Бусад
Нохойн баас…

Бид нохой бол хүний дотны нөхөр гэдэг. Ийм ч учраас орон сууцанд, гэр хороололд амьдарч буй иргэд сүүлийн үед олон янз үүлдрийн нохой тэжээх болсон. Тэгээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Төв цэнгэлдэх хүрээлэн зэрэг иргэдийн нарлан суудаг газар, хүүхдийн тоглоомын талбайгаар салхилуулж шээлгээд, баалгаад явах нь ердийн үзэгдэл болон хувирчээ. Хамгийн аюултай нь түүнийг нь тэр даруйд нь аваад хийх гялгар уут, савгүй явна. Тэндээ шингээд үлдэнэ биз гэсэн бодлоор хээв нэг хаячхаад алхдаг нь харамсалтай. Түүнийг нь цэвэрлэх шаардлага тавьсан нэгнийг хэл амаар доромжлох бүр энүүхэнд. Бүр барьж аваад зодчихож ч магадгүй байсан тухай бичвэр, бичлэг, зураг хөрөг нь цахим орчинд цахилж яваа нь элбэгшжээ. Нохойнхоо өтгөн, шингэнийг цувуулж орхиод шаардлага тавьсан нэгнийг аашилж загнаад явдаг нөхдүүд ч өөрсдөө тэр орчинд амьдарч нэг л агаараар амьсгалж буй гэдгээ ямагт санах хэрэгтэй. Харин бидний шүтэн бишрээд, шагшин магтаад байдаг орнуудад нохой салхилуулах тусгай газартай, ялгадсыг нь авах зориулалтын багаж, хийх сав, ууттай явдаг. Тэр ч бүү хэл амьтан тэжээсний татвар авдаг орон ч бий. Гэтэл манайд хүүхэд тоглох, нялх үрсээ цэвэр агаарт гаргах, иргэд нарлах, залуус болзох газарт нохой хөтөлсөн нөхдүүд өтгөн, шингэнийг нь савируулаад түүнийг нь цэвэрлэхгүй, тоохгүй байгаа нь гутамшигтай бас аюултай. Монголчууд доромж маягаар аливаа юмыг дорд үзэхдээ “Аа муу нохойн баас” хэмээдэг.
Тэгвэл шинжлэх ухаанд нохойн баас нь байгаль орчинд аюултай гэж үздэг. Энэ нь түүний найрлагтай холбоотой.
Нохойн баас нь нүүрс ус, эслэг, уураг, өөх тос зэрэг шингээгүй хоол хүнснээс бүрдэнэ. Мөн хоол боловсруулахад шаардлагатай олон төрлийн бактери агуулж байдаг аж.
Эдгээр бактери нь таталт, суулгалт, гэдэс, бөөрний өвчин, тэр ч байтугай бохирдсон ус залгисан хүмүүсийг үхэлд хүргэх аюултай. Судалгаагаар нохойн хог хаягдал нь паразит, дэгээ хорхой, туузан хорхой, дугуй өт, кампилобактериоз, сальмонелла зэрэг нянгийн өвчин тарааж болохыг баталсан байна. Нохойн баасанд байдаг дээрх шимэгчдийн өндөг олон жилийн турш хөрсөнд амьдрах чадвартай бөгөөд халдвар тархаах эрсдэл дагуулсаар байдаг аж. Ийм учраас нохойн баасыг тэр даруйд нь цэвэрлэж зориулалтын хогийн саванд хийдэг. Энэ нь нохой тэжээдэг хүн бүрийн үүрэг. Тэгэхээр монголчууд хэл яриандаа доромж байдлаар хэрэглэж ирсэн нь ч үүнтэй холбоотой байж мэдэх юм.
Өнөөдөр хот, суурин газрын гэр хорооллын хашаа бүхэнд нохой бий. Бас эзэнгүй тэнэмэл нь ч олон. Ажилсаг гэрийн эзэн, хороо хорины дарга даамлууд нохойн баас, хог хаягдлаа тэр даруйд нь цэвэрлээд явдаг. Ийм хариуцлагатай хүн тун цөөхөн нь тоогүй. Гэр хорооллоор явахад хашааны булан тохойд хатаж өгөршсөн нохойн баас буюу жогорхой бөөгнөрсөн харагдах нь элбэг. Ялангуяа урин дулаан цагт нохойн баасанд агуулагдах бактери идэвхжиж, агаар, ус, хөрсний бохирдлоор дамжаад бидний биед шингэж буй гэхэд хилсдэхгүй л болов уу. Бидний дунд шимэгчээс үүдэлтэй өвчин туссан нь олон байдаг. Үүний нэг гол эзэн холбогдогч нь өнөө гайхал нохойн баас байхыг үгүйсгэх араггүй. Хамгийн гол нь манай улсад иргэд, ялангуяа нохойтой ойр, наадаж тоглодог хүүхэд, иргэд түүнээс халдварт өвчин туссан эсэх талаар тандалт хийсэн эрүүл мэндийн тоймтой судалгаа алга. Тэгэхээр эрүүл мэндийн судалгааны төв, хүрээлэнгүүд ч үүнд нэг анхаарал хандуулаад үзэхэд илүүдэхгүй буй заа. Бас нохой тэжээдэг иргэд ч хариуцлагатай байх үүрэгтэй. Та, таны үр хүүхэд, ойр дотны хүмүүс ч бас нохойн баастай орчинд амьдарч, тоглож наадаж, тэр агаараар амьсгалж яваа шүү дээ.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм7 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм6 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм7 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм7 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Улс төр7 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм7 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав