Улс төр
Нийслэлийн нутаг дэвсгэрт 2073 гарааш буулгаад байна
Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим хэмжээний тухай” А/388 дугаар захирамж гарсан. Энэ хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхээр 188 байршилд 4860 гарааш буулгах ажил гуравдугаар сарын 15-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 2073 гарааш буулгаад байна.
ГАРААШ БУУЛГАХ, ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ АЖЛЫН ЯВЦ 42.6 ХУВЬТАЙ БАЙНА
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Ж.Галаас зарим зүйлийг тодрууллаа. Эхний ээлжид Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон “Сити” их сургуулийн хашааг буулгахаар төлөвлөжээ.
-Гарааш буулгах ажлын явц ямар шатандаа байна вэ?
-Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд энэ жил 188 байршилд 4860 гарааш буулгахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 42.6 хувь буюу 2073 гарааш буулгасан байна. Тухайн 188 байршилд Хот байгуулалт, хөгжлийн газраас тохижилтын А даалгаврыг баталсан. Түүнчлэн ямар тохижилт хийх талаар иргэдээс санал, хүсэлт хүлээн авч, байршил бүрд өөр өөр тохижилтын ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна.
-Гарааш буулгахыг иргэдийн зүгээс хэрхэн хүлээн авч байна вэ?
-Иргэд гарааш буулгах явцад бидний ажлыг дэмжиж байна. Гараашнаас шалтгаалж хөрсний бохирдол үүсэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, хүүхэд гэмтэж бэртэх, замын хөдөлгөөнд саад болох зэрэг аюултай нөхцөл байдал үүсэж байгаа. Иймд тухайн байршлуудыг чөлөөлөхөд иргэдийн зүгээс идэвхтэй дэмжиж байгаад талархалтай байна.
-Гарааш буулгасны дараа тохижилт хийхгүй удаж байна гэх шүүмжлэл байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Хот байгуулалт, хөгжлийн газраас 188 байршилд тохижилтын А даалгавар баталсны хүрээнд нийслэл, дүүргүүд тодорхой байршлуудад тохижилтын зураг төсөл хийлгэн, тендер зарласан.
376 БАЙРШИЛД ХАШАА, ХАЙС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, мониторингийн хэлтсийн дарга Г.Мөнхбаатараас зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс буулгах ажлын явцыг тодрууллаа.
-Хашаа, хайс буулгалтын ажил хэзээнээс эхэлсэн бэ. Улаанбаатар хотод хашаа, хайстай байх зайлшгүй шаардлагатай ямар байгууламжууд байдаг вэ?
-Дөрөвдүгээр сарын 5-нд Нийслэлийн Засаг даргын А/476 дугаар захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Ажлын хэсэг байгуулж, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээр ахлуулан ажиллаж байна. Их тойрууд хамаарах 1104 га газарт Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчид хашаа, хайстай холбоотой судалгааг хийн, 971 байршилд 3566 зөрчил илрүүлсэн. Тус судалгаанд үндэслэн 376 байршилд хашаа, хайс чөлөөлөхөөр Нийслэлийн Засаг даргын 2022 оны A/585 дугаар захирамж гарч, газар чөлөөлөхөөр бэлдэж байна. Хашаа, хайсны стандартыг сахиулах арга хэмжээг өнгөрсөн жил хийж байсан. Энэ жил үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. НИТХ-ын 2019 оны тогтоолоор хашаа, хайстай байх 16 байгууллагыг баталсан. Үүний дагуу хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
-Ямар байгууллагууд хашаа, хайстай байх вэ?
-Сургууль, цэцэрлэг, гадаадын улс орны Элчин сайдын яам, консулын газар, улсын хамгаалалтад байдаг онцгой объектууд хашаа, хайстай байна.
-Байгууллагуудад хашаа, хайс буулгах мэдэгдлийг хүргүүлсэн үү?
-Мэдэгдлийг газар эзэмшигч 175 иргэн, аж ахуйн нэгжид хүргээд байна. Тавьсан шаардлагыг биелүүлж, хашаагаа сайн дураар буулгаж байгаа байгууллага олон байгаа.
-Хашаа буулгахаас татгалзсан байгууллагуудад ямар арга хэмжээ авах вэ?
-НИТХ-ын 24/17 тогтоолын дагуу тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байж болохгүй. Газар эзэмшигчийн гэрээнд заасан эрх, үүрэг бий. Иргэн, аж ахуйн нэгж шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Газрын тухай хуулиар албадан буулгах арга хэмжээ авна.
-Хашаа, хайс буулгасны дараах тохижилтын ажлыг хэн хийх вэ?
-Тохижилтыг иргэн, аж ахуйн нэгж хариуцан хийх ёстой. Хашааны оронд мод тарьж, эзэмшлийн газраа хамгаалах хэрэгтэй юм.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм19 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Нийгэм53 мин өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр19 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр19 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм1 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ