Нийгэм
Монгол Улсын хаягийн бичвэр олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө

Дэлхийн шуудан холбооны Хаягжуулалт, дата өгөгдлийн төвөөс хаягийн бичвэрийг хөгжүүлэх зорилгоор S42 стандартыг гишүүн улс орнууддаа мөрдүүлдэг. Монгол Улсын хаягийн бичвэр нь тус стандартын шаардлагад бүрэн нийцэж буйг тодорхойлж, аравдугаар сарын 18-ны өдөр Швейцарь улсын Берн хотноо зохион байгуулагдсан ДШХ-ны Ашиглалтын зөвлөлийн хуралдааны үеэр батламжийг ХХЗХ-ны Шуудангийн зохицуулалтын газрын дарга П.Цэрэннямд Дэлхийн шуудан холбооны дэд Ерөнхийлөгч Паскаль Сливаз, Ашиглалтын зөвлөлийн захирал Масахико Метоки нар гардуулсан байна.
Энэхүү стандарт нь хаягийн бичвэрийн хувилбаруудыг программчилснаар дэлхийн аль ч улсаас Монгол улсын хаягийн бичвэрийн загварын дагуу захидал илгээмж явуулах боломжийг хэрэглэгчдэд олгох юм. Манай улс Дэлхийн шуудан холбооны Хаягжуулалт, дата өгөгдлийн төвийн хаягийн санд хаягийн бичвэрийн 46 хувилбарыг латин болон кирилл үсгээр галиглан хадгалуулаад байна.
Хил хязгааргүй хөгжиж буй цахим худалдаанд тулгарч буй бэрхшээл нь хаягийн бичвэрийн асуудал болоод байгаа бөгөөд энэхүү стандарт хэрэгжсэнээр шуудангийн илгээмж төөрөх, буцах зэрэг саатлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Дэлхийн шуудан холбоо нь S42 стандартын хэрэгжилтийг 2012 оноос эхлүүлсэн бөгөөд 2018 онд нэмж Босни Герцеговина, Бермуд, Малави, Малайз, Монгол, Мьянмар улсууд энэхүү стандартыг нэвтрүүлснээр одоогоор бүрэн хэрэгжсэн улс орон 54 болж, 25 улс орон баталгаажуулалтын бэлтгэл шатандаа байгаа аж.
Тодруулахад: Дэлхийн шуудан холбоо нь 1874 онд байгуулагдсан эгнээндээ 192 улс орныг нэгтгэсэн НҮБ-ын мэргэшсэн ууган байгууллага юм.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.