Энтертайнмент
Тамаваши Б.Мөнх-Оргил 34 насандаа мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд анх удаа түрүүллээ
Мэргэжлийн сүмогийн Хацү башё өнөөдөр өндөрлөж, Тамаваши Б.Мөнх-Оргил 13 даваа, 2 унаатайгаар түрүүллээ.
Өнөөдрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргил Эндотой барилдаж 13 дахь даваагаа авсан юм. Өчигдрийн барилдааны өмнө их аварга Хакухо М.Даваажаргал энэ сарын башёг өнжих болсноор Хацү башёг Тамаваши Б.Мөнх-Оргил тэргүүлж, сэкиваке Такакейшо удаалж байсан юм.
Тамаваши Б.Мөнх-Оргил нь мэргэжлийн сүмод анх 15 жилийн өмнө орж байсан бөгөөд дээд зиндаанд барилдаж эхэлсэн цагаасаа хойш нэг ч башёг өнжиж байгаагүй ажээ. Ингэснээр тэрбээр Монгол бөхчүүдээс түрүү авсан долоо дахь бөх болов. Мөн 34 настай Тамаваши Б.Мөнх-Оргил нь Макүүчи зиндаанд хамгийн ахмад настайдаа түрүүлсэн бөхчүүдийн хоёр дугаарт бичигдсэн содон амжилтын эзэн боллоо. Түүний өмнө кёкүтэнхо Н.Цэвэгням бичигддэг бөгөөд 2012 он тав дугаар сарын башёд 37 настайдаа түрүүлж байсан билээ.
Дашрамд дурдахад өнөөдөр түүний эхнэр төрж, хоёр дахь хүүгээ өлгийдөн авчээ. Тасралтгүй хөдөлмөрлөж, түүнийхээ үр шимийг хүртсэн Тамаваши Б.Мөнх-Оргилдоо болон түүний гэр бүлд халуун баяр хүргэе ээ.
Б.Анир
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.