Бусад
Б.Энхбаяр: Наадам хэрүүлтэй болоод байгаа нь улстөрчид оролцсонтой холбоотой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж анхын хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Үндэсний их баяр наадмын тухай хууль нь 2003 оны зургадугаар сарын 19-ний өдөр батлагдсанаас хойш нийт зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, бөх, уяач, сур харваачид олгох цол, чимэг, тэднээс допингийн шинжилгээ авах, хариуцлага тооцох зохицуулалтыг тусгажээ. Сүүлийн жилүүдэд улсын баяр наадамд түрүүлсэн, амжилттай сайн барилдаж цол, чимэг авсан бөх допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдож, цол, чимгээ хураалгах, хэрэглэсэн, хэрэглээгүй дээр маргалдах, шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдол их гарсаар байна.
Хуулийн төслийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Үндэсний их баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн боловч энэ нь олон улсын допингийн стандарттай нэг талаар нийцэхгүй, мөрдөж байгаа дүрэм, журмыг батлах субъектийг хуульд тодорхой зааж өгөөгүйгээс Захиргааны ерөнхий хуульд заасан эрх зүйн хэм хэмжээний актын шаардлагыг хангаж чадахгүйд хүрч, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр хүчингүй болох тохиолдол гарч байна” хэмээв.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Наадам хийсний дараа бөөн хэрүүл, маргаан болдог. Оруулж ирсэн төслөөр бол хурдан морины сэрвээний асуудлыг шийдэж чадахгүй юм байна. Монгол үүлдэрийн адууны стандартад нийцсэн зургаан насны морь гэж байна. Монгол морины стандарт гэж бий юу. Одоо сэрвээний өндөрт нийцүүлсэн эрлийз адуунууд төрүүлдэг болсон байна. харахаар толгой, сүүл нь эрлийз. Тэгээд сэрвээг нь хэмжээг нийцдэг. Яавал хэл амгүй, будилаангүй наадам болох вэ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Морины генетик нөөцийг цуглуулж, харьцуулсан шинжилгээ хийхэд тодорхой цаг хугацаа орно. Монголд адууны гурван стандарт бий бөгөөд үүлдэрлэг байдал, сэрвээний өндөр, мөн энэ хоёрыг нийлүүлсэн стандарт гэж байдаг. Даагыг 120 см-ээс өндөргүй гээд стандарт тогтоосон юм байна. Үүлдэрлэг байдлаар стандарт тогтоох нь асуудал дагуулдаг. Цаашид монгол морины цуснаас шинжилгээ авч, геномын дарааллыг тоолж, стандартыг нь батлах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. УИХ-ын гишүүд ээ, хэдүүлээ хэлэлцэж байгаа асуудлынхаа гол цөм рүү ормоор байна. Гол цөм нь хэрүүлгүй наадам хийх. Хэрүүлгүй наадам хийхийн тулд уралдуулах морьдын сэрвээний өндрийг хүн оролцуулахгүйгээр лазераар хэмжье. Сэрвээний өндрийг хатуу метрээр хэмжвэл хэрүүл зогсохгүй. Тиймээс холоос лазераар буудаж, тэрийг нь лайваар харж байгаад төхөөрөмжөөр хэмжиж, морио уралдуулъя. Энэ хооронд монгол морины генетик нөөцийг цуглуулж, монгол морины стандарт гаргахыг Засгийн газарт даалгая. Тэгээд 2024 оны долдугаар сард генетик нөөцийн хуулийн дагуу генийн дараалал бий болсон адууг уралдуулъя. Тэр болтол 2022, 2023 онд морио өнгөрсөн жил баталсан сэрвээний өндрийн стандартаар уралдуулъя. Жишээлбэл, даага 127 см-ээс намхан байна. Их нас, соёолон 141 см хүртэл байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Чуулганы хуралдаан уяачдын холбоо, бөхийн холбооны хурал болж хувирлаа. Нэг хэсэг нь монгол адуу уядаг уяачид, нөгөө хэсэг нь эрлийз адуу уядаг уяачид. Бөх нь юу ч болоод байгаа юм.
Үндэсний баяр наадам бол монголчуудын эв нэгдлийн баяр юм. Гэтэл сүүлийн үед наадам хэрүүлтэй болоод байгаа нь улстөрчид оролцсонтой холбоотой. Үндэсний баяр наадмын тухай хууль батлагдсанаас хойш болохоо байсан. Хууль гаргаж, улстөрчид оролцоод улам самарсан. Одоо дахиад самарч эхэллээ. Улстөрчид нь бөхийн холбоо руу ордог. Өөрөө өөрсдөө удирдлагаа хэрэгжүүлээд, муугаасаа ангижраад явах боломжтой.
Энэ асуудлыг Ерөнхийлөгч дүрэм гаргаад зохицуулаад явах боломжтой харилцаа. Гэтэл хууль гаргаад, өнөөдөр бид морины өндрийн лазераар хэмжих тухай ярьж байна. Энэ УИХ-ын ярих асуудал мөн үү. Удахгүй аймаг, аймгаараа талцах байх. Эв нэгдэл гэдэг утгыг хадгалж хандаасай гэж эрхэм гишүүдээс хүсэж байна гэв.
Үндэсний баяр наадмыг нэгэн өдөр хийнэ хэмээн хуулийн төсөлд тусгаад байгаа бөгөөд онцгой байдал зарласан, цар тахал дэгдсэн үед Засгийн газар, Засаг даргын шийдвэрээр өөр өдөр хийхээр томъёолсон аж. Ингэснээр наадам хэсч найраа хийдэг асуудлыг зохицуулна хэмээн үзэж буй юм байна. WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрмийн дагуу Монгол Улс өөрийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийдэг болох ёстой аж.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.