтрэх эрхтэй. Тухайн иргэнтэй холбоотой албаны чиг үүргийн дагуу л нэвтэрнэ. Хэн ямар бүртгэл рүү орсон нь хадгалагдан үлддэг. Аюулгүй байдлыг ханган ажилладаг. Анх бүртгэхдээ зөрчилтэй байсан учраас дүгнэлтийг цуцалсан. Гэрлэлт хууль бус, зөрчилтэй тохиолдолд улсын ерөнхий байцаагч шалган дүгнэлт гаргасны дагуу гэрлэлтийг хүчингүй болгодог. Устгах гэх ойлголт байхгүй, хүчингүй болгосон.
Улсын бүртгэлийн цахим сан бүрдсэнээр хүний нэр дээр бичиг баримт бүрдүүлэх боломжгүй болсон. Ийм асуудал байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Сүүлийн үед бид иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд оруулахыг илүүд үзэж байна. Энэ талаарх хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн дагуу зөрчилтэй, дутуу, хуульд заасны дагуу бус байвал эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн гэрлэлтийг хүчингүй болгодог. Улсын бүртгэгч гэрлэлтийн бүртгэлийг өөрчлөх боломжгүй. Баримт бичиг зөрүүтэй, зөрчилтэй, хуулийн шаардлагыг хангаагүй гээд сонсох ажиллагаа явуулсны дагуу холбогдох шийдвэр гарсан” гэлээ. Энд бичиг баримтын зөрчилтэй, гэрлэлтээ батлуулах хоёр этгээдийн хэн нэгэн нь зөвшөөрөөгүй байхад бүртгээд баталчихдаг юм уу? Тэгээд хэн нэгэн нь гомдол гаргахаар “өө бүртгэл нь буруу байсан юм байна. Бичиг баримтын зөрчилтэй байж” гээд хүчингүй болгох л ажил хийгээд сууж байдаг агентлаг уу гэсэн асуулт хүмүүст төрөөд байгаа юм. Уг нь эхнээс нягт нямбай хандаж иргэн, аж ахуйн нэгж, ямар нэг байгууллага хооронд бүртгэл, эзэмших эрх зэрэгт маргаан үүсгэхээс сэргийлэх, маргасан ч түүнд ямар ч хөдөлбөргүй бичиг баримт гарган өгч цэг тавих үүрэг хүлээсэн байгууллага гэж хүмүүс ойлгодог шүү дээ. Ийм ч учраас хүмүүс хоёр иргэний салж сарних асуудлыг нь биш, УБЕГ-ыг буруутган шүүмжлээд байна. УБЕГ гэдэг чинь будлиу бас бусармаг явдал үүрлэсэн газар юм уу гэсэн асуултад иргэд өөр өөрсдийн өнцгөөс хариулт өгөөд цахим орчныг шуугиулаад эхлэв. Үүгээр ч зогсохгүй УБЕГ-т иж бүрэн шалгалт хийж олон нийтэд ил тод нээлттэй мэдээлэхийг иргэд эрх баригчдаас шаардаж байна.