Энтертайнмент
Ч.Баярмаа: “Баярмаа” гэж хэн бэ тэр л уран бүтээлийн өнгө аяс, хэмнэлээрээ явж байна

БНАСАУ-ын “Хаврын баяр “наадмын Гранпри болон дөрвөн удаагийн мөнгөн цомын эзэн, орос дууны мэргэжлийн дуулаачдын тэргүүн байрын шагналт, ХХ зууны шилдэг дуунууд улсын уралдааны “Чамайг үдье” амрагийн дууны тэргүүн байрын шагналт МУГЖ, урлагийн магистр Ч.Баярмаатай ярилцлаа. ЦДБЭЧ-ийн дуучин тэрбээр гавьяаныхаа амралтанд суугаад эдүгээ оюутан залуусыг сонгодог урлаг болон зохиолын сайн дуучид болгохын төлөө авьяас билэг, эрдэм мэдлэгээ зориулж буй. Түүний ээж “Амрагийн дуугаараа”олондоо танигдсан МУГЖ Л.Цэрэнпил агсан, эгч МУГЖ Ч.Туул, МУГЖ Ч.Тунгалаг нар бүгд монголын урлагт үнэтэй хувь нэмрээ оруулцгааж яваа билээ.
-Хоёулаа яриагаа сүүлийн үеийн уран бүтээлээр тань эхэлье. Үргэлж л уран бүтээлийн олз омогтой яваа харагддаг юм ?
–Миний хувьд цэрэг эх орны болон орос дуунуудыг эх хэл дээр нь дуулдаг. Цаашдаа гадаадын алдартай дуунуудыг хэл хэл дээр нь дуулж бичүүлэхийг хүсч байгаа. ЦДБЭЧ-аас гавьяаныхаа амралтанд гарсан энэ хугацаанд их зүйлийг амжууллаа. Тухайлбал, Монголын Үндэсний их сургуулийн дуулах урлагийн сургуулийн дуулах ур зүйн багш,хөгжимдөх урлагийн тэнхимийн ахлагчаар ажиллаж алс баруун аймгаас ирсэн оюутнуудаа сонгодог дуурийн дуулаач буюу зохиолын том хэмжээний мэргэжлийн дуулаачаар бэлтгэж байгаадаа баяртай байгаа. Мөн кино драмын хэдэн оюутнуудтай ажиллаж байна. Манай оюутнууд маш чадварлаг. Үүний хажуугаар өөрийгөө хөгжүүлэх тал дээр нэлээд ажиллаж Монгол Улсын Консерватурыг урлагийн магистраар хамгаалаад багшлах эрхээ авлаа. Улмаар хэлний мэргэжлээ дээшлүүлж, сурагч оюутнуудаасаа хоцрохгүйн тулд өөрийгөө улам их чадваржуулахыг илүүд үзсэн. Орос сургууль төгссөн, хэл ус сурах сонирхолтой болохоор англи хэлний курсуудээр суралцсан. Хятад, Солонгос, Орос, Герман сүүлийн үед Унгарь дууны бүтээл дээр ажиллах гэж байгаа. Зөвхөн монгол дуу биш, орон орны дуунуудаас зааж оюутан сурагчдаа гадаад хэл дээр илүү мэргэжлээ эзэмшиж, илүү боловсрол олоосой гэж энэ чиглэлээр түлхүү бэлтгэж байна. Харин манай сургуулийн бүх ангид англи хэл заадаг нь давуу тал болж өгч байгаа юм. Үүн дээр нэмээд Орос, Итали хэлийг сургаж, авьяасыг нь нээх хамгийн чухал.
-Нээрээ л манай дуучид эхнээсээ дэлхийн дуучид болцгоогоод байгаа шүү дээ?
– Тийм ээ, МУГЖ Э.Амартүвшин гэхэд л дэлхийн бүх орнуудаар урилгаар дуулж байгаа. МУГЖ Г.Ариунбаатар,түүний араас Бадралмаа гээд том дуучин гарах гэж байна. Энэ мэтээр манай дуучдаас дэлхийд гарах дуучин олноор төрж байна.
Иймийн тулд оюутнуудтайгаа нэгдүгээр курсээс нь эхлээд маш нарийн тулж ажиллаж байгаа. Тэднийхээ алс ирээдүйг нь бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл багш хүн судлаач байна гэсэн үг. Бүх талаас нь судалсны эцэст хүүхдүүдтэйгээ маш сайн ажиллаж байж үр дүнд хүрнэ. Тийм учраас хүүхдүүддээ ирээдүйгээ харж сураад,алсыг харж амьдраад уулын оргил өөд мацаасай гэж хүсдэг.
-Хамгийн сайхан сэтгэгдэл үлдээсэн тайз. Дуулах тусам тайзаа, үзэгчдээ мэдэрдэг дээ?
-Дуучин болсон цагаасаа бүхий л тоглолтондоо сэтгэл хангалуун байж ирлээ. Харин энэ дундаас өөрийгөө ямар хэмжээний дуучин бэ, би хаана явж байна вэ гэдгээ мэдэх нь хамгийн чухал. Миний хувьд Монгол Улсад гадны зочид төлөөлөгчид зочлоход тухайн орных нь дууг эх хэл дээр нь дуулж сонирхуулдаг. Тийм учраас би хилийн чанадад буюу гадаад оронд дуулах дуртай. Тэд дуу болгоныг маань үнэ цэнэтэйгээр хүлээж авдаг. Учир нь дандаа тэдний хүсэн хүлээсэн дууг дуулдаг юм. Энэ утгаар дуучин хүний мөрөөдөл хязгааргүй. Баярмаа гэж хэн бэ тэр л уран бүтээлийн өнгө аяс, хэмнэлээрээ явж байгаа.
-“Амрагийн” дуугаараа олноо алдаршсан МУГЖ ээж Л. Цэрэнпил гуай монголын ард түмний хайртай дуучны нэг байлаа. Түүний үргэлжлэл болсон МУГЖ Ч.Туул, Ч.Туул эгээд л …… Тэд дүүдээ багагүй зөвлөдөг байх даа?
-Тэгэлгүй яахав. Би ажил үйлс, амьдралаараа үлгэр дууриал болсон сайхан ах эгчтэй. Ээжийг өөд болсноос хойш тэд маань бүгд зөвлөж байгаа. Тийм учраас би уран бүтээлийнхээ тал дээр сэтгэл хангалуун явдаг. МУГЖ Ч.Туул, Ч.Тунгалаг эгч маань хоёул Монгол Улсын консерваторын багш. Тунгапаг эгч маань төгөлдөр хуурын багш, маш олон шавьтай. Тийм учраас бид гурав дуучин болоод зогсохгүй шавь нар бэлтгэх хувь заяатай юм байна. Шавь нараа заавал дуурийн дуучин болгоно гэхгүй, хүүхдүүдийн өөрсдийнх нь цар хүрээ, хүсэл сонирхлоос хамаарах зүйл. Эстрад ч байж болно. Сонгодог дуугаар бүх дууны суурь тавигддаг. Эгч нар маань уран бүтээлээс гадна урлагийн хүн биеэ яаж авч явах гээд зөв бурууг ойлгуулдаг бол, МУГЖ Тунгалаг эгч маань мэдлэг, мэргэжил, хэл усны талаар зөвлөдөг. Нөгөө талаас ээжийнхээ дууг тасалдуулахгүй байхыг эрмэлзэж цэргийн вальс, казак вальс, монгол ардын “15 сар” дууг тоглолтон дээрээ дуулдаг. Тэнгэрийн орноос сүнсэн бие нь сонсч байдаг учраас ээжийгээ баясгахын тулд дуунуудаас нь дуулдаг. Ээж аав хоёр маань олонтойгоо, уужим сайхан сэтгэлтэй, ухаантай, үр хүүхдээ сайн хүмүүжүүлсэн болохоор бид өдий зэрэгтээ сайн сайхан амьдарч яваа байх гэж боддог. Тийм учраас аав ээжийххээ залгамж халааг сайнаар үргэлжлүүлэн авч явах нь бидний эрхэм үүрэг.
-Таныг хүүхэд байхаасаа дуулах авьяастай. Үүнийг хэдийнэ орос багш тань олж харсан гэдэг?
-Би цэцэрлэгт байхаасаа дуу дуулж, шүлэг уншиж, бүжиглэж, нугардаг авьяастай хүүхэд байлаа. ЦДБЭЧ- дээр очиж ээж эгч хоёрынхоо тоглолтыг үзэж байхдаа том болоод бүжигчин болно гэж их мөрөөддөг байсан. Гэвч хувь тавилангаа дагаад ээж, эгч хоёрыгоо дууриагаад дуучин болсон. 1991 онд хуучнаар Зөвлөлтийн lll дугаар дунд сургуулийг төгссөн. Энэ үед оросын мэргэжилтэн Соловьева Викторина Степановна багш маань миний дуулах авьяасыг олж хараад олон орны хүүхдүүдийн сонгодог дууны ансамблид гоцлол дуучнаар оруулсан. Дараа нь АЖ Г.Хайдав багш дээр энэ хүүхэд дуучин, тэр дундаа дуурийн дуучин болно гэж өөрийн биеэр хөтөлж очиж байлаа. Энэ бүхэн л намайг дуучин болгосон доо.
-Ажил мэргэжил, аввяас билэг үр хүүхдэдээ өвлөгддөг. Иймд таныг хүүхдүүдээ урлагаар явуулж байгаа гэж сонссон?
-Миний том хүү Марин МУГЖ Ч. Тунгалаг багшийн удирдаган дор Монгол Улсын Консерваторын коллежийн 12 дугаар ангийг төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. Одоо багшилдаг. Урлагийн менежер продюссерийн чиглэлээр суралцаж ирээдүйд хөгжмийн зохиолч,удирдаач болоосой гэж хүсдэг. Удахгүй гадаад руу урлагийн сургуульд явна. Хэл устай төгөлдөр хуурын мэргэжилтэй байна гэдэг чухал. Удаах хүү Марао хоккейнд сонирхолтой, спортод дуртай. Гэхдээ ахыгаа дагаад хөгжим бүжгийн коллежийн зургаадугаар ангийг төгссөн.
-Урын сандаа хэдэн дуутай болоод байна вэ?
-Хоорын болон гоцлол дуучин байсан болохоор гадаад дотоодын нийлсэн 300 гаруй дуутай. Энэ дундаас хоорын бүтээл гэвэл 1000 хол давчихсан. Гэсэн ч уран бүтээлдээ хэзээ ч сэтгэл ханаж болохгүй. Тэгвэл зогсонги байдалд орно. Үргэлж л тийм уран бүтээл хийх юмсан, түүндээ хүрэх юмсан гэж өөрийгөө ирлэж хурцалж байх ёстой. Миний хувьд аливаа тоглолтонд үнэ ханш гэхээсээ илүү сэтгэээрээ буян хийж дуулдаг. Мөнгөнөөс илүү зүйл бол хүний сэтгэл учраас өөрийгөө гадаад болон дотоод сэтгэлээрээ маш баян гэж боддог.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
